Дарси Майер: Сүүлийн үед Америкад нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал анхаарал татах болсон

 In Шинэ мэдээ

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг ТББ-д Энхтайвны корпусын сайн дурын ажилтан Дарси Майэр ирж, ажилчдад англи хэлний сургалтыг орсоор хоёр сар болжээ. Тэрээр даваа гараг бүрийн өглөө мэндэлсээр, инээмсэглэсээр, өнгөрсөн долоо хоногт өөрт нь юу тохиолдсон тухайгаа ярьсаар орж ирэх нь сэтгэлд дулаахан. Ингээд түүнтэй хэсэгхэн хором ярилцаж, Америкийн гэр бүл төлөвлөлт, тусламж үйлчилгээ, Монголын тухай гээд олон асуудлаар ярилцахыг хичээснээ хүргэе.

-Юун түрүүн та бидэнд өөрийгөө товчхон танилцуулна уу /Нэр, мэргэжил, ажил г.м/. Та хаанаас ирсэн бэ? Яагаад Монгол улсад сайн дурын ажил хийхийг сонгосон бэ?

Намайг Дарси Майер гэдэг. Би Америкийн Пенсилваниа мужийн Геттисбург хэмээх жижигхэн хотоос ирсэн. Миний хувьд 35 гаруй жил эмнэлгийн байгууллагад нийгмийн ажилтнаар ажиллахдаа ихэнхдээ өндөр настай өвчтөнгүүд болон тэдний ар гэрийнхэнтэй ажилладаг байсан. Ер нь залуугаасаа л Энхтайвны корпусын сайн дурын ажилтан болохыг хүсдэг байсан. Тэгээд надад Монголд англи хэлний багшаар ажиллах сайн дурын ажлын санал ирэхэд маш их баярласан. Энэ сайхан үзэсгэлэнтэй, гайхалтай орны талаар бараг юу ч мэдэхгүй байсан хэдий ч би шууд л зөвшөөрчихсөн.

-Монгол орон, хүмүүс, тэдний амьдралын хэв маягийн талаар танд ямар сэтгэгдэл төрж байна бэ?

Монгол дахь өдөр бүр минь миний хувьд нэгэн шинэ адал явдлаар дүүрэн. Монголчууд маань их найрсаг, нөхөрсөг, их тусч хүмүүс. Энхтайвны корпустой хамтарч ажиллахыг хүсдэг, англи хэл сурахыг чин сэтгэлээсээ хүсдэг хүмүүсийн дунд байгаа минь үнэхээр сайхан санагддаг. Ялангуяа Монголын баялаг, түүх соёл нь миний сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөдөг. Харин Улаанбаатар хотын хувьд надад Америкийн том хотуудтай адилхан завгүй, маш их боломжоор дүүрэн, бум бужигнаж, түм түжигнэсэн хот шиг санагддаг. Хурдхан шиг л хөдөөгүүр аялж, нүүдэлчин, уламжлалт амьдралын хэв маягийг өөрийн нүдээр үзэхийг тэсэн ядан хүлээж байна.

-Сайн дурын ажлын юу нь танд чухал вэ?

Би угаасаа сайн дурын ажилд сонирхолтой байсан. Хүн бүр оршин буй дэлхийгээ илүү сайхан болгохын тулд чадах бүхнээ хийх үүрэгтэй юм шиг санагддаг. Энхтайвны корпус нь 50 гаруй жилийн турш дэлхий даяар боловсрол, тусламж үзүүлж ирсэн бөгөөд миний хувьд энэ дэлхийд бага ч гэсэн өөрчлөлт хийх сайхан арга зам гэж ойлгодог.

-Монголд ямар сайн дурын ажил хийж байгаа вэ? Та тэнд юу хийдэг талаараа бидэнтэй хуваалцана уу?

