Б.Ундармаа: Хүмүүс тэмбүүтэйгээ мэдчихээд ханиад хүрсэн дайны бодоод тоохгүй өнгөрдөг нь харамсалтай

 In Шинэ мэдээ

БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЧИГЛЭЛЭЭР ТАСРАЛТГҮЙ 25 ЖИЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА, МОНГОЛДОО ХАМГИЙН АНХНЫ НҮБ-Д НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЗӨВЛӨЛДӨХ СТАТУСТАЙ ТББ БОЛОХ МОНГОЛЫН ГЭР БҮЛИЙН САЙН САЙХНЫ НИЙГЭМЛЭГИЙН САЙН ТУРШЛАГА, МОНГОЛ УЛСАД НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД ОРУУЛСАН ХУВЬ НЭМРИЙГ ОЛОНД ТАНИУЛАХ ЗОРИЛГООР “ГЭГЭЭН ҮЙЛСИЙН ЭЗЭД” ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГЫГ ТА БҮХЭНДЭЭ ХҮРГЭЖ БАЙГАА БИЛЭЭ. БИД ЭНЭ УДААД МГБССН-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМГИЙН САЛБАРЫН ДАРГА АСАН, ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ Б.УНДАРМААТАЙ ЯРИЛЦЛАА.

  • 1986 онд Анагаах ухааны дээд сургууль, дотрын эмч
  • 1987 он Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолой, дотрын эмч
  • 1987-2019 он Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч
  • 2001-2015 он МГБССН-ийн Дарханы салбарын дарга
  • 2003 оноос МГБССН-ийн Дархан салбарын Гүйцэтгэх хорооны гишүүн, санхүүч

-Хэзээнээс нийгэмлэгтэй холбогдож ажиллах болсон бэ?

Анх 1998 онд спортын тэмцээний үеэр Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн тухай мэддэг болж, дараа нь Дарханы салбар байгуулагдахад гишүүнээр элсч орсон юм.

Нийгэмлэгийн Дархан дахь салбарыг үүсгэн байгуулагч н.Нүрдэв гээд эмч маань анх байгуулах санаачилгыг гаргаж байлаа. Миний хувьд эмч хийгээд зогсохгүй олон нийтийн ажилд сайн дураараа оролцох нь маш их таалагдсан. Эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр ажиллаж байсан надад нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн чиглэлээр хамтатган хөгжих их боломж олгосон нийгэмлэгтээ үргэлж талархаж явдаг даа. Ер нь сайн дурын ажилд оролцоно гэдэг нь өөрийгөө олон талаар хөгжүүлэхийн зэрэгцээ хүмүүст тустай сайхан ажил, буян хийх боломжийг олгодог.

Энэ ажлыг эхлүүлж байхад хүмүүсийн дундах нөхөн үржихүйн мэдлэг, гэр бүл төлөвлөлт, жирэмслэхээс хэрхэн хамгаалах вэ гээд л мэдээлэл маш хомс байсан. Би эмэгтэйчүүдийн эмч учраас нөхөн үржихүйн хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд маш их баяртай хүлээж авсан. Нийгэмлэгийн салбар аймаг байснаараа хүн амд ялангуяа залуучуудад гэр бүл төлөвлөлтийн зөв мэдлэг мэдээлэл, ухуулга, сурталчилгааны хүртээмж маш их сайн байсан гэж дүгнэдэг. Төслийн хүрээнд бид УБ-Дарханы чиглэлийн вагон дотор явж хүмүүст мэдээлэл сурталчилгаа хүртэл хийдэг байлаа шүү дээ.

Дарханы хувьд бусад аймгуудыг бодвол хотын хэмжээнд авч үздэг талтай. Хүн амын дунд бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархалт ямар түвшинд байдаг вэ?

Улаанбаатар хоттой төстэй мөртлөө, 100 мянган хүн амтай аймаг гэж явдаг. Тэгсэн мөртлөө аймгуудыг бодвол төвлөрөл ихтэй, хүн ам ихтэй гэдгээрээ онцлог. Энэхүү онцлог нь нэг бодлын сургалт, сурталчилгааг хийхэд хүн амыг татан оролцуулахад амар хялбар болгож багйаа ч нөгөө талдаа нийт хүн амдаа хүрэхэд бас хүндрэлтэй байдаг.

Манайх хөдөлгөөнт хүн ам ихтэй. Тухайлбал, Шарын гол, Хонгор сум зэрэг уул уурхайтай аймгуудад гар аргаар алт олборлогчид, биеэ үнэлэгчид ихтэй учир бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархалт өндөртэй. Мөн хүн ам төвлөрсөн, шилжилт хөдөлгөөн их байдагтай ч холбоотой. Нөгөө талаар эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээнд оношлогоо, илрүүлэлт сайн хийж байгаа учраас тархалт өндөр гардаг байх магадлалтай.

Хүмүүс тэмбүүтэй гэдгээ мэдчихээд бараг ханиад хүрсэн дайны бодоод тоохгүй өнгөрдөг нь харамсалтай. Гэтэл зарим нь ДОХ өвчин туссан юм шиг бодож, айж эмээдэг. Тэгэхээр хүмүүсийн мэдлэг дутагдалтай байгааг харуулж байгаа юм. Уг нь манай аймаг 7 хоног бүр ТВ-ийн “Эмчийн зөвлөгөө” гээд нэвтрүүлгээр шууд ярилцлага хийж, эмчийн зөвлөгөөг тасралтгүй өгдөг.

