Ж.РАДНААБАЗАР: МОНГОЛДОО ХАМГИЙН АНХДАГЧ, ЖИШИГ БОЛСОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ГЭДГЭЭР ҮНЭХЭЭР ИХ БАХАРХДАГ

 In Шинэ мэдээ

ХҮН АМЫНХАА УДМЫН САНГААС ИЛҮҮ МАЛЫН УДМЫН САНГИЙН ХУУЛИА БҮР ХОЁР ДАХИАД ШИНЭЧИЛСЭН УЛС ШҮҮ ДЭЭ

Гэр бүлийн сайн сайхан, эрүүл байдал нь Монгол улс баттай хөгжихийн үндэс суурь гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй хүн үгүй биз ээ. Чухам энэ хөгжлийн төлөө бүхий л амь амьдрал, насаа зориулж буй нэгэн эгэл даруухан хэрнээ энгүй их үйлсийн эзэн болсон Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, Анхны ерөнхийлөгч, Монгол улсын хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, удамшлын зөвлөх эмч, профессор Ж.Раднаабазартай ярилцлаа. Тэрээр өдгөө 85 насыг зооглож байгаа манай үеийн шилдэг эмч нарын нэг бөгөөд түүний үүсгэн байгуулсан Нөхөн үржихүйн төв, Удамшлын төв нь цөөхөн Монголчуудын минь удам зүй, нөхөн үржихүйн судалгаа, эрдэм шинжилгээний ажилд асар том үүргийг гүйцэтгэсээр буй.

Товч намтар:

  • 1960-1961 онд Хүүхдийн төв эмнэлэгт их эмч, орлогч дарга
  • 1961-1974 онд Анагаах ухааны дээд сургуульд багш, декан
  • 1974-1977 онд Улсын нэгдсэн тусгай эмнэлгийн ерөнхий эмч
  • 1977-1983 онд ЭНЭШТ-ийн захирал, зөвлөх эмч,
  • 1978-1987 онд Эрүүлийг хамгаалахын орлогч сайд,
  • 1987 оноос 2009 оныг хүртэл ЭНЭШТ-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, удамшлын зөвлөх эмчээр ажиллаж байна. Тэрээр Орос, Англи, Герман, Франц, Болгар, Япон хэлийг бие даан суралцаж, хамгийн анхны Англи Монгол анагаахын толь бичгийг гаргасан гавьяатай хүн. Цаашилбал 40 шахам ном зохиол, 500 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, асуудал дэвшүүлсэн нийтлэлийг бичжээ.

-Таны хувьд гэр бүлийн сайн сайхан гэж ямар утгатай вэ. Энэ талаарх ойлголтоос яриагаа эхэлвэл зүйтэй болов уу?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Эрүүл гэр бүл” гэх тодорхойлолтод бие бялдар, оюун санаа болоод сэтгэлзүйн хувьд ариун тунгалаг байх ёстой гэж үздэг. Гэр бүл нь бүх зүйлээрээ ариун тунгалаг, эрүүл энх, сайн сайхан байх л гэр бүлийн сайн сайхан юм болов уу. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн сайд нэгэн ярилцлагадаа энэ талаар их сайхан зүйл хэлснийг санаж байна. Хань нь өөд болохынхоо өмнө “Чи намайг нэг ч удаа алгадаж үзсэнгүй еэ” гэж хэлж байсан гэдэг. Тийм сайхан ариун тунгалаг, бие биен рүүгээ ширүүн харж, муу үгийг бараг хэлж үзээгүй л гэсэн үг. Гэтэл одоогийн залуу гэр бүлүүдэд хүчирхийлэл, дарамт их дуулдах болсон. Уг нь нэг л амьдрах хорвоод тийм зүйл гаргахгүй байх хэрэгтэй. Тийм ч учраас нийгэмлэгийн нэрийг өгөх гэж нэлээн бодож ярилцаж байлаа. Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэг гэхээр нэг л болж өгөхгүй байсан юм. Харин бидний гэр бүлийн төлөө гэсэн, эрүүл мэнд, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө маань эцсийн үр дүндээ гэр бүлийн л сайн сайхны төлөө учир энэ нэрийг сонгосон юм.

