Д.ОЮУМАА: ӨСВӨР ҮЕ, ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ ЗӨВ ТӨЛӨВШИЛД ХҮРГЭХ НЬ ХАМГИЙН САЙХАН

 In Шинэ мэдээ

Сэтгэлээрээ хийсэн ажил цаанаасаа л бүтээд ирдэг

Товч намтар:

1981 онд Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч, бага эмч мэргэжлээр төгссөн.

1981 оноос 2016 он хүртэл Булган аймгийн Сайхан сумын Эмнэлэгт эх баригч эмчээр ажилласан.

1997 он МГБССН-ийн Булган аймгийн Сайхан сумын салбарын гишүүн, сайн дурын идэвхтэн

2007 он МГБССН-ийн Булган аймгийн Сайхан сумын салбарын дарга, зохицуулагч

-Та өөрийнхөө төрөлх сумандаа тасралтгүй 35 жил эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө ажиллажээ. Үүний зэрэгцээ нийгэмлэгийн салбар сумын сайн дурын идэвхтэн, гишүүнээр мөн 35 жил ажиллаж, өсвөр үе залууст зөвлөгөө өгөх ажлыг хийсээр ирсэн байна. Сайн дурын ажлын сайхан нь яг юундаа байдаг гэж та боддог вэ. Энэ талаараа ярихгүй юу?

Би ер нь урьдах, ногдсон ажлаа хийгээд л болчихлоо гэдэггүй зантай. Өөрийн сурч мэдсэн боловсрол, мэргэжилдээ хайртай болоод ч тэр үү эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн чиглэлээр хүмүүст зөвлөгөө өгөх, энэ чиглэлийн сайн дурын ажил хийх сонирхолтой. Ингээд л нийгэмлэгийн Булган аймгийн Сайхан сумын салбарын анхны сайн дурын идэвхтэнээр элсч байлаа.

Манай суманд анх 1993 онд Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ж.Раднаабазар гуай таван хүний бүрэлдэхүүнтэй ирж,  үргүйдлийн талаар судалгаа хийдэг юм байна. Тэр үеэр нь бид танилцаж, нийгэмлэгийн сайн дурын ажлын талаар анх ойлгосон. Ингээд сайн дурын идэвхтнээр таван нөхдийн хамт элсээд, нийгэмлэгийн 1997 оны хуралд суугаад анх Булган аймгийн Сайхан суманд салбар байгуулахаар болж билээ. Тухайн үед даргаар нь төрийн соёрхолт, гавьяат малын эмч Мэдэхгүй гуай ажилласан. Анх 5 гишүүнтэй байсан бол хоёр жилийн дараа гэхэд 130 гишүүнтэй болж, улам өргөжин тэлж ажиллаж байлаа. Ер нь өсвөр үе, хүүхэд залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар боловсрол олгох, ирээдүйдээ гэр бүлээ зөв төлөвлөхөд нь тусалж чиглүүлнэ гэдэг чухал ажил.

Би сайн дурын идэвхтэн болсоноороо нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр өчнөөн олон сайхан сургалтанд сууж, өөрөө ч чадавхижиж, бусад сайн дурынхантайгаа нийлээд аймаг, сум орон нутгийн иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулж, зөвлөгөө өгч, эрүүлжүүлэхийг нь эрүүлжүүлж олон ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажилласан даа.

-Сайн дурын ажил хийхийн давуу тал нь юу байдаг вэ?

Хамгийн гол нь хүмүүсийг эрүүл аж төрөх, өсвөр насны хүүхдийг ирээдүйд зөв төлөвшилд хүргэхийн тулд сайн дурын идэвхтэнээр ажиллаж эхэлсэн. Өвчлөл илрүүлж, эмчилж байсан. Хүн өөрөө ажлынхаа эзэн нь болж, ажлаа бусдад ойлгуулаад, зөвлөөд явна гэдэг хамгийн сайхан.

Сайн дурын ажлын амин сүнс нь хувиа бодох, ямар нэгэн ашиг хонжоо харах бус, цаг ямагт бусдын сайн сайхны төлөө гэж бодож, сэтгэл нь шаналах тэр хүний сайхан сэтгэл дээр тогтдог. Сэтгэлээсээ хийж байгаа бүх зүйл бүтэмжтэй байдаг. Тийм болохоор би сайн дурын идэвхтэнээр олон жил ажиллаж байна даа. Хэдий тэтгэвэртээ гарсан ч гэсэн би энэ ажилдаа дуртай, хайртай. Ажлын маань үр дүн гарсаар байгаад маш их талархалтай явдаг.

-Таныг сайн дурын идэвхтэнээр ажиллаж эхэлснээс хойш зөвлөгөө авч, сургагдаж байсан хүүхдүүд өдийд аав, ээж нар болсон байхдаа?

