Б.Ганболд: НҮБ-д зөвлөлдөх статусыг авсан нь миний биш, хамт олны минь гавьяа

 In Шинэ мэдээ

Бусдын төлөө явахад өөрт эргээд заавал сайхан зүйл болдог гэдгийг би амьдралаараа баталж чадна  

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр тасралтгүй 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа, Монголдоо хамгийн анхдагч бөгөөд цор ганц НҮБ-д нийгэм, эдийн засгийн зөвлөлдөх статустай ТББ болох Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн сайн туршлага, монгол улсад нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг сайжруулахад оруулсан хувь нэмрийг олонд таниулах зорилгоор “Гэгээн үйлсийн эзэд” цуврал ярилцлагыг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Бид энэ удаад МГБССН-ийн ерөнхийлөгч асан Б.Ганболдтой ярилцлаа. Тэрээр салбарын жирийн гишүүнээс эхлээд нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр хоёр ч удаа улиран сонгогдож, сайн дураараа хүмүүнлэгийн гэгээн үйлсийн төлөө амьдралаа зориулж буй энгүй нэгэн билээ.

Товч намтар:

Багш, физик эмчилгээний арга зүйч мэргэжилтэй

  • 1985-1998 он Спорт хорооны зохион байгуулагч
  • 1998 оноос одоог хүртэл Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны дарга
  • 2009 онд МГБССН-ийн Дорнод салбарын гишүүн
  • 2010-2013 онд МГБССН-ийн дэд ерөнхийлөгч
  • 2013-2017 онд МГБССН-ийн Ерөнхийлөгч
  • 2017 оноос Дорнод аймгийн салбарын тэргүүн

-Та хүмүүнлэгийн үйлсэд бусдын сайн сайхны төлөө 30 гаруй жил өөрийнхөө амьдралыг зориулжээ. Яагаад ийм ажил хийх болсон бэ гэдгээс яриагаа эхэлье?

Миний өсөж төрсөн гэр бүлийн орчин их нөлөөлсөн гэж болов уу. Ээж маань эмч, аав маань хүний төлөө насаараа ажилласан хүн буянтай сайхан хүмүүс байсан. Тэднийгээ хараад л сурагч байхаас эхлээд хүмүүст туслах, сайн үйлс хийх хүсэл төрсөн. Үүн дээр нэмэгдээд 1998 онд бурхны авралаар хүмүүнлэгийн ажил хийх үүргийг тухайн үеийн орон нутгийн удирдлагуудаас надад өгч, анх Дорнод аймгийнхаа Улаан загалмайн хорооны даргаар ажиллах болсон юм.

Үүний дараахан хувь заяаны эрхээр ч гэдэг юм уу, сайны ерөөлөөр Дорнод аймаг Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтэй холбогдож, нөхөн үржихүйн төсөл авч хэрэгжүүлснээр анх хамтран ажиллах болсон. Би мянга мянган ээжүүдийг өвчин зовлонгүй эрүүл саруул, ялангуяа жирэмсэн эхийг эсэн мэнд амаржиж эрүүл хүүхэд төрүүлэхэд нийгэмлэгийн үүрэг роль их байсан гэж боддог шүү.

Охид бүсгүйчүүдийнхээ төлөө чаддаг, мэддэгээ зориулах алтанболомжийг олгосонд нийгэмлэгийн тухайн үеийн захирал байсан Ч.Сэмжидмаа, нөхөн үржихүйн асуудал хариуцаж байсан, одоогийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг нартаа үргэлж талархаж явдаг.

Манай нийгэмлэгийн хувьд их онцлогтой. Монгол улсынхаа аймаг, сумд, тэр дундаа уул уурхай ихтэй алслагдсан нутгуудад бэлгийн замын халдварт өвчин, ХДХВ/ДОХ, нөхөн үржихүйн асуудлуудыг анхаарлынхаа гадна үлдээлгүй чухалд тооцож,  ирээдүй болсон хүүхдүүд, өсвөр үе залууст зөв мэдлэг мэдээлэл өгч ажилладаг. Би эхэндээ аймагтаа нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж  ажиллаж байгаад дараа нь нийгэмлэгийн хуралд төлөөлөгчөөр оролцдог болж, улмаар тэргүүлэгч, дэд ерөнхийлөгчөөр 3 жил, ерөнхийлөгчөөр 2 удаа улиран сонгогдож ажилласан хүн. Өөрийгөө энэ их буянтай байгууллагатай холбогдож ажилласандаа азтай гэж боддог.