-Аливаа сайн сайхан зүйлийн эхлэл байна гэдэг өөрөө агуу. Та гар утас, интернэт хөгжөөгүй, англи хэлтэй хүн ховор үед яаж Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийг олон улсын хамгийн том байгууллагатай холбож чадсан юм бэ. Тэр түүхэн үеийн торгон агшинг бидэнтэй хуваалцахгүй юу?

Монголчуудын гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, удамшил зүйн асуудалд үргэлж санаа минь зовсоор ирсэн. Тэр ч утгаараа 1991 онд сонин уншаад сууж байтал Дэлхийн гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэг хэмээх олон улсын байгууллагыг олж мэдсэн юм. Ингээд л шууд тэдэнд хандахаар шийдэж, англиар захиа бичиж байлаа. Тухайн үед мэдээлэл хомс учир тус байгууллагад элсэх талаар бараг өдөр бүр уйгагүй факс явуулсан. Эцэст нь намайг 1993 онд Унгарт болох Ээлжит хуралд урьж, онгоцны билет явуулахаар болсон юм. Би ч яаравчлан визээ хөөцөлдөж, билетээ хүлээж байтал шуудангийнхан тухайн үед өгөлгүй хоцроочихсон. Ингээд өнгөрлөө гээд бодож байтал Дэлхийн гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгээс захиа ирээд танай улс Азийн салбар холбоонд хандаад харьяалагдахыг санал болголоо. Би ч зөвшөөрч Ази номхон далайн бүсийн захирал Палан манай улсад ирж, нөхцөл байдалтай танилцаж байсан түүхтэй.

Эмэгтэйчүүдийн дунд ч, хүн амын дунд ч гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг ойлголт “Маш харанхуй” байсан.

Тухайн үедээ хөдөө орон нутгийн нөхцөл байдалтай танилцуулж, эмнэлгүүдээр зочилж, яам тамгийн газар, Улсын их хурлын гишүүдтэй хүртэл уулзуулж байлаа. Ингээд нийгэмлэгийнхээ анхны хурлыг долоо, найман аймгийн 50-60 хүний бүрэлдэхүүнтэй хийж, байгууллагын бүтэц орон тоо, санхүүжилт, дүрэм журмыг Дэлхийн гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгийн стандарт, шаардлагын дагуу баталж чадсан юм. Чухам энэ бүхний ачаар нийгэмлэгийг тогтвортой, чадавхижсан төрийн бус байгууллага болгон хөгжүүлж өдий зэрэгтэй 25 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулах үндэс суурь болсон гэж үздэг. Монголдоо хамгийн анхдагч гэж хэлж болохоор жишиг болсон төрийн бус байгууллага гэдгээр үнэхээр их бахархдаг.

Анх гэр бүл төлөвлөлтийн  талаар хүмүүс ойлголтгүй, хүн амыг цөөрүүлэх гэсэн буруугаар ойлгож байсан хэмээн та нэгэн ярилцлагадаа хэлсэн. Тэр үед МГБССН ухуулга сурталчилгааг яаж хийсэн бэ. Хандлагыг өөрчилнө гэдэг нь аль ч нийгмийн үед маш их тэвчээр, ажиллагаа шаарддаг ажил шүү дээ?

