Н.Нарангэрэл: Нэг зөвлөгөө авахаар ирсэн хүүхэд хэдэн цагаар ч хамаагүй ярьдаг

 In Шинэ мэдээ

Яг судлаад үзэхээр амьдралын хүнд нөхцөлд амьдардаг, хараа хяналтгүй хүүхдүүд жирэмсэн болох нь элбэг

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн чиглэлээр тасралтгүй 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа, Монголдоо хамгийн анхны НҮБ-д нийгэм, эдийн засгийн зөвлөлдөх статустай ТББ болох Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн сайн туршлага, монгол улсад нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг сайжруулахад оруулсан хувь нэмрийг олонд таниулах зорилгоор “Гэгээн үйлсийн эзэд” цуврал ярилцлагыг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Бид энэ удаад МГБССН-ийн Өмнөговь салбарын дарга Н.Нарангэрэлтэй ярилцлаа.

  • 1988 он Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургууль, эх баригч
  • 1988-1995 он, Дундговь аймгийн төрөх тасагт эх баригч
  • 1995-2004 он, Өмнөговь аймгийн Овоотын хилийн цэргийн 166-р ангийн хүн эмнэлэгт сувилагч
  • 2006-2010 он, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн БЗДХ-ын кабинет бага  эмч
  • 2009 оноос хойш МГБССН-ийн Өмнөговь аймаг дахь салбарын Өсвөр үеийн Итгэл найдвар төвийн зохицуулагч
  • 2013 он Дорноговь аймаг дахь Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг эх барихын бакалавр зэргээр төгссөн 
  • 2010-2015 он  ЭМГ-ын  өсвөр үеийн эрүүл мэнд хариуцсан эмч
  • 2015-2017 БОЭТөвийн Өсвөр үеийн кабинет зөвлөгч эмч
  • 2019 он МГБССН-ийн Өмнөговь салбарын даргаар тус тус ажиллаж байна. 

-Өмнөговь аймгийн хувьд хичнээн өсвөр үеийн хүүхдүүд байдаг вэ. Бусад аймгуудыг бодвол уул уурхай хөгжсөн, хөдөлгөөнт хүн ам ихтэй гэж яригддаг шүү дээ?

Манай Өсвөрийн эмч төвийн ерөнхий үйл ажиллагаа нь бусад салбаруудтай ижилхэн. Нэг онцлог нь аймгийн хувьд 2 хил гаальтай, уул уурхайн салбар түлхүү хөгжсөн учир үүнийгээ дагаад хөдөлгөөнт хүн ам ихтэй.  Суурин болон хөдөлгөөнт рүн амтайгаа нийлээд  120-иод мянган хүн амтай томоохон аймаг. Үүнээс 16 мянга нь өсвөр үеийнхэн, тэр дундаа 6000 нь охидууд. Ханбогд, Гурвантэс суманд хилийн боомттой, уул уурхай ажиллаж байгаа. Хөдөлгөөнт хүн ам ихтэй учраас өрх толгойлсон өсвөр үеийнхэн гэсэн ойлголт гарч ирсэн. Тиймээс манай Өсвөрийн эмч төв тэдгээр эцэг эхээсээ хол, биеэ дааж амьдарч байгаа хүүхдүүд рүү чиглэж эрүүл мэндийн боловсрол олгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаар мэдээлэл өгч клуб байгуулан ажилладаг.

Манай аймгийн төвд  ерөнхий боловсролын зургаан сургууль, Политехникийн коллеж  байдаг. Сургуулиудтай нягт холбоотой ажиллаж,  сургууль бүр дээр Эрүүл мэндийн клуб байгуулсан.  2017-2018 онд Оюутолгой ХХК Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр “Ирээдүйд гэрэлтэх нас” төслөөр аймгийн төвийн  зургаан сургууль, сумын  зургаа нийт арван хоёр  сургуулийн  Нийт 360 гаруй үе тэнгийн сургагч багшийг амжилттай бэлдсэн. Мөн Цогт-Овоо суманд Тавантолгой ХХК-ны санхүүжилтээр  25 хүүхэд бэлдсэн. Хүүхэд хүүхдээр нь дамжуулан хэрэгтэй мэдээллийг нь өгч, найздаа туслах дэмжих ажлуудыг сонирхолтой байдлаар зохион байгуулдаг.

-Өрх толгойлсон үе тэнгийнхэн гэдгийг тайлбарлаад өгнө үү?

Ээж, аав нь хил гааль дагаад ажил хийгээд явчихдаг, уул уурхайд ажиллаад олон хоногоор ирдэггүй гэр бүлд дүү нь ахтайгаа, эгч нь дүүтэйгээ үлддэг байдлыг хэлж байгаа юм. Тэр дундаас дийлэнхи тохиолдолд жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдвар, хүчирхийлэл зэрэг янз бүрийн асуудлууд үүсдэг.

