Жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгсэл болон COVID-19-ийн талаар мэдэх хэрэгтэй гурван зүйл

 In Шинэ мэдээ
Нэгдсэн Үндэсний байгууллага – Энэ жил жирэмслэхээс сэргийлэх анхны эмийг танилцуулснаас хойш жаран жилийн ой тохиож байна. Жирэмслэхээс сэргийлэх эм болон бусад орчин үеийн гэр бүл төлөвлөлтийн аргууд нь дэлхий даяар зайлшгүй шаардлагатай эм хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Гэр бүл төлөвлөлтийн аргууд нь эмэгтэйчүүд болон охидод өөрсдийн эрүүл мэнд, ирээдүйгээ бүтээх боломжийг олгодог төдийгүй эхийн эндэгдлийн эрсдлийг бууруулж амь насыг авардаг.
Өнөөдөр эрүүл мэндийн мэргэжилтнүүд, бодлого тодорхойлогчид гэр бүл төлөвлөлт нь нийгмийн эрүүл мэнд, хүний эрхийн зайлшгүй шаардлагатай асуудал гэдэгтэй санал нэг байна.
Гэсэн ч жирэмслэхээс сэргийлэх аргуудын хүртээмж хүн амын дундах ташаа ойлголтууд, эм хэрэгслийн хангалт дутагдалтай, эрүүл мэндийн тогтолцоо сул зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан байнга доройтсоор байна.
Харин өнөөдөр эдгээр хүчин зүйлүүд дээр дэлхийг хамарсан COVID-19 гэх цар тахал нэмэгдээд байна.
Жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгсэл болон COVID-19-ийн талаар одоогийн нөхцөл байдалтай холбоотой гурван чухал зүйлийг дурдвал:
1. Цар тахалтай холбоотой жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн хүртээмж багасаж байна.
Цар тахлын улмаас нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо доголдож, олон төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалдаж байна. ДЭМБ-аас явуулсан судалгаагаар гэр бүл төлөвлөлт, жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгсэл нь хамгийн их тасалдсан эрүүл мэндийн үйлчилгээний нэг бөгөөд 10 орон тутмын 7-д нь доголдож байгааг тогтоожээ.
“Цар тахал нь тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж, сая сая эмэгтэйчүүд, охид гэр бүлээ төлөвлөх, бие махбодь, эрүүл мэндээ хамгаалах чадвараа алдах эрсдэлтэй болоод байна” хэмээн НҮБХАС-ийн Гүйцэтгэх захирал, доктор Наталья Канем хэлжээ.
НҮБХАС нь жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэгслийн хамгийн том ханган нийлүүлэгч бөгөөд алслагдсан болон эрсдэлтэй бүлгүүдэд гэр бүл төлөвлөлтийн аргуудын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Жишээ нь Эсватини улсад жирэмслэхээс сэргийлэх аргыг хэрхэн хэрэглэх талаар мэдээлэл өгдөг гар утасны мессежний системийг нэвтрүүлсэн бол Уганда улсад гэр бүл төлөвлөлтийн аргуудыг хэрэглэгчдэд гэрт нь хүргэх боломжийг олгох хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна.
Гэвч эмэгтэйчүүдийг жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгсэлд өөрсдийн сонголтоор хамрагдах боломжийг олгохын тулд илүү их зүйлийг хийх хэрэгтэй.
2. Гэр бүл төлөвлөлтийн аргуудын хүртээмжгүй байдал эмэгтэйчүүдэд аюул дагуулж байна.
Цар тахлын эхэн үед НҮБХАС, Авенир эрүүл мэнд, Жонс Хопкинсийн их сургууль, Виктория их сургуулиуд хамтран Covid19 цар тахал гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээнд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалжээ.
Тэд бага, дунд орлоготой 114 орны эрүүл мэндийн системд зургаан сарын турш ноцтой зөрчил гарснаар 47 сая эмэгтэй жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгсэл хэрэглэж чадахгүйд хүрч, 7 сая хүсээгүй жирэмслэлтэд хүргэж болзошгүйг тогтоожээ.
Хүсээгүй жирэмслэлт нь охид, эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших болон ахуй амьдралд нь олон ноцтой үр дагаврыг дагуулдаг.
Гэсэн хэдий ч эрүүл мэндийн тогтолцоо ачаалал ихтэй байгаа энэ цаг үед олон улс оронд жирэмслэлттэй холбоотой хүндрэлүүд, цаашлаад эндэгдэл гарах эрсдэлтэй байна. Дэлхийн орноос эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд хамрагдах болон аюулгүй эрүүл мэндийн тусламж хүргэхэд тулгарч буй бэрхшээлүүдийг мэдээлсээр байна.
Харамсалтай нь бэлгийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл нэмэгдэж байгаа нь цаашид эмэгтэйчүүд, охидын хүсээгүй жирэмслэлтийн эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй. Цар тахлын улмаас хүсээгүй жирэмслэлтийн тоог мэдэх боломжгүй ч үүнд алдсан амь нас, эрүүл мэнд, ирээдүйн мөрөөдөл орох нь тодорхой юм.
3. Танд гэр бүлээ төлөвлөх эрх бий. Цар тахал үүнийг өөрчлөхгүй.
Гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээ тасалдах нь зөвхөн нийгмийн эрүүл мэндийн асуудал биш юм. Энэ нь хүний эрхийн асуудал юм.
1968 онд Хүний эрхийн олон улсын бага хурлын үеэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн удирдагчид “Эцэг эхчүүд хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй шийдэх үндсэн эрхтэй” гэж санал нэгджээ.
“Тегераны тунхаглал” гэж нэрлэгддэг энэхүү гэрээ нь бүх зүйлийг өөрчилсөн гэрээ байв. Энэ нь эмэгтэйчүүд, охидууд хэт олон, хэт ойрхон жирэмслэхээс зайлсхийх, бүх хүмүүс хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо сонгох эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
Онцгой байдал нь энэхүү хүний эрхийг хязгаарлах, зөрчих ёсгүй.
Бодлого тодорхойлогчид, эрүүл мэндийн тогтолцоо, засгийн газар энэ эрхийг бүх хүмүүст, ялангуяа COVID-19 цар тахлын үед саад бэрхшээл асар ихээр нэмэгдэх үед хамгаалах үүрэг хүлээдэг.
“Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд болон үндсэн эрх нь ямар ч тохиолдолд хамгаалагдсан байх ёстой” гэж Доктор Канем хэллээ. “Үйлчилгээг үргэлжлүүлэх ёстой; хангамжийг хүргэх ёстой; мөн эмзэг давхаргыг хамгаалж, дэмжих ёстой.”
Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг
Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search