Тийм шүү. Эмэгтэйчүүдийн дунд ч, хүн амын дунд ч гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг ойлголт “Маш харанхуй” байсан. Засгийн газар, яам тамгийнхан ч сайн ойлгодоггүй. Бид ухуулга сурталчилгаа, сургалтыг улс орон даяар, аймаг, сум бүрээр олон жилийн хугацаанд уйгагүй явуулсаны хүчинд эх хүүхдийн эрүүл мэнд, эсэн мэнд амаржих, жирэмслэлтийг зохицуулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, гэр бүл төлөвлөлтийн аргуудын талаарх мэдлэг хандлага сайжирсан гэж болно. Мэдээж ойлгохгүй асуудал гардаг байсан ч зорилго нь гэр бүлийн сайн сайхны төлөө учир бидэнд шантрах эрх байгаагүй.

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн хийсэн судалгаанаас үзэхэд 1990 он хүртэл нэг айл дунджаар таван хүүхэдтэй. Хамгийн олон хүүхэдтэй нь 28 хүүхэдтэй, дараагийнх нь 14 хүүхэдтэй хүн Налайхад амьдардаг байлаа. Бид тухайн үедээ очиж судалгаа авч байсан. 1990 он хүртэл Монголд жилд дунджаар 280 000 хүн жирэмсэлж байсны 185 000 нь төрж байсан нь маш өндөр үзүүлэлт байлаа. Гэтэл сүүлдээ энэ тоо 50 000 болтлоо буурсанд харамсч явдаг. Дэлхийд гучин жилийн дотор өөрийнхөө хүн амын өсөлтийг ингэж бууруулсан орон Монголоос өөр байхгүй. Харин одоо нэг айл дунджаар хоёроос дээш хүүхэдтэй болж байгаад дотроо их баярлаж байгаа.

-Танай нийгэмлэгийн хамгийн анхны төсөл хөтөлбөр нь ямар ажил байв, үр дүн нь ямар байсан тухай та ярихгүй юу?

Хамгийн анх “Гэр бүлийг зөв төлөвлөх” гэсэн асуудлаар төсөл бичсэн. Үр дүнд нь зөв гэр бүлийн сайн сайхан байдлыг яаж бий болгох вэ, гэр бүл төлөвлөлтийн асуудал, монгол хүн хэдэн насандаа гэрлэвэл зохимжой вэ зэргээр судалгаа хийж байлаа. Бидний судалгаанаас үзэхэд, Монгол эмэгтэй хүн 18-25 насандаа, эрэгтэй нь 24 хүртэлх насандаа гэрлэдэг. Ингээд 50 настайдаа нэгдүгээр үе, 75 настайдаа зээнцэр нь гарч байсан. Ингээд манай судалгаагаар 25 насны үечлэлтэйгээр явж байна гэдэг нь батлагдсан юм.

Үүнээс гадна эхний ээлжинд салбарын эмч мэргэжилтнүүдийг сургах нь нэн тэргүүний ажил байлаа. Өнөөгийн улсын томоохон эмнэлгийн захирлууд, доктор профессорууд зэрэг салбарыг авч яваа мэргэжилтнүүдийг тухайн үед доод тал нь 6 сар, дээд тал нь 2 жилээр олон улсын байгууллагаас төсөл авч байгаад Англи хэлтэй болгох ажлыг зохион байгуулсан. Бараг 50 шахам хүнийг улсаас нэг ч төгрөг гаргуулалгүй, гадаадад сургасан.

МГБССН байгуулагдаад эхний 5 жил бидэнд факсаас өөр зүйл байгаагүй. Хөл дээр нь босгох гэж чамгүй зовсон. Сайн сайхан ажил хийх үед дундаас нь матаас орж, намайг гаднаас валют авч идэж байна гэх хардлагаар Дэлхийн гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэг рүү хүртэл хүмүүс захиа бичиж байлаа. Тэр асуудлыг шалгахаар төлөөлөгч ирээд захиа бичсэн хүмүүстэй уулзах гэтэл тэд зугтчихсан. Ажил хийж яваа хүнд юу эс тохиолдох вэ дээ. Тухайн үедээ бол муухай, эвгүй зүйл л санагдаж байсан. Би гэхдээ нэг ч удаа гомдож байгаагүй. Ажлаа л сайн хийх тухай бодож байлаа.