-Тэдэнтэй ажиллахад юунд нь илүү анхаардаг вэ?

Сургуулийн нийгмийн ажилтан, эмч, сэтгэл зүйч нартайгаа нягт хамтран ажилладаг. Хамтарсан төлөвлөгөө гаргаад хаана, хэн ээж аав нь хол, хараа хяналтгүй байна, анхаарахгүй бол болохгүй гэдгийг үе тэнгийнхэн, эмч нар, нийгмийн ажилтнаар нь дамжуулан олдог. Манай үе тэнгийн сургагч хүүхдүүд маань илүү сайн мэддэг.

-Танай төвийн мэдээллийг сонсоод өөрсдөө ирж зөвлөгөө авдаг хүүхдүүд хэр их байдаг вэ. Магадгүй хэрэгтэй үедээ зөвлөгөө аваад өөрийгөө эрсдлээс хамгаалж байсан ямар тохиолдол байгаа вэ?

Байлгүй яах вэ. Хүүхдүүд хөөрхөн зөвлөгөө авч, ярилцах гэж их ирдэг. Ээж аав нь ерөөсөө хайхардаггүй нэг охин ирж байсан. Байнга л манай төв дээр хүрээд ирдэг, ярилцаад зөвлөгөө авдаг. Тэр охин маань урлагийн авьяастай хүүхэд байсан. Тэгээд сургуулиа төгсөөд хамгийн түрүүнд тантай л уулзмаар байна гээд ирж билээ. Тэр үед маш их баярласан. Хүний амьдралд, зүрх сэтгэлд нь гэгээ тусгана гэдэг, зөв замд нь жолоодож, ганцаардах, зовох үед нь хажууд нь байна гэдэг маш чухал гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн. Тэгээд тэр охин урлагийн сургуульд орсон.

-Өсвөр үеийнхэнтэй харилцаж, тэдний итгэлийг олж, найз нөхөр болно гэдэг амар ажил биш байх.

Манай нэг өсвөрийн зөвлөгч хүүхэд байсан. Хичээлээ тарчихаад төв дээрээ хичээлээ хийгээд, нэг мэдэхэд унтаад өгчихдөг. Дарга бид хоёр нэг л учир байгааг мэдээд судалж үзэхэд гэр нь маш хол, аав ээж нь хайхардаггүй, идэж уух хоолгүй айл байсан. Уг нь өөрөө хичээл номондоо их сайн хүүхэд. Бид аль болох чадах чинээгээр харж, туслахыг боддог. Гэх мэтчилэн олон төрлийн асуудалтай хүүхдүүд манай дээр ирдэг. Нэг зөвлөгөө авах гээд ирсэн хүүхэд хэдэн цаг ч хамаагүй ярьдаг. Өөрийнх нь ярианы сэдвийг сонсоод байхаар яг ямар асуудал байгааг нь олж хардаг.-Хүүхэдтэй ярихад юуг анхаарах вэ?

Эхлээд сайхан хүлээж аваад, өөрийнх нь хүсэл, хэрэгцээ шаардлагыг нь сонсохыг чухалчилна. Чамд юу хэрэгтэй байна, юу хийхийг хүсч байна гэдгээс эхэлнэ. Итгэлийг нь л олох хэрэгтэй. Өөрийгөө түүнд тусалж чадах хүн гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Бас нууцыг нь хадгалах итгэл даах хүн гэдгээ харуулна. Үүний дараа чөлөөтэй ярилцах боломж гарч ирдэг.

-Танай төвийн үйл ажиллагаанд эцэг эхчүүд хэрхэн ханддаг вэ?

Ер нь их сайхан хүлээж авдаг. Тэдний хүүхдүүдтэйгээ ойлголцдоггүй, ичдэг асуудлаар бид чөлөөтэй ярилцаад зөв мэдээлэл өгчихдөг. Зарим тохиолдолд эцэг эхчүүд хүүхдээ манай төв рүү явж, зөвлөгөө ав гээд явуулдаг. Өсвөр насны онцлог нь найз нөхөд хамгийн чухал болоод ээж, аавдаа юмаа хэлэхээ больчихдог. Тамхи татдаг хүүхэд байвал мэргэжлийн эмч бид нар уулзаад хор уршгийг нь яриад, сайн ойлгуулаад ярихад сайн тусгаж ойлгож авдаг. Зарим нь тамхинаас гардаг, зарим нь гардаггүй. Хүүхэд бүр янз бүр.

-Эцэг эхчүүдийн алдаа?

