Л.Даваасүрэн: Гэр бүлийн сайн сайхан нь “Бэлгийн боловсрол”-той байхаас эхэлнэ

 In Шинэ мэдээ

Гэр бүлийн сонин гаргаж байхдаа нийгэмлэгтэй дөрөө нийлсэн дээ

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн чиглэлээр тасралтгүй 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа, Монголдоо хамгийн анхны НҮБ-д нийгэм, эдийн засгийн зөвлөлдөх статустай ТББ болох Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн сайн туршлага, монгол улсад нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг сайжруулахад оруулсан хувь нэмрийг олонд таниулах зорилгоор “Гэгээн үйлсийн эзэд” цуврал ярилцлагыг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Олон улсын Гэр бүл төлөвлөлтийн холбооны гишүүн байгууллага болох МГБССН-ийн анхны хэвлэл мэдээллийн ажилтан Л.Даваасүрэн ярилцлаа.

Товч намтараас:
• 1987 он, ХААИС-ийг инженер, зохион бүтээгч
• 1987-1989 он, Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, зохион бүтээгч инженер
• 1989-1993 он, Эвлэлийн төв хорооны Залуу зохион бүтээгч сэтгүүлийн сурвалжлагч
• 1994 он Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан
• 1993-1997 он “Хос мөр” хувийн Монгол анхны Гэр бүлийн сонины эрхлэгч
• 1997-2000 он Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Хэвлэл мэдээллийн ажилтан
• 2000 он КУДС, багш

-Та нийгэмлэгийн хамгийн анхны хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан гэсэн. Сэтгүүлчээр ажиллаж байсан хүний хувьд яагаад нийгэмлэгтэй холбогдож ажиллах болсон бэ?
Би 1993 онд “Хос мөр” гээд Монгол дахь хамгийн анхны гэр бүлийн сонинг гаргаж байлаа. Тухайн үед дандаа алдартай, олондоо хүндлэгдсэн, үлгэр жишээ болсон гэр бүлүүдийг сурвалжилж ярилцлага хийдэг байлаа. Тэгээд 1994 онд Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг байгуулагдсан гэж сонсоод ярилцлага авахаар Ж.Раднаабазар эмчтэй Эх нялхсын эрдэм шинжилгээний төв дээр очиж уулзсан юм. Ярилцлагын төгсгөлд Ж.Раднаабазар эмч нийгэмлэгтээ хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллуулах санал тавьсан. Би ч зөвшөөрч, сонингын ажлынхаа хажуугаар нийгэмлэгт сайн дураараа, цалингүй ажиллах болсон. Ухаандаа би хамгийн анхны ажилтан байсан хэрэг.

Ингээд бид анхны төслөө авч, анхны компьютер тоног төхөөрөмж, хэвлэлийн принтер, скайнерын захиалгыг хийж, анхны ажилтнуудыг ажилд авах зарыг сонинд хүргэж өгч байсан түүхтэй. Ингээд сургалт, сурталчилгааны ажилтан А.Баярмаа, төслийн ажилтан Ж.Наранчимэг, нягтлан бодогчоор Ч.Зина нарыг ажилд авч байсан. Гүйцэтгэх захирлаар нь Ч.Сэмжидмаа гээд дайчин эмэгтэйг сонгон шалгаруулалтаар авч, бид өргөн фронтоор ажиллах болсон.
-Сэтгүүлч хүний хувьд яагаад гэр бүлд зориулсан сонин сэтгүүл гаргах болсон бэ. Юу нь чухал гэж бодсон юм бэ?
Би 1990-ээд оны эхээр Залуучууд сонинд хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 70 жилийнх нь ойг хийгээд залуучууддаа сонинг нь хүлээлгэж өгсөн. Би гуч гарсан учраас гэр бүл рүү чиглэсэн мэдээлэл хүргэдэг сонинг гаргая гэж шийдээд “Хос мөр” сонинг гаргах болсон. Тухайн нийгмийн үеэ эргэн санавал 1990-ээд онд хүмүүсийн амьдрал ороо бусгаа, гэр бүлийн асуудал их, эрэгтэйчүүд нь архи их уудаг, гэр бүлээ манлайлах үүргээ умартаад байсан цаг. Эмэгтэйчүүд нь Эрээн хот руу явж бараанд явдаг, хүүхдүүд нь эзгүй, хоолтой хоолгүй үлддэг.