-Нийгэмлэг өдгөө 15 аймагт салбартай, 900 гаруй гишүүд дэмжигч, сайн дурынхантай болгон өргөжжээ. Одоогийн өндөрлөгөөс харахад таны эхлүүлсэн, санаачилсан, бүтээсэн зүйл хэдэн хүний амьдралыг өөрчилсөн бэ? Та тухайн үед ирээдүйд ийм том өөрчлөлтийг авчирна гэж төсөөлж байв уу?

Ерөөсөө төсөөлж байгаагүй. Ямар ч байсан монгол улсад маань их хэрэгтэй гэдгийг мэдэж байсан. Цаашлаад нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, гэр бүл төлөвлөлт, эхчүүд, эмэгтэйчүүд, гэр бүлийн эрүүл мэндэд чухал хэрэгтэй гэдгийг л ойлгосон. Ийм үүх түүхтэй том байгууллага болон өсч дэвжсэнд их бахархалтай байдаг. Үе үеийн ажилчид, гишүүүд, хамтран ажиллагчдын маань нөр их хөдөлмөр, сэтгэл шингэсэн сайхан ажил юм даа. Өдий зэрэгтэй ажиллуулж байгаа нь та бүхний минь гавьяа юм шүү гэдгийг дахин хэлмээр байна. Тогтвортой үйл ажиллагаа явуулахад ажилчдын сэтгэл зорилго, зүтгэл их чухал. Түүнээс гадна байгууллагын үйл ажиллагаа зөв байх ёстой. Олон улсын байгууллагын үнэлгээ, стандарт шаардлагууд нөлөөлсөн гэж боддог. Бүх үнэлгээ, хяналт, стандартыг өгч, зөвлөмжийг сайн өгдөг байсан.

Тухайн үед эмэгтэйчүүдэд гэр бүл төлөвлөлтөөр зөвлөгөө өгдөг байгууллага нэг ч байгаагүй.

– Эх, хүүхдийн эндэгдэл жил бүр буурсан үзүүлэлт гарч байгаа нь сайн хэрэг. Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг Монголд ямар түвшинд байна гэж үздэг вэ.

Ерөөсөө үр хөндөлтийг багасгах юм уу, чөлөөтэй болголоо гэхэд үхэл эндэгдэл буурдаггүй. Харин эмнэлгийн тусламжийн үйлчилгээ ерөнхий түвшин дээшилж байж эх нялхасын эндэгдэл буурах ёстой. Нярайн нас баралт, жирэмсэн үеийн эндэгдэл буурахад бидний олон төсөл хөтөлбөр хувь нэмэр оруулсан юм.

Монголд эмэгтэйчүүдийн гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ бүрэн хангагдаагүй гэж хэлж болно. Тодорхой хэмжээнд сайжирч байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Ер нь манай нийгэмлэг монголын эх нялхасын эрүүлийг хамгаалах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага. Бид бүхний тусламжийг авсан хүн бүхэн, байгууллага бүхэн үргэлж сайнаар ярьдаг. Хууль санаачилж, асуудал оруулж байсан явдал зөндөө байсан. Байгууллагын хөгжил бол хувь хүний санаачлагаас, хамт олны итгэл зүтгэлээс их шалтгаалдаг. Эх нялхасын эндэгдэл буурахад бас хувь нэмэр оруулсан гэж үздэг.

-Тухайн үед ардчилал гараад хүн амын амьдрал, нийгмийн байдал ороо бусгаа байсан цаг. Тэр үед Монгол улсын нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн байдал буурахад нөлөөлсөн гэж үзэж болох уу?