Миний хувьд сайн дурын ажлынхаа ихэнхи хугацааг Улаанбаатарын нэгэн ерөнхий боловсролын сургуульд англи хэлний багшаар ажиллахад зарцуулж байна. Тус сургуулийн гадаад хэлний тэнхимд англи хэлний багш нартай хамтарч багшлах болон багш нарын англи хэлний чадварыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг. Энхтайвны корпусын ажлын зорилго бол багш нарт англи хэлний мэдлэг олгоход нь туслах бөгөөд ингэснээр тэд илүү сайн багш болох боломжтой юм. Мөн олон нийтэд зориулсан англи хэлний ярианы хоёр клубт (нэг нь хүүхдэд, нөгөө нь насанд хүрэгчдэд) тусалдаг. Би англи хэлний мэдлэгээ сайжруулж, дадлага хийх хүсэлтэй хүмүүстэй ярилцах дуртай. Долоо хоногт нэг удаа Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн ажилчдад англи хэлний чадварыг нь сайжруулахад тусалж байна. Мөн тус байгууллагын төсөл, хөтөлбөрүүдэд илүү оролцож, өөрийн хувь нэмрээ оруулна гэж найдаж байгаа.

-Та Америкад гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр ажиллаж байсан гэж сонссон. Энэ тухайгаа илүү дэлгэрэнгүй яривал?

Хэдэн жилийн турш би Төв Пенсильванийн Төлөвлөгөөт эцэг эхийн клиникийн захирлаар ажиллаж байсан. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн үйлчилгээ тэр дундаа БЗДХ-ын шинжилгээ, эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлдэг 5 эмнэлгийн менежментийг хариуцан, ажилласан. Энэ бол миний хийж байсан ажлууд дундаас хамгийн хэцүү сорилт ихтэй мөртлөө үр өгөөжтэй ажлын нэг. Америк улсын хувьд эмэгтэйчүүдэд өндөр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэхийн тулд маш өндөр стандарт, олон дүрэм журмыг шаарддаг улс.

-Америкад гэр бүл төлөвлөлт болон жирэмслэхээс хамгаалах аргуудын хэрэглээний тухай ярилцья. Ерөнхийдөө тэнд нөхөн үржихүйн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн ямар асуудал тулгардаг вэ?

Америкийн ихэнхи эмэгтэйчүүд жирэмслэхээс хамгаалах аргыг хэрэглэдэг. 15-19 насны өсвөр насныхны 37% нь жирэмслэхээс хамгаалах аргыг хэрэглэдэг. 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн 75% нь мөн аргуудыг хэрэглэдэг гэсэн тоон үзүүлэлт байдаг. Тэдний хэрэглэдэг жирэмслэхээс хамгаалах аргууд дундаас хамгийн түгээмэл хэлбэр нь байнгын буюу (умайн гуурсан хоолой эсвэл эрэгтэй үрийн хоолой боох аргууд) юм. Үүний дараа жирэмслэлтээс хамгаалах эм, бэлгэвч, ерөндөг ордог.

Сүүлийн үед Америкт нөхөн үржихүйн эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулах болсон. 2022 онд АНУ-ын Дээд шүүх Үндсэн хуулиар эмэгтэйчүүд үр хөндөлтийн үйлчилгээ авах эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан. Зарим мужууд үр хөндөлтийн үйлчилгээг эрс хязгаарлахын тулд хуулиа өөрчилсөн. Манай улсын хувьд үр хөндөлтийн асуудал үргэлж маргаантай байсаар ирсэн. Олонхи хүмүүс үр хөндөлт нь төрөөгүй хүүхдийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэг бөгөөд зөвхөн тодорхой нөхцөлд л зөвшөөрөх ёстой гэж үздэг. Үр хөндөлт хэзээ ч хууль ёсны байх ёсгүй гэж зарим иргэд үздэг. Зарим мужид жирэмсэн эмэгтэйчүүдэд шаардлагатай эмнэлгийн тусламж авах нь маш хэцүү болсон.

-Америкийн залуучууд нь гэр бүлээ хэрхэн төлөвлөдөг вэ?. Хүүхэдтэй болох дундаж нас нь хэд вэ?

Өнөөдөр олон залуу гэр бүлүүд хүүхэдтэй болохоо хойшлуулах сонголтыг хийдэг болсон. Америкад хүүхэд төрүүлж буй дундаж нас нь 30 болчихсон. Ихэнх эмэгтэйчүүд ажил хийдэг бөгөөд залуу байхдаа ажил мэргэжилдээ цаг зав, эрч хүчээ зориулахыг хүсч байна. Олон хосууд хүүхэдтэй болохоосоо өмнө санхүүгийн асуудлаа шийдэхийг хүлээдэг болчихсон. Би гэхэд 38 настай байхдаа анхны хүүхдээ гаргаж байсан /27 жилийн өмнө/, тэр үед намайг хожуу төрөгч ээж гэж байсан ч одоо бол энэ насан дээр төрөх нь жирийн үзэгдэл.