-Дорнод аймгийн хувьд бусад аймгуудаас хөдөлгөөнт хүн ам ихтэй, уул уурхайн бүс нутаг гэдгээрээ онцлогтой. Ийм онцлог нөхцөлд хүн амын дундах бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархалт ямар хувьтай байдаг вэ?

Манай аймаг 85 мянга гаруй хүн амтай. 14 сумтай. Бусад аймгаас ялгагдах онцлог нь улсынхаа зүүн хязгаарт байрлахын зэрэгцээ хоёр, гурван боомттой. Оростой шууд хиллэдэг гэдгээрээ онцлогтой, хөдөлгөөнт хүн ам ихтэй. Хөдөлгөөнт хүн амын ихэнх хувийг залуучууд эзэлдэг. Тийм ч учраас бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархалт харьцангуй өндөр. Хөдөлгөөнт хүн ам ихсэх тусам тохиолдлын бэлгийн хавьталд орох асуудал нэмэгдэж, энэ нь эргээд бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг улам даамжруулах гол шалтгаан болж буй. Энэ нь нэг талаас эдийн засаг, нөгөө талаас шохоорхол, сонирхлын журмаар ороод байна.

Үүнтэй холбоотойгоор нийгэмлэгийн Дорнод аймгийн салбарын хувьд бид хөдөлгөөнт хүн амд чиглэсэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, гарын авлага брошур, ном плакат тараах ажлыг хил, гааль, боомт, аж ахуйн нэгж, эрүүл мэндийн газартайгаа хамтран тогтмол зохион байгуулдаг. Түүнчлэн явуулын үзлэг оношлогоо, тусламж үйлчилгээг хийж байгаа. Мэргэжлийн эмнэлгийн байгууллага бол хүнээ үзэж, оношлоод эмчлээд гаргадаг. Харин бидний хувьд урьдчилан сэргийлэх мэдлэг олгох үүднээс тэдэнд ойр байдлаар үзүүлэн хийж, сургалт сурталчилгааны материалаар дамжуулан хүмүүст их хүрдгээрээ онцлогтой.

– Явуулын тусламж үйлчилгээгээр жилд дунджаар ямар өвчлөл хамгийн өндөр гарч байна вэ. Үзлэгт хэчнээн хүнийг хамруулж чадаж байгаа бол?

Ер нь ихэвчлэн бэлгийн замаар дамжих халдварт өвчнүүдээс элбэг тохиолддог нь гонрой, тэмбүүгийн өвчлөл зонхилдог. Эмэгтэйчүүдийн гаралтай өвчлөл мөн өндөр. Тиймээс бид аль болох сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хамруулж, өвчтөнийхөө нэр хаяг, хувийн мэдээллийг чанд нууцалж, хүнээ эрүүлжүүлэх, эмчлэх ажилд онцгойлон анхаардаг. Үзлэгийнхээ тоонд биш чанарын илүүд үздэг.

Манай салбараас жил бүр бэлгийн болон  нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн чиглэлээр хүүхэд, залуус, гэр бүлд боловсрол олгох чиглэлээр тодорхой төсөл бичиж, нийгэмлэгээс төсөв авч Өсвөр үеийн төв болон үе тэнгийн сурагч, сургагч багш нараар дамжуулан хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, нөлөөллийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. Бид бас зүгээр суулгүй хөрш зэргэлдээ орнуудаасаа бэлгэвч, тоног төхөөрөмж авах зэргээр хичээж л явна. Ямар нэгэн байдлаар улсаас төсөв мөнгө авдаггүй, бор зүрхээрээ л ажилласаар ирсэн.

Дээрээс нь гэр орноосоо хол амьдарч байгаа ажилчдад мэдээлэл хүргэх, үүднээс сургалт, өдөрлөг зохион байгуулдаг. Харамсалтай нь өвчин олсон хойноо хандах нь их. Угтаа бол эрсдэл гаргахаас өмнө хандаж, мэдээлэл зөвлөгөө авах хэрэгтэй байгаа юм. Үүнд бас нэг санаа зовоосон асуудал нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд бэлгийн замаар дамжих халдварт өвчлөл их байгаа явдал юм.