2000 оны эхэн үеэс манай салбарынхан тавдугаар ангиас дээш ангийн хүүхдүүдийг өсвөр үеийн зөвлөгчөөр бэлтгэж, маш их сургалтанд хамруулсан. Одоо тэр хүүхдүүд маань аль хэдийн 30 нас хүрээд өөрсдөө амьдралын эх далайд гарч, аав, ээж нар болцгоосон. Дажгүй сайн яваа гэдэгт итгэдэг. Багаас сурсан, мэдсэн, сонссон зөв мэдлэг бол заавал ач тусаа үзүүлдэгт би эргэлздэггүй.

Хэдхэн хоногийн өмнө гэхэд манай Сайхан сумын эрүүл мэндийн эрхлэгч, эмч н.Загдсүрэн ярьж байсан. Залуу хүн л дээ. “Та нар биднийг сурагч байхад зөвлөгч багш гээд утас ажиллуулаад, нөхөн үржихүйн маш гоё хичээлүүд заадаг байж билээ. Маш өгөөжтэй сургалт. Би тэрийг хэзээ ч мартдаггүй юм. Тэр үед манай ангийн охидууд сарын тэмдгийн зөвлөгөөг сонсоод их баярласан. Бидэнд асуудал тулгарахад утсаар юм уу, айж ичилгүй очоод зөвлөгөө авах нь маш сайхан байсан” гэж хэлсэн юм. Тухайн үед ч бид өсвөр үеийнхний дунд үерхэл гэж юу болох, гэр бүл төлөвлөлт гэж юу вэ гээд яг өсвөр насныханд хэрэгцээтэй, чухал сэдвээр сонирхолтой арга барилаар сургалтаа явуулдаг байсан. Ингээд эргээд хүмүүст үр дүнгээ өгснийг дуулахад ажлаараа үнэхээр их бахархмаар.

Булган аймгийн Сайхан суманд ямар төслүүд амжилттай хэрэгжиж байв. Ямар үр дүн гарч байсан бэ?

Бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг илрүүлэх, эмчлэх, чиглэрээр нэлээдгүй төсөл хэрэгжсэн. Сум орон нутаг, аймгийн Эрүүл мэндийн газартай хамтарч 2008 оноос одоог хүртэл тасралтгүй хэрэгжүүлж буй нэг төсөл нь алслагдсан сум орон нутгийн эмзэг бүлгийн хүн амд явуулын тусламж үйлчилгээг үзүүлэх явдал юм. Эмнэлэгт очиж чаддаггүй, жирэмслэхээс хамгаалах арга хэрэгслээ мэддэггүй, ичимхий, хүнээс юм асууж чаддаггүй, мэдлэг, мэдээлэл дутмаг иргэд рүү илүүтэй чиглэж ажилладаг. Тус үзлэгээр нүүдлийн явуулын, өртөөчилсөн маягаар сургалт, сурталчилгааг хүргэж, үзлэгийг зохион байгуулдаг нь өндөр үр дүнтэй байдаг. Иргэд амьдарч буй багтаа мэдээллээр хангагдаж, эмчдээ үзүүлээд, эмээ тэр дор нь авна гэдэг нь маш өгөөжтэй ажил байдаг.

Бид зөвхөн явуулын үзлэгээр өвчнийг илрүүлээд орхичих биш тухайн өвчтөнийг эдгэртэл нь эмчилж, нууцыг нь чандлан хадгалж, тухайн хүний хавьтагсдыг илрүүлэх замаар эмчилгээг зохион байгуулдаг. Тэгж уялдаа холбоотой эмчлэхгүй бол илрүүлээд орхих нь чухал биш. Миний хувьд БЗДХ-ыг нэлээн тархацтай гэж боддог. Үзлэгээр ч тэр, эх барих тусламж үйлчилгээ явуулж байхад ч их ажиглагддаг. Тиймээс эрүүл ээж, ааваас эрүүл хүүхэд төрнө гэдгийг маш их ойлгуулахыг хичээж ирсэн. Бид анх энэ талаар ажиллаад яриа хийгээд явахад хүмүүс ичих, нуух асуудал гардаг байсан ч эмч хүн энэрэнгүй сайхан сэтгэлээр хандаж байгаа учраас хүмүүс өөрийн эрхгүй хандаад, асуудлаа яриад эхэлдэг.

Булган аймгийн Сайхан сумын салбарын хувьд тодорхой хэмжээгээр төртэйгээ хамтардаг байсан ч энэ сайхан буянтай нийгэмлэгийн ачаар олон ч хүнийг эрүүлжүүлж, олон ч хүүхдүүдийг сургаж, зөв мэдээлэл өгч байсан даа. Орон нутаг руу хандаж ажилладаг Дэлхийн зөн гэх мэтийн хандивлагч байгууллагууд байдаг байсан ч яг эмэгтэчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр бол манай нийгэмлэг л анх ажилласан. Одоо ч үүнийгээ тасралтгүй хийсээр байна.