-Америк гэр бүл дунджаар хэдэн хүүхэдтэй вэ? Хэрвээ олон хүүхэдтэй бол төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг үү?

Америк гэр бүлүүд дунджаар 2,5 хүүхэдтэй. Гэхдээ одоо олон гэр бүлүүд ганц эсвэл бүр хүүхэдгүй ч амьдарч байна. Америкийн хүн амын тоо жилээс жилд буурч байгаа. Манай засгийн газраас Монгол Улс шиг олон хүүхэдтэй гэр бүлүүдэд төрөөс ямар нэгэн урамшуулал олгодоггүй.

-Зарим улс оронд залуучууд төрөлтөө хойшлуулж байгаа олон шалтгаан бий. Тухайлбал, боловсрол зардал нэмэгдэхийн хэрээр хүүхэдтэй болохоо хойшлуулж байна гэж ярьдаг. Америкт ч мөн адилхан уу?

Хүмүүс хүүхэдтэй болохоо хойшлуулж, хүүхэд гаргахгүй байгаа олон шалтгаан бий. Тухайлбал, хүүхдийн боловсролын зардал нь нэмэгдэж байгаа болон живх, хувцас, эмнэлгийн үйлчилгээ, хүүхэд асрах (өдөр асрах, хүүхэд асрах) гэх мэт олон зардал гарч байна. Хүүхдийг төрөхөөс эхлээд 17 нас хүртэл өсгөхөд ойролцоогоор 300,000 доллар (1 тэрбум гаруй төгрөг) шаардлагатай гэж үздэг.

Түүнчлэн, өнөөгийн эмэгтэйчүүд илүү боловсролтой, өөрсдийн цаг зав, хүч чадлаа карьертаа зориулах сонирхолтой байдаг тул тэд (мэргэжлийн ажил болон ээж байх гэдэг хоёр байнгын ажил!)-тай байхыг хүсдэггүй. Бусад хүмүүс хүүхэд насаа гашуун зовлонтой өнгөрөөж, хүүхдүүддээ сайн эцэг эх болж чадахгүй гэсэн айдас ч бас нөлөөлдөг байх. Өнөөдөр Америкт хүүхэдтэй болох нь сонголтын асуудал. Санхүүгийн боломжтой бөгөөд хүүхэдтэй болохыг хүсдэг гэр бүлүүд олон хүүхэдтэй болж байна.

-Америкт үр хөндөлтийн асуудлаар олон нийтийн жагсаал цуглаан, эсэргүүцлийн жагсаал болсон тухай бид сонссон. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

Яг одоо Америкт үр хөндөлт ихээхэн анхаарал татаж байна. Олон хүмүүс энэ сэдвээр улстөрчид хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс хамаарч санал өгөхөө шийдэж байна. Зарим хүмүүс үр хөндөлт бол эмнэлгийн тусламж үйлчилгээ бөгөөд улс төрийн асуудал ч байх ёсгүй гэж маргадаг ч Америкт олон асуудал улс төрждөг. Америкийн түүхийн ихэнх хугацаанд үр хөндөлт нь хууль бус бөгөөд аюултай гэж үзсээр ирсэн. Тиймээс энэхүү асуудлыг 50 жилийн өмнөөс л хуульчилсан бөгөөд олон муж улс үүнийг олж авахад маш хэцүү хэвээр байна.

Нэг талдаа үр хөндөлт нь ээдрээтэй сэдэв. Шашны болон ёс суртахууны шалтгаанаар үр хөндөлтийг эсэргүүцдэг хүмүүс байсаар ирсэн бол зарим нь эмэгтэй хүнийг шүүхгүйгээр өөрөө шийдвэр гаргахыг зөвшөөрөх ёстой гэж үздэг. Олон эмэгтэйчүүд янз бүрийн шалтгааны улмаас үр хөндөлт хийх шаардлагатай болдог учраас хүүхэдтэй болох эсэх нь маш хэцүү, ээдрээтэй, хувь хүний ​​​​шийдвэр байдаг бөгөөд үүнийг хууль тэр бүр анхаарч үздэггүй талтай.