Томчуудын хандлагыг өөрчлөх нь хэцүү. Харин зөв мэдээллийг өгөх нь чухал. Хэрвээ та өсвөр насны хүүхэдтэй бол аль болох санаа бодлыг нь сонсох хэрэгтэй. Оронд нь манай эцэг эхчүүд хүүхдээсээ их зүйлийг шаарддаг.  Ер нь хэт их гачигдуулах эсвэл бүх зүйлээр нь хангах нь өөрөө алдаа болдог. Зөв бурууг нь ялгаж өгөх нь чухал. Найз нөхдийг нь анзаарч, сонирхохгүй, мэдэхгүй байна. Тэднийг хүндлэхгүй байна. Манай хүүхдэд юу нөлөөлж байна гэдгийг олж тогтоохгүй. Ерөөсөө л өмсөх хувцас, идэх хоолтой байвал болно гэж өрөөсгөл ханддаг. -Аймагтаа хэрэгжүүлсэн хамгийн үр дүнтэй хэрэгжүүлсэн ямар төсөл хөтөлбөр байдаг вэ?

Нийгэмлэгтэйгээ хамтраад Нидерланд улсын Сали сангийн санхүүжилтээр 2010 онд өсвөр насандаа ээж болсон охидуудын дунд төсөл хэрэгжүүлсэн. Тэдний тухай баримтат кино хийсэн байдаг ч олон нийтэд цацагдаагүй үлдсэн. Өсвөр насандаа ээж болоход ямар хүндрэл учирдаг вэ, хүүхдээ өсгөхөд ямар бэрхшээл байдаг вэ гэдгийг хүүхдүүдэд сургамж болгох гэж хийсэн. Одоо тэр охин маань 20 гарчихсан. Хүнтэй суугаад, хоёр дахь хүүхдээ гаргаж байгаа.

Сургуульд байхдаа гаргасан учраас үе тэнгийнхэн нь чичлэх, дооглох янз бүрийн асуудал гарна. Тэр хүүхдийг тээгээд төрүүлж чадах уу, төрлөө гэхэд эрүүл саруул төрүүлж чадах уу гээд олон асуудал дагаж гардаг. Тухайн хүүхэд маань маш их хүндрэлтэй төрсөн байдаг. Ус нь түрүүлж гараад, хүүхэд нь бүтэх гээд байсан учир кисверь хагалгаа хийлгэсэн. Ар гэр нь тааруу байсан учир хүүхэд нь хоол тэжээлийн дутагдалтай өссөн. Хоёрдугаарт өсвөр насандаа төрсөн учир сэтгэл зүйн асар их дарамтанд байсан. Гэр орон байхгүй. Сургууль төгсөөгүй, ажилгүй. Ээж нь архи уудаг. Тэр охин бол дандаа айлаар амьдардаг охин байсан. Бүр судлаад үзэхээр найзтайгаа хамт нэг залуутай бэлгийн харьцаанд ордог байсан байгаа юм.

Бид халамжаас эхлээд тусламжийн байгууллагууд руу хандаад орон гэртэй болгож байсан. Тэгээд тэр хүүхдийг нийгэмтэйгээ мөр зэрэгцүүлэн амьдруулж, чадамжтай болгохын тулд тэр хүүхдэд маш их зөвлөгөө мэдээлэл өгдөг байсан. Хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх. Коллежид тогоочоор сургасан. Одоо бол өөрийнхөө амьдралыг аваад явж байгаа. Асар их хүнд давааг туулж байж амьдралд хөлөө олсон доо.

-Өсвөр насны охидын жирэмслэлт сүүлийн 10 жил, 4000гаас буурахгүй байгаа. Энэ яг юутай холбоотой байна? Шалтгаан?

Яг судлахаар амьдралын хүнд нөхцөлд амьдардаг, хараа хяналтгүй хүүхдүүд л жирэмсэн болоод байдаг. Хөдөө сумын орон нутгийн хүүхдүүд илүүтэй. Мэдээлэл хомс байгаатай эрүүл мэндийн боловсрол, хүчирхийлэлд өртсөнөөс хүсээгүй жирэмслэлтэд өртсөн тохиолдлууд их байгаад байгаа.

-Тань дээр хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй, зөвлөгөө авах гэж ирсэн хүүхдэд та ямар зөвлөгөө өгч байсан бэ?

Ирж байсан. Өсвөр үеийн төв дээрээ охидын үзлэгийг хийхэд БЗДХ туссан охин байсан. Судлаад үзэхээр хойд эцэг нь хүчирхийлж, дарамталдаг. Дандаа л ингээд байдаг гэсэн байсан. Удаан явсан байгаа юм. Ээж нь мэддэг. Хэлье гэхээр битгий гээд нуугаад байж. Уулзаж, ярилцаад зөвлөгөө өгөөд, эмчилгээ хийлгээд, сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн. Тэр хүүхэд сэтгэлзүйчээс маш их зөвлөгөө авсан. Тэгэхгүй бол бүр асар их дарамтанд орчихсон байсан юм. Нэг талаараа хүчирхийллийн гэмт хэрэг. Нийгмийн ажилтантай холбож өгсөн. Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд багаараа энэ асуудал дээр ажилласан.