Ардчилал гээд бүх зүйл эрх чөлөөтэй болж, хүн болгон дураараа болонгуут хаа сайгүй архидалт, замбараагүй явдал гарч байсныг харахад үнэхээр хүнд байсан үе. Тэгээд л гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн, гэр бүл гэж ямар байх ёстой юм гэдэг талаар бичиж эхлэхээр шийдсэн дээ. Хүмүүсийг соён гэгээрүүлэх нь зүйтэй гэдгийг ухамсарласан. Харин ингэж ажиллаж байхдаа дөрөө нийлэх Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтээ ажиллах болсондоо одоог хэр нь талархдаг.
-Тухайн үед гэр бүл төлөвлөлтийг хүмүүс сайн ойлгодоггүй байсан гэж нийгэмлэгийн ахмад ажилтнууд хэлдэг. Таны хувьд сэтгүүлчийнхээ ажлын онцлогоор энэ талын мэдээлэл сурталчилгааг хэрхэн хийдэг байв?

Тийм ээ, ойлгохгүй зүйл их байсан. Соён гэгээрүүлэх ажлыг нэн тэргүүнд хийх нь чухал байсан. Миний хувьд нийгэмлэгийн ажлын зэрэгцээ сонин дээрээ ч гэр бүл төлөвлөлт яагаад хэрэгтэй вэ, их олон хүүхэд төрүүлэх нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ, чанаргүй төрөлт гэх ойлголтыг таниулахын тулд сэтгүүлчийн энгийн үгээр иргэдэд зориулж цуврал нийтлэлүүдийг гаргаж байлаа. Эхэндээ хүмүүс гэр бүл төлөвлөлт гэхээр үр хөндөлтийг дэмжиж, төрөлтийг хязгаарлах гээд байсан буруу ойлгож, их эсэргүүцдэг байсныг санаж байна. Тиймээс бид эхний хэдэн жил ухуулга сурталчилгааг тасралтгүй явуулахад анхаарсан.

Ер нь манай нийгмийн харилцаанд шинэ үг, нэр томьёо оруулна гэдэг чинь асар их хүч шаардсан, хувьсгалын дайтай, хандлагын томоохон өөрчлөлт шаарддаг ойлголт шүү дээ. Гэр бүл төлөвлөлтийг ойлгохгүй учир сайн сайхан талаас нь гэж бид ярьж, бичиж, зааж эхэлсэн. Тиймээс ч гэр бүлийн сайн сайхан гэдэг дотор уламжлалаа дээдэлж, эвтэй найртай байхын зэрэгцээ, сэтгэц, сэтгэлийн хувьд эрүүл, нөхөн үржихүйн хувьд эрүүл байх, зөв дадалтай байх ёстой гэдэг замаар бэлгийн боловсролыг олгож байсан юм.

