Б.ДАНГААСҮРЭН: Хөдөлмөрийн гавьяаны одонгоос илүү их баярлуулсан зүйл нь миний шавийн гэр бүл байсан

 In Шинэ мэдээ

Гэр бүлийн сайн сайхан, эрүүл байдал нь Монгол улс баттай хөгжихийн үндэс суурь гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй хүн үгүй биз ээ. Чухам энэ хөгжлийн төлөө ажилладаг Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Гэгээн үйлсийн эзэдтэй бид цуврал ярилцлагыг хийж байгаа билээ. Энэ удаад үүсгэн байгуулагчдын нэг, Улаанбаатар хотын анхны салбарын дарга, Хүүхдийн сонсголын согог судлаач, доктор профессор, чих, хамар хоолойн эмч Б.Дангаасүрэнтэй ярилцлаа.

Товч намтараас:

1999-2001 онд МГБССН-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн

2001-2003 онд МГБССН-ийн Нарийн бичгийн дарга

2003-2017 онд МГБССН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн

2014-2017 онд Олон улсын гэр бүл төлөвлөлийн холбооны Зүүн ба зүүн өмнөд Азийн бүсийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллажээ.

-Таныг хүмүүс сонсголын согог судлал, чих хамар хоолойн эмч, багш гэдгээр их сайн мэддэг. Харин яаж яваад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтэй холбогдчихсон юм бэ?

Тийм ээ. Их сайхан түүхтэй шүү. Би хүүхдийн сонсголын согог судлалаар мэргэшсэн, чих хамар, хоолойн эмч мэргэжилтэй хүн. 1991 оноос анхлан 29 дүгээр тусгай сургуульд одоог хүртэл хүүхдийн чих хамар хоолой, сонсголын согог зүйч эмчээр ажиллаж байна. Түүнээс өмнө одоогийн Эх хүүхдийн эрүүл  мэндийн үндэсний төвд/ЭХЭМҮТ/ сонсголын согог судлаач, Хүүхдийн төв клиникт мөн энэ чиглэлээрээ ажиллаж байсан. Харин нөхөн үржихүйн чиглэлээр ажиллах болсон нь хүний их эмч, удам зүй судлаач Ж.Раднаабазар багштай минь их холбоотой.

Одоогоос 25 жилийн өмнө буюу 1994 оны нэгэн өдөр ажлаа хийгээд сууж байтал Ж.Раднаабазар багш маань над руу ярьсан юм. Тухайн үед багш маань ЭХЭМҮТ-д эрдэм шинжилгээний асуудал хариуцсан орлогч захирлаар ажиллаж байв.

Багш маань Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг гээд байгууллага байгуулж байгаа тухайгаа тайлбарлаад анхны хурлаа хийх болсноо мэдэгдсэн. Би ч нийгэмлэгийн зорилго, алсын харааг нь сонсоод их хэрэгтэй чухал байгууллага байна гэж дэмжээд анхны хуралд нь 29 дүгээр сургуулийнхаа хэдэн багш нартай хамт очиж оролцож, улмаар байгууллагад элсч байлаа. Би маш их баяртай очсон. Учир нь анхны хурлаасаа 29 дүгээр сургуулиас 15 гишүүнийг элсүүлж, нийгэмлэгийн харьяа Улаанбаатар хотын салбарыг шууд байгуулсан түүхтэй. Тухайн үед гүйцэтгэх захирлаар Ч.Сэмжидмаа, ерөнхийлөгчөөр Ж.Раднаабазар багш, н.Оюун, н.Гансүх, н.Дэмбэрэлсүрэн гээд тухайн үеийн мундаг эмч, мэргэжилтэн боловсон хүчнээр гар нийлсэн сайхан баг бүрдэж байлаа. Анхны хурал дээр Олон улсын Гэр бүл төлөвлөлтийн холбооны Зүүн ба Зүүн өмнөд Азийн бүсийн төлөөлөгч Палан ирж Монгол дахь салбарын дүрэм, үйл ажиллагааг чиглүүлж өгч байсан санагдана.

-Таныг хотын салбарын даргаар ажиллаж байсан гэсэн. Анх юунаас ажлаа эхлүүлсэн бэ?