-Танай салбарын хувьд явуулын үзлэгт жилдээ хичнээн хүмүүсийг хамруулдаг вэ?

Нэг удаагийн үзлэгийг нөхөн үржихүй, эмэгтэйчүүд, дотор, ЭХО, мазок, сайн дурын зөвлөгөө шинжилгээ /БЗДХ, ХДХВ/ДОХ/ гэсэн таван чиглэлээр авдаг. Явуулын тусламж үйлчилгээнд жилдээ бол давхардсан тоогоор 3000 шахам хүн хамрагдчихдаг. Хэрвээ 2007 оноос хойшхи энэ тоог дунджаар гаргавал 36 000 удаа үзлэг шинжилгээнд хүмүүсийг хамруулсан гэсэн үг. Үзлэг хийсэн тохиолдолд өвчлөл сайн илэрдэг.

Магадгүй монголд өвчлөл илрүүлэлтэнд хамгийн тохиромжтой арга нь явуулын тусламж үйлчилгээ болов уу. Учир нь хүмүүс өөрт нь өвчний хүнд зовиур илрээгүй л бол барагтай бол эмнэлэгт хандаж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх нь ховор?

Тийм шүү. Өвчнөө мэдчихлээ, эрт оношлогдлоо, мэдээллээ авчихлаа, эмээ авчихлаа гээд бүх зүйл нь цогцоороо хангагдаж байгаа учраас явуулын тусламж үйлчилгээ бол цаашид улам хөгжүүлмээр тохиромжтой арга. Монголын нөхцөлд цөөн хүн амтай, том газар нутагт хоорондоо зайтай суурьшдаг тохиолдолд явуулаар хүн ардаа үзээд, үйлчлээд явна гэдэг нь томоохон ач холбогдолтой, эрүүл мэндийн салбарт зайлшгүй байх ёстой ажил юм. Хувь хүний талаас ч тэр бензин тос хэмнэнэ гээд олон ач холбогдолтой байдаг. Дээрээс нь үнэ төлбөргүй үйлчилгээ авна гэдэг бол нэг талаас аз шүү дээ.

-Бусдын сайн сайхны төлөөх үйлсдээ таны өөртөө олж авсан зүйлс юу гэж хэлэх вэ?  

Анх гишүүнээр элсч орсноос хойш миний ажил, амьдралд маш их оюуны хөрөнгө оруулалт орсон гэж боддог. Мөн өөрийгөө хөгжүүлж, олонтой харилцах, нээлттэй болох, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх гээд маш олон сайхан боломжийг олж авсан. Би чинь яг үнэндээ эхэндээ их хаалттай, дуу муутай, ичимхий, бүрэг хүн байсан,

Сайн дурын идэвхтэн хийгээд нийгэмлэгт ажилласнаар хүнтэй харьцах харилцаа, хандлага, ёс зүй, өөрийгөө хөгжүүлэх зэрэг олон талын мэдээллийг авч, өөрчлөгдсөн. Англи хэлийг нэг их сайн сураагүй ч гэсэн өөрийнхөө сум орон нутгийн хэмжээнд асуудлаа ойлгуулаад, мэдээллийг үнэн зөв өгч сурсан гэж боддог. Хүнийг зөвөөр өөрчилж чаддаг маш сайхан байгууллага гэдгийг хэлмээр байна. Хүнтэй ярьж, нээлтэй, шударга, хүнлэг, сайхан сэтгэлтэй болгосонд маш их талархаж явдаг. Сэтгэлээрээ хийсэн ажил цаанаасаа л бүтээд ирдэг. Нэг л сэтгэл дутсан ажил цаанаасаа л хуурмаг, дутуу дулимаг байдаг юм.

Хойшид гишүүд дэмжигч, хүүхэд залуустаа хандаж хэлэхэд хамгийн гол нь хүнд өгч байгаа мэдээллээ үнэн зөв, сэтгэлтэй өгч, үнэнчээр ажиллаарай гэж захимаар байна.

Үе тэнгийн хүүхэд нь үе тэнгийнхэндээ зөвлөгөө мэдээлэл өгнө гэдэг бол маш чухал ажил. Яагаад гэхээр хүүхдэд нэг үнэн зөв бодитой мэдээллийг өгчихвөл тэр мэдээллийг нэг нэгэндээ үнэнчээр дамжуулж хэлдэг онцлогтой. Бусдад цаашаа ярьж хэлдэг. Энэ мэдээллийг үнэн зөв мэдээллийг өгч чадвал амьдралынх нь цаашдын суурийг зөв тавихад тустай. Өсвөр насны эмзэг насан дээр нь сайхан төлөвшүүлэхийн тулд хүүхдийг хүүхдээр нь сургах нь маш чухал.