-Өсвөр үеийнхний дунд бэлгийн замаар дамжих халдвар өндөр байгаа гэлээ. Үүний эсрэг ямар арга хэмжээ авах нь зүйтэй юм бэ. Халдвар өндөр байгаагийн шалтгаан нь юу вэ?

Манай эцэг, эхчүүд шилжилтийн насны хүүхэдтэйгээ нээлттэй харилцдаггүй байдал нь эргээд үр хүүхдээ эрсдэлд ороход хүргэж байна. Зүй нь бол нээлттэй харилцаж, тухайлбал хүүдээ шилжилтийн нас, нойтон зүүдний тухай, охиддоо сарын тэмдгийн талаар хэлж өгөх ёстой юм. Өсвөр үеийн төвөөр дамжуулан хүүхдүүдтэй ажиллаад явахад нэг анзаарагдсан зүйл нь тухайн хүүхдийн гэр бүлийн орчин маш чухал гэдэг нь алхам тутам мэдрэгддэг. Хагас ба бүтэн өнчин, аав, ээж нь салсан, эсвэл эцэг эхийн хэн нэг нь архины хамааралтай болчихсон айлын хүүхдүүдтэй ажиллахад нэлээд асуудалтай байдаг. Зөвлөгөө, мэдээллийг хүлээж авах ойлголт нь хүртэл өөр онцлогтой. Их л тулж ажиллах шаардлага гардаг даа.

-Та нийгэмлэгийн салбарын зохицуулагчаас ерөнхийлөгч хүртэл ажиллаж үзсэн. Ажиллах хугацаандаа хэрэгжүүлж байсан томоохон төсөл хөтөлбөрөөсөө яривал?

Энэ хугацаанд нийгэмлэгийнхээ гадаад харилцааг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нийгэмлэгээ олон нийтэд сурталчлах, ойлгуулах талаас нь нэлээдгүй ажлыг хийсэн гэж боддог. Намайг ажиллах хугацаанд нийгэмлэгийн маань 20 жилийн ой болж, бид анх удаагаа нийгэмлэгийн хүндэт тэмдэг, тэргүүний ажилтан цол тэмдгийг бүтээсэн. Байгууллагын маань нэр хүнд  дотоод болон гадаадад өсөж, олон талын хамтын ажиллагаа өргөжин тэлсэн. Өнөөдөр ч гэсэн байгууллага маань өдрөөс өдөрт өргөжиж, өөрийн гэсэн байртай болж сайхан ажиллаж байна шүү дээ.

Ямартай ч энэ сайхан олон жилийн түүхтэй байгууллагын өмнөх удирдлагуудынхаа хийсэн ажлыг унагаахгүй сайхан авч явахыг юун түрүүнд эрмэлзсэн. Чадлынхаа хэрээр илүү ахиулж ажиллахыг хичээсэн. Манай гүйцэтгэх захирал болон ажилчид маань өндөр боловсролтой, мундаг чадалтай залуучууд учир удирдаж ажиллахад бүх ажил урагштай сайхан бүтдэг байсан. Энэ ч утгаараа манай хамт олон Монголын төрийн бус байгууллагуудын сор нь болж 2015 онд НҮБ-ын зөвлөлдөх статусыг авч төрийн бус байгууллагынхаа статус, чадал чансааг нэг шат ахиулж билээ. Тэр агшныг би одоо ч мартдаггүй. Сэтгэлд тод үлдсэн.

Миний бие хүн болж төрснийхөө буянд алтан аяганаас ус ууна гэгчээр АНУ-ын Нью-Йорк хотод хөл тавьж тэр том Нэгдсэн үндэсний байгууллагын хурлын их танхимд очиж, иргэний нийгмийн байгууллагад зөвлөлдөх батламжаа гардан авсан баяртай үйл явдал болсон. Энэ нь манай байгууллагын чадлыг харуулахын зэрэгцээ, хамт олны минь, мянга мянган гишүүд дэмжигчдийн минь хүн ардынхаа төлөө, бусдын сайн сайхны төлөө гэсэн гэгээн сайхан үйлсийн эздийн минь хичээл зүтгэл байсан юм шүү.