Хүн амын өсөлт 4 хувь байсныг 1999 он гэхэд 1,5 хувь хүртэл бууруулсан шалтгаан нь Нэгдүгээрт, үр хөндөлтийг чөлөөтэй болгосон, Хоёрдугаарт, монголын бүх эмэгтэйчүүдийг ерөндөгжүүлэх ажлыг манай засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран бүр тусламж авч байгаад Эрүүлийг хамгаалах яамнаас тушаал гаргаж, төрөх насны 200 мянга гаруй эмэгтэйчүүдэд ерөндөгийг хавтгайд нь хийсэн.

Энэ бол Монголын хүн ам зүйд гарсан том гашуудал. Би энэ тухай эсэргүүцсэн нийтлэлийг 10 гаруй удаа бичиж, асуудал  тавьсан ч тоогоогүй. Манай байгууллага үр хөндөлтийг гэр бүл төлөвлөлтийн арга гэж үздэггүй, огтоос зөвшөөрдөггүй бодлого, чиг шугамтай байсан. Одоо ч тэр хэвээрээ.

Тухайн үед эмэгтэйчүүдэд гэр бүл төлөвлөлтөөр зөвлөгөө өгдөг байгууллага нэг ч байгаагүй. Үүнийг манай байгууллага анх удаа хийсэн. Гэр бүл төлөвлөлт гэдэг нь хэзээ гэрлэж, хэдэн хүүхэд төрүүлэх, төрсөн хүүхдийн хоол унд, эмнэлэг, боловсрол, ажлын байр, амьдрах орчин, орон гэр зэрэг хувь хүнийг тойрсон нийгмийн үйлчилгээний бүхий л асуудлыг цогцоор нь авч төлөөлөн хэрэгжүүлдэг бодлогын том асуудал. Нөгөө талаар эх, хүүхэд эрүүл байх нь эхийн жирэмслэлт хоорондын зайг зөв тохируулсан эсэх, нийт хүүхдийн тоо зэргээс хамаардаг.

Тухайн үеийн нийгмийн үеийг бодохоор бас ороо бусгаа байсан. Бүгд л ажил хийж, наймаа хийх шаардлагатай байсан цаг үе шүү дээ. Ардчилал гэх нэрийн дор бүхнийг чөлөөтэй, задгай болгосон. Эрхээ мэддэг, үүргээ мэддэггүй хүмүүсээр дүүрсэн. Үүнтэй холбоотойгоор олон дэвшүүлмээр асуудал байгааг хэлэх нь зүйтэй. Нэгдүгээрт, Монгол хүний Генийн удмын сангийн хуультай болох хэрэгтэй. Энэ нь удамшлын өвчнийг таслан зогсоох, сэргийлэх хууль гэсэн үг. Удамшлын өвчлөлүүдээс оюун ухааны хомсдол 23 хувийг эзэлдэг, архидалтай холбоотой оюуны хомсдол 17 хувийг эзэлдэг. Үүнийг зохицуулсан хууль байхгүй. Хэрвээ хуулиар зохицуулчихвал, жирэмсэн эмэгтэй бүрийн хромосомыг нь үзээд удамшлын өвчин, гажиг гентэй байвал эхийн хэвлийд байхад нь оношлоод зохицуулах боломжтой. Энэ асуудлаар Улсын Их хурлын гишүүдэд асуудал дэвшүүлээд явахаар ойлгодоггүй. Гэтэл хүнийхээ удмын сангаас илүү Малын удмын сангийн хуулиа бүр хоёр дахиад шинэчилсэн улс шүү дээ бид чинь. 1990 онд Монгол улсын 18 аймагт 500 мянган хүнийг хамруулсан томоохон судалгааг хийхэд, удамшлын өвчин 100-д 5 хувь байгааг тогтоосон. Ингээд оюуны хомсдол их болсонд асуудал тавьж, Хүн ам зүйн талаар баримтлах бодлогын төслийг Ерөнхийлөгчийн тамгийн газарт бичиж өгсөн. Бидний судалгаагаар жилд гадны 1000 хүн орж ирэхэд монгол хүний ген өөрчлөгдөхгүй гэдгийг судалсан. Тухайн үеийн ерөнхийлөгч П.Очирбат Хүн ам зүйн бодлогын тухай зарлиг гаргасан нь бидний судалгаа үр дүнгээ өгснийг харуулсан юм.