-Сайн дурын ажлыг хийхэд танд бэрхшээлтэй зүйл тохиолдож байв уу. Та тэрийг хэрхэн давж байв?

Үгүй, тэгээд бэрхшээл яриад байвал гарч ирж л таарна. Гэхдээ чи өөрөө сайн дураараа хийж байгаа юм чинь юуг ч даваад гарна л гэж бодох ёстой. Бэрхшээл гэж бодож болохгүй. Ороод ирсэн хүнд яагаад нэг сайхан хэрэгтэй мэдээлэл өгөөд гаргаж болохгүй гэж. Асуухгүй бол хариулахгүй юм шиг байдлаар ажиллаж болохгүй. Ерөндөг /спираль/ тавиулахад юуг анхаарах вэ, хэн хэрэглэж болох вэ, болохгүй вэ, чамд өөрт чинь ямар арга нь зүгээр санагдаж байна гэх мэтчилэн хүнтэйгээ нээлттэй ярилцаж байгаад зөв шийдлийг сонгодог.

Энэ ажилд нэг их хүнд хүчир зүйл байхгүй. Мэддэг зүйлээ сайхан зөвлөөд өгөхөд л болно. Ярилаа гээд таниас юу ч унахгүй.

-Нийгэмд заримдаа сөрөг мэдээлэл нь амархан тархдаг болохоор ч тэр үү, гэр бүлийн хүчирхийлэл их байгаа мэт санагддаг. Гэр бүлээ зөв төлөвлөхийн ач холбогдол нь яг юу вэ?

Хүсээгүй жирэмслэлт явагдвал энэ нь гэр бүлээ зөв төлөвлөж чадаагүй гэсэн үг. Цаашдаа амьдралдаа сэтгэл дундуур байх гээд олон асуудал урган гарна. Гэр бүл төлөвлөлтийн аргуудыг сайн сураад, өсвөр наснаас нь заагаад өгчихвөл ирээдүйд гарах эрсдэл нь бага гэж боддог. Мэдээлэлтэй хүн бол өөрийгөө хүчирхийлэл, дарамт, аливаа эрсдлээс хамгаалж чадна. Саяхан салбарынхантайгаа хамтраад 7-12 дугаар ангийн 60 гаруй хүүхдүүдэд сарын тэмдэг, ариун цэвэр, гэр бүлийн хүчирхийллийн талаар сургалт хийсэн. Хүчирхийлэлд өртөхгүйн тулд яавал биеэ хамгаалах вэ гээд олон сайхан асуултыг хүүхдүүд өөрсдөө асууж байсан. Одоо дахин хөвгүүдэд зориулсан сургалт авья гэдэг хүсэлт бидэнд ирсэн. Энэ мэтчилэн ирээдүй болсон хүүхдүүддээ энэ асуудлаар чөлөөтэй ярилцаж, зөв мэдээлэл олгосноор ирээдүйд хүчирхийлэлгүй нийгэм, сайн сайхан гэр бүлийг бий болгоход багахан ч гэсэн хувь нэмэр оруулах болов уу.

-Нийгэмлэгээс хамгийн их талархаж явдаг зүйл тань юу вэ?

Би энэ нийгэмлэгтэй анх холбогдоод сайн дурын идэвхтэн ч явлаа, салбарын дарга ч хийж үзсэн. Одоо гишүүнээр ажиллаж байна. Дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу хугацаандаа ажлаа хийдэг байсан. Үндсэн ажлынхаа хажуугаар хийдэг ч хэзээ ч ажил хойшлуулж, тайлан хоцроож байсан удаагүй. Нөгөө талаараа ч манай нийгэмлэг хүний хөдөлмөрийг шударга үнэлдэг, тогтолцоо зарчим нь маш тунгалаг. Маш их дэмжиж ажилладаг.

Хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй, хүний хийсэн ажлыг үнэлж чаддагт нь талархаж явдаг. Ер нь би энэ нийгэмлэгтээ хайртай, дуртай. Ямар сайндаа ажлынхаа охидуудад эргээд залуу болчихвол өшөө илүү олон ажлыг хиймээр байна гээд хөхрөлддөг юм.

Намайг сонгоод энэ ярилцлаганд оруулсанд маш их баярлалаа, та бүхнийхээ ажилд нь амжилт хүсье.

-Баярлалаа, танд ч бас цаашдын амьдралд нь тань аз жаргал, гэгээлэг сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search