Үр хөндөлтийг хуульчлах, үр хөндөлтийн эмийг эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа талаар нийгэмд олон маргаан өрнөж байна. Уг эмийг чөлөөтэй зарснаар үр хөндөлт нэмэгдэнэ гэж үзэх хүмүүс ч байгаа. “Өөртөө үр хөндөлт хийх нь аюулгүй юу? Энэ асуудал Америкт байдаг уу?

Үнэндээ Америкт үр хөндөлт хийлгэх хүсэлтэй эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд буурч байгаа нь эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах үр дүнтэй арга хэрэгсэл авах боломжтой байгаатай холбоотой. Эмийн болон мэс заслын аргаар үр хөндөлт хийх нь эрсдэлтэй тул эмчийн хяналтан дор хийлгэх ёстой.

Америк дахь ихэнх үр хөндөлт нь эмийн үр хөндөлт байдаг. Үр хөндөлтийн эм авахаасаа өмнө эмэгтэй хүн эмчид үзүүлж зөвлөгөө авах ёстой. Эмч үзээд үзлэг шинжилгээг заавал хийнэ. Эмчээсээ заавар зөвлөгөө авч, дараа нь гэртээ эмээ ууна. Дараа нь ямар ч хүндрэл гараагүй гэдэгт итгэлтэй байхын тулд эмчтэйгээ эргэн хянуулж, зөвлөлддөг. Үр хөндөлтийн тусламж үйлчилгээ одоо маш хязгаарлагдмал байгаа учраас олон эмч нар энэ үйлчилгээг онлайнаар үзүүлж байгаа бөгөөд ихэнхи эмэгтэйчүүд эмнэлгээс бус шуудангаар эмээ авч байна. Гэсэн хэдий ч үр хөндөлтийн эмийг зөвхөн жороор авах боломжтой.

-Америкт бэлгийн замаар дамжих халдварын өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх түвшин ямар байдаг вэ? Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх хамгийн найдвартай арга юу вэ? Залуучуудад ерөнхий боловсролын сургуулиас нь мэдлэг олгох ёстой гэж үздэг. Энэ талаархи таны бодол?

Харамсалтай нь Америкт хламиди, заг хүйтэн, тэмбүүгийн өвчлөл нэмэгдэж байна. Урьдчилан сэргийлэх аргууд нь бэлгэвч хэрэглэх, шинжилгээнд хамрагдах, хостойгоо сайн харилцах зэрэг орно.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийг заах арга нь Америкт ихээхэн ялгаатай байдаг. Зарим нийгэмлэгүүд зөвхөн хүүхдүүдэд тэвчихийг сургадаг. Бэлгэвч гэх мэт урьдчилан сэргийлэх энгийн аргуудыг өгөх нь залуучуудыг бэлгийн харьцаанд ороход түлхэц болно гэж зарим хүмүүс үздэг. Бусад нийгэмлэгүүд бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, жирэмслэлтээс хамгаалах талаар нэлээд цогц хөтөлбөрүүдийг заадаг.

-Жирэмслэхээс хамгаалах маш олон төрлийн арга байдаг. Гэхдээ ихэнхи хүмүүс ерөндөг, бэлгэвч, эмийг хэрэглэдэг. Өөр ямар төрлийн аргууд байдаг вэ?

Эм, бэлгэвч, ерөндөг зэрэг нь Америкт жирэмслэхээс хамгаалах түгээмэл аргууд юм. Эмэгтэйчүүдэд умайн гуурсан хоолойг холбох, эрэгтэйчүүдэд үрийн суваг боолгох нь маш түгээмэл байдаг. Зарим эмэгтэйчүүд бэлгийн харилцааны үеэр спермицидыг саатуулах хаалт болон спонжийн аргыг ашигладаг. Бусад эмэгтэйчүүд уламжлалт арга болох сарын тэмдгийн мөчлөг тооцох хуанлийн аргыг ашигладаг.

-Цаг гарган ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Таны сайн дурын их үйлсэд улам их амжилтыг хүсэн ерөөе.

Ярилцсан: Сэтгүүлч Х.Өнөрсайхан

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search