Мөн 2016-2022 онд хэрэгжүүлэх шинэ стратеги төлөвлөгөөг ажилтнууд, гишүүд, дэмжигчид, оролцогч талуудынхаа оролцоотойгоор 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтууд, Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны 2022 он хүртэлх стратеги зорилтуудтай уялдуулан боловсруулсан нь онцлох ажлууд байсан. Мөн шинээр 15 дахь салбараа Баян-Өлгий аймагт, өсвөр үе, залуучуудад зориулсан 9 дэх төвөө Сүхбаатар аймагт тус тус нээсэн юм. Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яамтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, БНХАУ-ын Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгтэй 5 жилийн түншлэх гэрээ байгуулж өргөжүүлсэн зэрэг олон олон амжилтуудыг дурдах нь зүйтэй.

-Энэ статусыг авсан төрийн бус байгууллага Монголд хэд байдаг вэ. Ямар ач холбогдолтой батламж вэ?

Манлайлагч, зөвлөх эрхтэй болсон гэсэн үг. Аливаа ажил төсөл дээр бид дэлхийд зөвлөх статустай болсон үг. НҮБ-ын дэргэдэх иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд зөвлөж, санал хэлнэ гэдэг бол маш том боломж. Манай нийгэмлэгт дандаа оюуны чадавх өндөртэй, хэл устай, боловсролтой залуу хүмүүс ажилладаг. Ийм ч учраас өнөөдрийг хүртэл сайхан ажиллаж байгаа юм. Энэ тухай ярихад хамгийн хүндтэй нэгэн эрхмийг энэхүү ярилцлагад дурдах нь зүйтэй. Нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, анхны ерөнхийлөгч Ж.Раднаабазар маань үнэхээр талархмаар, бахархмаар хүний нэг яахын аргагүй мөн. Монголын төрийн зүгээс хардаг бол шагнал өгмөөр хүн дээ. Монголчуудын алс ирээдүй болсон өсвөр үе, хүүхэд залуус, охид эмэгтэйчүүдийнхээ нөхөн үржихүйн эрүүл мэндэд аль 1994 оноос анхаарч ажилласан манай үеийн шилдэг сэхээтний нэг юм шүү.

Хатуухан хэлэхэд төр харалган байна. Би ч бас төрийн бус байгууллагад ажилладаг хүний хувьд нэг зүйлийг хэлмээр санагддаг. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад итгэл хүлээлгэж хийлгэх ёстой юм. Учир нь тэнд л асар өндөр чадавхтай, сэтгэлтэй хүмүүс ажиллаж, баталгаатай, нийгэмд хүрсэн, иргэддээ хүрч ажилладаг. Гэтэл төрийн байгууллагын зарим үйл ажиллагаа дандаа ханцуйн дотор явдаг. Эсрэгээрээ төрийн бус байгууллагын үйл ажиллагаа дандаа ил явдаг учраас иргэдийн таашаалд их нийцдэг.

Бидний дээр ярилцсан хөдөлгөөнт хүн амтай холбоотойгоор БЗДХ-ыг бууруулахад та бүхний ажил тасралтгүй үргэлжлэх нь дамжиггүй. Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Одоо миний хувьд Дорнод аймгийнхаа нийгэмлэгийн салбарын тэргүүнээр ажилладаг. Салбараа сайхан авч яваад, гадаад харилцааг нь өргөжүүлээд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд өргөжүүлье, хөрөнгө арвижуулах чиглэлээр нэлээн ажил зохиохоор төлөвлөж байна. Дорнодын салбарынхаа материаллаг баазыг бэхжүүлэх, сургагч багш нарынхаа чадварыг сайжруулах, хөрвөх чадвартай болгох ажлыг үе шаттайгаар хийж байгаа.

Дорнод аймгийн салбарыг бусад 14 салбарынхаа тэргүүн эгнээнд хүргэж ажиллахыг эрмэлзэж зорьдог. Үргэлж өөдрөгөөр, гэрэлтэй гэгээтэй хардаг. Хүмүүсийнхээ чадавхийг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, орон нутагт МГБССН-ийн үйл ажиллагааг таниулах нь миний эн тэргүүний зорилго. 2019 оны сүүл, 2020 оны эхээр аймгийн засаг дарга, түүний тамгын газартай гэрээ байгуулж ажиллана. Төр МГБССН-ийг дэмжиж ажиллах ёстой. Тэгж байж аймаг дахь бэлгийн замаар дамжих халдварт өвчин, өвчлөл, хүсээгүй жирэмслэлт буурна. Ийм ажлыг удирдлагаас эхлээд нөлөөлнө гэж төлөвлөж байна. Цаашдаа аймгаас санхүүжилт авч ажиллана. Төрийн зарим чиг үүргийг МГБССН гүйцэтгэнэ. Жишээ нь сургалт, үзлэг, төсөл байвал манайхаар гүйцэтгүүлэхэд ямар ч асуудалгүй.