Манай нийгэмлэгийн хамт олон хамгийн анхны сургалтаа Төв аймгийн Сэргэлэн суманд хийж байсныг тод санаж байна. Сумын иргэд бэлгэвч, бэлэг эрхтэний муляж хараад үүдэнд хуйларч зугтаасныг бодоход хөгжилтэй ч юм шиг, мэдлэг ойлголтгүй, харанхуй байсан нь тэр болов уу гэж одоо бодогддог.
Гэхдээ бид хамгийн гол нь хүмүүст гэр бүлээ төлөвлөх нь яагаад хэрэгтэй талаас нь эхний хэдэн жил мэдээлэл бичиж, сургалт сурталчилгааг маш сайн явуулсан. Миний хувьд мэргэжилтнүүдийнхээ анагаахын мэргэжлийн хэлээр бичсэн зөвлөгөө, мэдээлэл, нийтлэлийг олон нийтэд хүртээлтэй, ойлгож, уншихад хялбар байдлаар сийрүүлж, хатуу хэллэгийг зөөлрүүлж уянгын халилтайгаар бичиж гаргадаг байсан нь их оносон. Хэл найруулгын ажлаас гадна би өөрөө хэвлэлийн эх бэлтгэл хийж, дизайнерын ажлыг давхар хийдэг байсан.
-Таны хувьд нийгэмлэгийн логог зохиосон. Юунаас сэдэвлэсэн, ямар утга учиртай зохиосон бэ. Өөр ямар ажлууд хийж байсан тухайгаа яривал?
Юндэн, Нансалмаагаас сэдэвлээд эхнэр нөхөр хоёрыг өлзий хээгээр хамтатган зурж, хормойноос ч гурван хүүхэд гарч буйг билгэдэж, гурван жижиг өлзий хээг багтааж өгсөн. Логог эргүүлээд харахаар хоёр зүрх болж харагдана. Өлзий хээ маань тасралтгүй үргэлжлэхийн билгэдэл учраас зүрхнээс холбоо үүсч, хоорондоо сүлжилдэж, гэр бүл болж байна гэсэн утгатай. Монголчууд дунджаар гурван хүүхэдтэй байхад гэр бүлээ зөв төлөвлөх юм байна гэж үзээд ийнхүү зохиосон хэрэг.
Бас нэг дурдах нь зүйтэй ажил бол анхны видео анимэйшн. “Би хаанаас төрөө вэ?” одоогийнхоор бол видео анимэйшныг Боролдой студиэр хийлгэж, анхных нь зохиолыг бичилцэж байсан юм. Одоог хэр нь энэ киног хүмүүс сонирхон магтан, үнэхээр чухал кино гэж хүлээн авдагт талархдаг.

Мөн зөв гэр бүлийг бий болгох зорилготой хооллолт, нөхөн үржихүй, тамхи, хорт зуршил гээд олон талын зөвлөгөөг хамруулсан залуу гэр бүлд зориулсан номыг анх эмхэтгэж байлаа. Тус номонд хоол судлалын мэргэжилтнүүд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эмч нар гээд салбар салбарын мэргэжилтнүүд өөр өөрсдийн сэдвээр зөвлөгөө бичсэн. Үүний дараа хийсэн бас нэг сонирхолтой ажил нь бэлгэвчийг сурталчилсан плакат хийх байсан. Богдын музейн гадаа зураач нар байдаг байлаа. Нэг зураачаар хамгийн анхны бэлгэвчийг монгол маягаар сурталчилсан плакатыг хийлгэсэн. Зургийн зохиомж нь нэгэн Монгол эмэгтэй бэлгэвчийг тэвэрчихсэн зогсч байгаа зураг байсан.

-Таны хувьд нийгэмлэгийн тулгын чулууг тавилцсан хүний нэг яахын аргагүй мөн. Эргээд харахад хэдий гурван жил ажилласан ч чамгүй их ажлыг бүтээсэн болов уу? 
Тийм ээ. Хэдий гуравхан жилийн хугацаанд ажилласан ч гэсэн Монголын иргэдэд гэр бүлийн сайн сайхан, нөхөн үржихүйн эрүүл мэнд, зөв гэр бүлээ төлөвлөх талаар сургалт, сурталчилгааг явуулах их үйлсэд хувь нэмэр оруулсандаа баярлаж явдаг. Энэ сайхан үйлсийн төлөө ажиллаж байгаа, ажиллаж байсан хамт олондоо чин сэтгэлээсээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Ярилцсан: Х.Өнөрсайхан

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search