Ж.Батболд: Би зөвхөн жолоогоо мушгих биш, хүний төлөө гэсэн бүхий л ажилд хувь нэмрээ оруулахыг хүсдэг

 In Шинэ мэдээ

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн чиглэлээр тасралтгүй 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа, Монголдоо хамгийн анхны НҮБ-д нийгэм, эдийн засгийн зөвлөлдөх статустай ТББ болох Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн сайн туршлага, монгол улсад нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг сайжруулахад оруулсан хувь нэмрийг олонд таниулах зорилгоор “Гэгээн үйлсийн эзэд” цуврал-7 ярилцлагыг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Бид энэ удаад нийгэмлэгийн жолооч, байгууллагын “Амьд архив” Ж.Батболдтой ярилцлаа.

-Та бидэнд өөрийгөө товчхон танилцуулна уу. Таныг яагаад нийгэмлэгийн “Амьд архив” гэж хочлох болсон гэдгээс яриагаа эхэлье?
Намайг Ж.Батболд гэдэг. Автомеханикийн ашиглалтын инженер мэргэжилтэй. Анх 1997 онд Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгт жолоочоор ажиллах саналыг гүйцэтгэх захирал Ч.Сэмжидмаа тавиад орж байсан. Одоо түүнээс хойш 22 жил тасралтгүй ажиллаж байна даа. “Амьд архив” гэсний тухайд гэвэл нийгэмлэгийг анх байгуулагдахаас эхлээд ажилласан болохоор тэр биз ээ. Ийм олон жил ажиллахад сайхан хамт олон, таатай тухтай орчин нөлөөлсөн гэж боддог юм. Үнэхээр ч нийгэмлэг, эмнэлгийн тоосго, суурь хэрхэн боссоныг, анхны эмнэлгийн тоног төхөөрөмжөө Замын-Үүдээс ачаад явж байснаа хүртэл нэг нэггүй санаж байна. Тэр ч байтугай 15 аймгийн салбаруудыг анх хэрхэн байгуулж, ямар ямар хүн зохицуулагч, даргаар нь ажиллаж байсан гээд байгууллагаа андахгүй гэхэд болно.

-Аливаа үйл явдлын түүхэн гэрч болно гэдэг гайхалтай хэрэг. 1000 гаруй гишүүдтэй өнөөгийн нийгэмлэгийн өсөлт бууралт, хөгжил дэвшлийг таниас өөр хэн мэдэх билээ дээ. Байгууллагынхаа түүхээс хуваалцвал?
Анх ороод байгууллагынхаа үйл ажиллагаа, зорилгыг үнэндээ сайн мэддэггүй байсан. Гэхдээ дунд нь ороод ажиллаад ирэхээр их сайхан буянтай ажил гэдгийг улам их мэдэрсэн. Анх манай байгууллага Эх нялхсын төвийн хашаан дотор одоогийн Монголын Үндэсний дээд сургуулийн байрны хоёрдугаар давхарт өрөө түрээслээд суудаг байсан. Тэр үед Хэвлэл мэдээллийн ажилтан М.Даваасүрэн, хөтөлбөрийн ажилтан н.Баярмаа, гүйцэтгэх захирал Ч.Сэмжидмаа, нягтлан н.Зина бид хэд л ажиллаж байсан. Тухайн үед аймаг орон нутагт салбаруудаа байгуулах гээд маш завгүй шаргуу ажиллаж, хөдөө гадаагүй их явдаг байлаа. Их ажлын он жилүүд байсан гэх үү дээ. Нийгэмлэг маань байгуулагдаад ерөөсөө гурван жилийн дотор 10 гаруй аймагт салбартай болчихсон байсан. Чи би, дарга цэрэг гэлгүйгээр бид чинь анхнаасаа нэгэн сэтгэлээр зүтгэсэн юм болохоор ажлаа хувааж аваад л, шаардлагатай тохиолдолд бие биенээ орлоод ажилладаг мундаг хамт олон.

-Ажлынхаа та юунд нь илүү дуртай вэ. Нийгэмлэгийнхээ юугаар илүүтэй бахархдаг вэ?
Юуны өмнө сайхан хамт олноороо бахархдаг. Монголынхоо хүүхэд, өсвөр үе залууст ирээдүйд нь хэрэгтэй гэр бүл төлөвлөлт, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгож, үр хойчдоо хэрэгтэй, буянтай ажил хийж байгаадаа үнэхээр их бахархаж явдаг даа. Дунд нь ороод ажиллаад явахад хамт олон минь намайг чи жолооч жолоогоо л барь гэдэггүй, бүх талаар чадавхижуулж, сургалтанд хамруулж, ажлын төлөвлөгөө, аливаа зүйлд санал бодлыг минь сонсч, хүндэлж байдагт маш их талархдаг.
Манай хамт олон маш нээлттэй, элэгсэг, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, маш эрүүл уур амьсгалтай сайхан хамт олон. Би ч бас жолоогоо мушгиад чимээгүй явахыг хүсдэггүй. Сургалтын хэрэглэгдэхүүн байрлуулахаас эхлээд хүмүүст хэрэгтэй гарын авлага материал тараах, ямар ч ажил байна гар бие оролцоод туслаад явахыг хүсдэг дээ.

 

-Таны 22 жилийн турш нийт явсан километрээ тооцож үзсэн үү. Монголынхоо хэдэн аймаг, сумаар хөлгийн жолоо залсан бэ?
Саяхан нэг тооцож үзэхэд ойролцоогоор 1 сая гаруй километрийг явсан байна лээ. Орж үзээгүй аймаг, сум бараг байхгүй. Баян-Өлгий аймагт л очоогүй, бусад бүх аймагт очсон байгаа юм. Энэ ажлынхаа буянаар эх орноо тойрч үзээд, олон хүмүүстэй танилцаж, нөхөрлөж, олон сайхан дурсамжийг бүтээжээ. Нэг л амьдрах хорвоод уулзсан бүхэнтэйгээ сайхан сэтгэгдэл төрүүлж, хүн шиг хүн явахыг хичээдэг дээ. Нийгэмлэгийнхээ ажлын шугамаар ч тэр, хамт олныхоо хөдөлмөрийн үнэлэмжээр ч тэр эх орныхоо өнцөг булан бүрт очиж үзсэндээ баяртай байдаг. Мөн 2016 онд Солонгосын Чэжү гээд л олон сайхан газар үзсэн дээ.


-Хүн ер нь ажлаасаа асар их хүмүүжлийг олж авдаг гэж боддог. Таны бодлоор?
Тийм шүү. Би цаг баримтлахыг л хамгийн сайн сурсан гэж боддог шүү. Хамгийн бас энгийн хэрнээ чухал чанар шүү. Бас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гээд л хүний амьдралд чухал чухал зан чанар, хандлагуудыг эзэмшсэн гэж боддог.
-Таны бодлоор гэр бүлийн сайн сайхан гэж юуг хэлэх вэ?
Бие биендээ итгэдэг, ойлгодог, хүлээцтэй байхаас л тухайн гэр бүлийн сайн сайхан эхэлнэ. Гэрт амар тайван, ойлголцол бие болсноор үр хүүхдүүдийн хүмүүжил ч гэсэн цаанаасаа сайхан эерэг болдог.Танд баярлалаа.

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search