-Бусдын төлөө цаг зав сэтгэл гарган өдий 30 гаруй жил ажиллажээ. Эргээд харахад энэ сайхан хүмүүнлэгийн ажлын үр дүн таны амьдралд хэрхэн мэдрэгддэг бол?

Мэдээж мэдэгдэлгүй яах вэ. Амьдрал бүтэлтэй, гэр оронд хэрүүл шуугиангүй, хүүхэд өвдөж хавдахгүй. Үр хүүхдүүд сайн сайхан явах, худлаа, хулгай, архины асуудлаас хол байгаа минь энэ сайхан ажлын буян. Бидний хийж буй ажил бусдын ерөөлийн сайхан үгээр дандаа цэцэглэж, өөдрөг явдаг. Бусдын төлөө явахад өөрт эргээд заавал сайхан зүйл болно. Би бүр өөрийн амьдралд тохиолдсон хоёр ч жишээгээр баталж чадна. Ерөнхийлөгчөөр ажиллах байх үед бид Индонез, Филиппинд томилолтоор явж байсан юм. Гэтэл тал бие минь саажилт өгөөд насылктай Монгол руугаа ирэхэд нэгдүгээр эмнэлэгт шууд хэвтүүлээд яаралтай нурууны хагалгаанд ор гэлээ. Би орохгүй л гэсэн. Ингээд Хятадын Хайлаарт 10 хоноод босч ирээд шууд АНУ-руу хуралд суга таягтайгаа явж байлаа. Тэнд очоод хоёр хоноод л таягаа хаясан. Энэ нь миний бусдын төлөө ажиллаж ирсний ач буян гэж боддог.

Хоёрдох жишээ нь би улаанхоолойны хавдартай болчхов оо. Намайг хавдрын эмнэлэгт хэвтүүлээд хагалгаа хийнэ л гэсэн. Би үгүй гээд сар тан уугаад, хоёр тариа хийлгэсэн, тэгээд л хавдаргүй болсон. Хүний төлөө явж байсан учраас ёстой нэг бурхан гэж байдаг бол хараад аварсан байх даа. Бусдын төлөө өөрөөсөө нэг хором гаргаж чадна гэдэг гайхалтай. Хүнийг өмссөн зүүснээр нь биш, нүүр царайгаар биш, дотоод сэтгэл, хүний ёс, мөн чанараар нь хүндэлнэ гэдэг амьдралын маш том боловсрол.

-Баярлалаа, танд ч бас цаашдын амьдралд нь тань аз жаргал, гэгээлэг сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ярилцсан: Х.Өнөрсайхан

Өмнөх ярилцлагуудыг http://mfwa.mn/%d0%bc-%d0%b1%d0%b0%d1%82%d0%b7%d0%be%d1%80%d0%b8%d0%b3-%d0%b1%d1%83%d1%8f%d0%bd%d1%8b-%d1%86%d0%b0%d0%b3%d0%b0%d0%b0%d0%bd-%d0%bc%d3%a9%d1%80%d1%82%d1%8d%d0%b9-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%b3%d1%83%d1%83/

Ж.РАДНААБАЗАР: МОНГОЛДОО ХАМГИЙН АНХДАГЧ, ЖИШИГ БОЛСОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ГЭДГЭЭР ҮНЭХЭЭР ИХ БАХАРХДАГ

Ч.Сэмжидмаа: Чи өөрөө ХДХВ/ДОХ-ын халдваргүй байж тэр хүний асуудлыг хэзээ ч ойлгохгүй гэсэн алтан зарчимтай

Б.ДАНГААСҮРЭН: Хөдөлмөрийн гавьяаны одонгоос илүү их баярлуулсан зүйл нь миний шавийн гэр бүл байсан

Д.ОЮУМАА: ӨСВӨР ҮЕ, ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ ЗӨВ ТӨЛӨВШИЛД ХҮРГЭХ НЬ ХАМГИЙН САЙХАН

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search