-Өсвөр насны хөвгүүд хэр их ханддаг вэ?

Цөөхөн. Хөвгүүд зөвлөгөө авахдаа үерхэлийн талаар их зөвлөгөө авдаг. Тэр охин надтай үерхэж байгаад больчихлоо, одоо яах уу гээд ороод ирдэг.

-2018 оны хувьд явуулын үзлэг тусламжаар хичнээн хүнд хүрч үйлчилсэн бэ. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, БЗДХ хэр байгаа вэ?

Жилд дунджаар 5000-6000 хүнд явуулын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Энэ жилийн явуулын үзлэгээр 9400 хүнд хүрч очихоор бэлтгэж байна. Энэ жил аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтраад 6 суманд очно. Энэхүү үзлэгээр Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн эрүүл мэндийн төв, МГБССН-ийн Өсвөрийн эмч төв, эрүүл мэндийн газартайгаа хамтарч ажиллана.

Манай аймагт БЗДХ, өсвөр насны үр хөндөлт, жирэмслэлт, төрөлт улсын дунджаас дээгүүр байдаг. Ард иргэд рүү чиглэсэн, эцэг эхчүүд рүү чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг түлхүү явуулах шаардлагатай байгаа. Хүүхдүүдэд сайн мэдээлэл өгдөг ч эцэг эхчүүд ойлгохгүй тохиолдол гардаг.

Өсвөрийн эмч төв Тавантолгой ХХК-тай хамтраад төсөл хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Энэ талаар яривал?

Уул уурхайн нөлөөллийн бүс болох Цогт-Овоо суманд  Тавантолгой ХХК-ны санхүүжилтээр үе тэнгийн сургагч багшийг бэлтгэж эхэлсэн. Үе тэнгийн сурагчдаар дамжуулаад сурагч, эцэг эхчүүдэд мэдээлэл өгч байгаа. Одоогоор 25 –н зөвлөгч, сургагч багш бэлтгээд байна. Цэргийн баяраар аавуудад, ээжүүдэд илгээж захидал түгээсэн. Захиагаар дамжуулж эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх зорилготой. Мөн  “Охид хөвгүүдийн дотны зөвлөгч та өөрөө”  эрүүл  мэндийн гарын авлага бэлтгэн эцэг эхчүүдэд гардуулж байна.Нийт  одоогийн байдлаар 700-н  эцэг эхчүүдэд хүргээд байна.

-Та нийгэмлэгийн юугаар бахархдаг вэ?

Өөрийнхөө эзэмшсэн  эх баригч мэргэжлээ олон нийт тэр дундаа өсвөр үеийнхэнд хэрэгтэй  үйлс бүтээж, тэдэнд  хэрэгцээтэй зөвлөгөө мэдээлэл өгч ажилладагтаа маш их баярладаг. Монгол улсдаа хамгийн анхдагч НҮБ-ын нийгэм эдийн загийн зөвлөлтэй зөвлөлдөх статустай  анхны ТББ гэдгээр нь Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээрээ маш их бахархдаг.  Нийгэмлэгийг маань үүсгэн байгуулсан ахмадууддаа тэр дундаа Ч.Сэмжидмаа захиралдаа  маш их талархаж явдаг. Нийгэмлэг маань чадварлаг боловсон хүчинтэй, үргэлж хамт олноосоо шинэ, шинэлэг зүйлсийг сурдаг, суралцдаг.

Анх нийгэмлэгтээ гишүүнээр орж Өсвөр үеийн төвийн  зохицуулагчаар ажиллаад  маш их зүйлийг сурсан.  Олон хүүхдийн дунд орж ажиллах хүсэл эрмэлзлэлийг тавьж өгсөн, гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг, менежер Ш.Галбадрах үе үеийн  нийгэмлэгийнхээ идэвхитэн гишүүддээ маш их баярладаг. Нийгэмлэгт ажилласных үр хүүхдээ ч гэсэн нийгмийн идэвхитэй болгож өсгөсөн. Манай том хүү Үндэсний үе тэнгийн сургагч багш болсон. Одоо 25 настай, гэр бүлээ төлөвлөчихсөн, улс орондоо  ихийг бүтээгээд ажиллаж байна.  Энэ бол нийгэмлэгийн үйл ажиллагааны ач гавьяа гэж боддог.

-Бидэнтэй гэгээн үйлсийнхээ талаар ярилцсан танд баярлалаа.

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search