Ер нь манай улс шиг Хятадаас айдаг орон дэлхийд байхгүй мөртлөө бүртгэл, хяналт сул байдаг. Манайд бүртгэлтэй 28000, бүртгэлгүй хэдэн Хятад хүн байгаа юм бүү мэд. Гэтэл 110 сая хүнтэй Япон улс Хятадуудыг бүртгэж, оруулдаггүй. Монгол хүний генд эрлийз ген орж ирэх нь ТОМ АЮУЛ. Энэ ч үүднээс би Угийн бичиг хөтлөх тухай анхны номыг гаргасан нь учиртай.

Хоёрдугаарт, монгол хүн амьдрах эрхтэй ч, үхэх эрхгүй байдаг. Энэ асуудлыг зохицуулсан хууль байхгүй. Бусад улс орнуудад өөрийгөө огт эдгэхгүй өвчтэйг мэдсэн бол үхэх эрхээ сонгодог жишээтэй.

Гуравдугаарт, үр шилжүүлэн суулгах хуулийн зохицуулалт, тээгч эхийн асуудлыг олон жил ярьж байгаа ч шийдээгүй. Гэтэл одоо дурын захын эмнэлэгт үр шилжүүлэн суулгаж байна. Миний хувьд анхны үр шилжүүлэн суулгах ажилд гар бие оролцож явсан. Одоо тэр хүүхэд маань 25 нас хүрч байна. Би эдгээр асуудлууд болон үр хөндөлт, хүний удмын сантай холбоотой 50 гаруй нийтлэл бичиж хэвлүүлсэн. Ингээд бодохоор төрийн бус байгууллагууд дундаас олон түмэнд нэр хүндтэй, гэр бүлийн сайн сайхны төлөө гэсэн хамгийн хүртээмжтэй ажлыг хийж байгаа нь манай нийгэмлэг юм шүү.

– Зарим төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагыг харахад улс төрийн нөлөөлөлд эсвэл хэн нэг эрх ашигтай хүний нэр нөлөөнд автах талтай байдаг. Гэтэл МГБССН яаж ийм тууштай бодлогыг хэрэгжүүлж, энэ нөлөөнд авталгүй явж ирсэн бэ?

Нийгэмлэгийн дүрмэнд улс төрийн нөлөөлөлд автахгүй гэдгийг маш тодорхой заачихсан. Манайд ерөнхийлөгчөөр ажиллахыг хүссэн, Удирдах зөвлөлд орох гэсэн нэр ашиглах гэсэн улс төрчид байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ гэр бүлийн сайн сайхны төлөө, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг сайжруулахаар ажиллаж буй байгууллага улс төрийн нөлөөнд орж, буруу тийшээ явчихаж болохгүй шүү дээ. Үүнийг үргэлж, хэдийд ч цээрлэх учиртай.

-Та одоо өөрийнхөө дурсамж номон дээр сууж байгаа гэсэн. Энэ талаараа хуваалцахгүй юу?

Тийм ээ. Өөрийнхөө дурсамж номын ажилдаа шаргуу орчихоод сууж байна. Бусад хүмүүсийн дурсамжаас онцлог нь сургамж, алдаа оноог дэнсэлж, тухайн тулгарч байсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн зэрэг уншигчдад өгөөжтэй талыг түлхүү бичиж байгаа. Миний хувьд Эрүүлийг хамгаалахын бодлогын чиглэлээр ажиллахдаа Эрүүлийг хамгаалахын сайд болон Эмчлэн сэргийлэх асуудал эрхэлсэн орлогч сайдын албыг тус тус хашсан. Энэ ажлыг хийх үедээ Ардыг хянан шалгах хороо, Улс төрийн товчооноос донго авч байлаа. Юунаас болсон вэ гэхээр тухайн үедээ намайг албан контортоо ном уншдаг, докторын ажлаа хийсэн гэж донгодсон юм. Гэтэл тухайн үед контортоо архи уугаад суудаг хүмүүс байж л байсан. Юм их сонин шүү. Намайг донгодоод, яг ажлаас нь халчих гэхээр “ном уншсан” хэргээр тулгах нь зохимжгүй байсан учир тэгсгээд өнгөрөөсөн. Сүүлд нь миний хэргийг цагаатгаж, үндэслэлгүй хэргээр донгодсон хэмээн уучлалт гуйсан нь санаанаас гардаггүй юм.