-Нийгэмлэгийн салбарын хувьд явуулын тусламж үйлчилгээг жил бүр явуулж байгаа. Үр дүнг нь юу гэж харж байгаа вэ?

2005 оноос явуулын тусламж үйлчилгээг нийгэмлэгээс санхүүжүүлээд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газартайгаа хамтраад явуулдаг болсон. Жилдээ дунджаар 3000-4000 хүн амд эх барих эмэгтэйчүүдийн үзлэг, бэлгийн замаар дамжих халдварын оношлогоо, эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг, дотрын эмчийн үзлэг, сайн дурын зөвлөгөө шинжилгээ болон хүүхэд, шүдний эмчийн үзлэгүүдийг тус тус хийсээр ирсэн. Үүний зэрэгцээ сургалт сурталчилгааг байнга давхар хийж, хүмүүст үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.

Ер нь өөрийн хувийн дүгнэлтээс үзэхэд хүмүүсийн дундах нөхөн үржихүйн мэдлэг сайжирсан ч хандлага нь төлөвшөөгүй дутагдалтай байгаа нь ажиглагддаг. Нөгөө талдаа өөрийнхөө эрүүл мэндийн асуудалд хариуцлагатай байж, эрүүл мэнд “үнэ төлбөргүй” гэсэн сэтгэлгээнээс салах цаг нь болсон гэж боддог. Эмчид найдаад өвчлөөд хүрээд ирдэг, гэтэл өмнө нь өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд би юуг анхаарах ёстой вэ, яагаад охид, хөвгүүдээ багаас нь бэлэг эрхтнийг нь угааж сургах ёстой юм, зөв дадалд яаж сургах вэ гэдэг талаас нь анхаармаар санагддаг. Зөв дадалд жижиг гэлтгүй багаас нь сургах хэрэгтэй.

Дарханы хувьд залуу хүн ам ихтэй. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургуулийн салбар сургуулиуд ихтэй аймаг. Тиймээс нөхөн үржихүйн эмдлэг, мэдээллийг залуучуудад хүргэх хэрэгцээ шаардлага их. Бид цаг үргэлж залуучууд руу чиглэж ажилласаар ирсэн. Сургуулиудтай хамтарч үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэх, МСҮТ-ийн дотуур байранд сургалт зохион байгуулах гээд л манай салбар чамгүй их ажилтай.

Үнэндээ л сургалт хийгээд явахад дараа нь хүүхдүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг хавьгүй сайжирчихсан байдаг.

-Та нийгэмлэгийн Дарханы салбарын даргаас гадна Удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байсан хүний хувьд цаашид нийгэмлэгийнхээ үйл ажиллагааг хэрхэн яваасай гэж боддог вэ?  

Би нийгэмлэгээрээ маш их бахархдаг. Сайн дурын үйл ажиллагаа явуулдаг, бие даасан төрийн бус байгууллага мөртлөө энэ олон ааймагт хүрч ажиллаж, сайн дурынхныг бүх үйл ажиллагаандаа татан оролцуулж, өдий 20 гаруй жил тогтвортой ажиллаж байгааг магтаад баршгүй. Энд ажиллаж байгаа бүх хүний хөдөлмөр гэж боддог.

Хэдийгээр бид нар сайн дурын ажилтан гэж явдаг ч цаанаа бүгд тодорхой хэмжээний давхар ажил хийж байгаа. Харин нийгэмлэгийн бүх ажлыг зохицуулж, арын албыг залгуулж байдаг ажлын албаныхандаа тусгайлан баяр хүргэх нь зүйтэй. Тэд маань маш их ачаалалтай ажилладаг.

Миний хувьд нийгэмлэгийн стратегийг 2000 оны эхээр боловсруулах ажилд гар бие оролцож явсандаа талархдаг. Тухайн үед би Удирдах зөвлөлийн нарийн бичиг хийж байсан.  Жишээлбэл МГБССН нь үйлчлүүлэгчдэд үр хөндөлтийн тусламжийг чанартай, хүртээмжтэй хүргэж, үр хөндөлтийн хүндрэлийг бууруулна гэсэн зорилт дэвшүүлж байлаа.

Нийгэмлэгийн зүгээс нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд баримтлах бодлогыг 2005 онд боловсруулж байсан.

Анхны олон улсын магадлан итгэмжлэлд ТББ-аас оруулахад хувь нэмэр оруулж байсандаа маш их баярладаг. Энэ бол маш их нэр хүндтэй. Олон жилийн бэлтгэл ажил шаарддаг ажил байсан. Энэ жил гурав дахь олон улсын магадлангаа амжилттай авсан нийгэмлэгийн ажлын албаны хамт олон, Удирдах зөвлөлийн гишүүддээ баяр хүргэж, амжилт хүсье. Би энэ мундаг түүхтэй байгууллагатай холбогдож ажилласандаа маш их баяртай байдаг.

-Ярилцсанд баярлалаа. 

 

 

 

 

 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search