-Та одоогийнх шиг интернэтгүй, зөвлөгөө мэдээлэл, сурах бичиг хомс үед яаж 7 хэлийг сурсан юм бэ гэдгийг сонирхож асуухгүй байж чадсангүй?

Хамгийн анхлан сурсан хэл бол Орос хэл. Их сургуульдаа Орос хэлийг маш сайн сурсан. Дэлхийн сонгодог зохиолуудыг уншаад сүүлдээ бүр донтчихсон гээч. Бас л оюутан байхдаа Герман хэл сурах гэж оролдсон. Сүүлд нь Англи хэл үзээд Энэтхэгт очиж, ярьж сурсан. Орос хэл дээр анх англиас Анагаах ухааны номыг Монгол руу орчуулан гаргасан нь “Хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх нь” гэсэн ном байлаа. Тус номыг Академич П.Нямдаваа редакторлаж гаргасан.

Англи хэлээр монголын эрдэмтдээс анх удаагаа олон улсын томоохон сэтгүүлд миний өгүүлэл гарч байлаа. 2008 онд АНУ-ын Хүн судлалын нийгэмлэгээс тодруулдаг “Дэлхийн 2000 онцлох хүн”-ий нэгээр тодорсондоо маш их баярладаг.

Мөн Английн Бритиш Энцоклопедиа номонд бас намайг оруулсан. Хэл сурахад гол нь хийж буй ажил, өөрийнхөө сонирхолтойгоо уялдуулах нь хамгийн чухал. Уйгагүй хичээл зүтгэл хүнийг амжилтанд хүргэдэг гэж би боддог.

-Эрүүл гэр бүл монголын үнэт хөрөнгө гэдэг нь маргашгүй. Та ханьдаа зориулж дуу бичсэн байсан. Таны гэр бүлийн хүн эмч байсан гэж сонссон?

Гэргийдээ өргөх дуу хэмээх дууг 2000 онд хань Д.Норжмаадаа зориулж бичиж байлаа. Миний хань надтай адил хүний их эмч мэргэжил эзэмшиж, 1962 оноос Өвөрхангай аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр ажлын анхны гараагаа эхлэн дараа нь Улаанбаатар хотын нэгдүгээр амаржих газар нярайн хүүхдийн эмчээр 40 гаруй жил ажилласан. 1969 онд Болгар улсын Софи, 1979 онд ЗХУ-д суралцан нярай хүүхдийн эмчийн мэргэжил эзэмшсэн. Ажиллах хугацаандаа эрүүл ба эмгэгтэй арван таван мянга орчим нярайд эмчилгээ тусламжийг үзүүлсэн.

Хань минь нярайн тасгийн эрхлэгчээр ажилласан 20 гаруй жилийн хугацаанд 1400 орчим дутуу төрсөн хүүхдийг эдгэрүүлсэн гавьяатай эмч гэдгээр маш их бахархаж явдаг.

-Бидэнд цаг заваа гарган, ярилцлага өгсөн танд баярлалаа. Та минь урт наслаарай.

Баярлалаа. Надад ч гэсэн өөрийн 20 гаруй жилийн өмнө үүсгэн санаачилсан Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн талаарх дурсамжийг ярихад үнэхээр таатай байлаа. Та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.

 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search