Салбараас зохион байгуулж байгаа ажилд туслаад чиглэл өгөөд явсан. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл сургалт, сурталчилгаа хийгээд хүн амд чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Миний хувьд 2003-2010 онд УБ хотын салбарын даргаар ажилласан. Энэ салбарт ЭХЭМҮТ, БГД-ийн Эрүүл мэндийн төвийн салбарууд, 29 дүгээр сургуулийн салбар орж байсан. Өөр өөрсдийн чиглэлээрээ ажлаа зохион байгуулж байсан. Миний хувьд 29 дүгээр тусгай сургуулийнхаа үйл ажиллагаатай уялдуулаад ажил зохион байгуулсан гэж хэлж болно. Жирийн хүүхдийг бодоход сонсголын бэрхшээлтэй өсвөр үеийн хүүхдүүдэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар ойлгуулна гэдэг бас амаргүй ажил. Тэдэнд энэ талын хичээл орохоос гадна нийгэмлэгээс зохион байгуулдаг сургагч багш бэлтгэх сургалтад хамруулах, уралдаан тэмцээн, хүүхдийг хөгжүүлэх арга хэмжээнүүдэд хамруулсан нь тэднийг цаашдын өсч, хөгжих боломжоор хангасан их сайхан буянтай үйл болсон гэж боддог. Ер нь их эрч хүчтэй ажилласан шүү.

-Тухайн үед сонсголын бэрхшээлтэй өсвөр үеийн хүүхдэд ийм төрлийн хичээл ордог байсан уу, одоо энэ байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Энэ чиглэлээр анх ярьж, хэлж, сурталчилсан газар бол манай нийгэмлэг гэхэд хилсдэхгүй. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааг зохион байгуулах ажлыг анхлан зохион байгуулж, чөлөөтэй ярьж, өргөн хүрээтэй тавигдахад хувь нэмрээ оруулсан. Манай нийгэмлэг ер нь л бүх зүйлийн анхдагч гэж боддог. Аймгуудад салбартай. Энэ үйл хэрэгт Ж.Раднаабазар багшийн маань оруулсан хувь нэмэр асар их гэдгийг дурьдах нь зүйтэй. Өөрийнхөө сонсголын чиглэлээр ажиллах тэр их ажлын хажуугаар нийгэмдээ тустай, сайн дураараа өсвөр үе залууст нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох ажилд гар бие оролцож яваадаа үнэхээр их талархалтай байдаг.

Тухайн үед надаас хичээл сонсч, зөвлөгөө авч байсан сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд өдгөө олон сайхан хүүхдийн аав, ээж болчихсон амьдралаа хэнээс ч дутахааргүй авч явахыг харах сайхан байдаг.

-Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд яаж нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийг ойлгуулдаг вэ. Ямар нэгэн хүндрэл бэрхшээл байсан уу?

Энэ их амаргүй арга барилыг шаарддаг ажил. Би нийгэмлэгээсээ төсөл аваад өсвөр үе залуучуудын дунд нилээн үйл ажиллагааг явуулсан. Манай сонсголын бэршээлтэй хүүхдүүдийн нэг онцлог нь дохионы хэлээр ярьж ойлгуулах явдал байсан. Миний хувьд дохионы хэлийг эзэмшсэн, бүр олон улсын дохионы хэлийг ч мөн сурчихсан байсан болохоор энэ тал дээр асуудал гараагүй. Сонсголын бэрхшээлтэй хүн мэдээж бэлгийн замаар дамжих халдварт өртөхгүй байна гэж байхгүй, адилхан л өртөх эрсдэлтэй. Тиймээс тэдний ойлгодог хэлээр нь мэдээллийг өгч, зөвлөгөө өгөх нь их чухал байсан. Эхэндээ хүүхдүүдэд хичээл заахаар нэгнээсээ ичих, санаа зовох, хүйсээс шалтгаалж надаас ичих зэрэг байдал ажиглагддаг байсан ч сүүлдээ их нээлттэй болсон. Мөн ганцаарчилсан зөвлөгөө өгөх шаардлага их гарна.

Тухайн үед энэ хичээлийнхээ үр дүнг мэдээгүй. Хожим тусгай сургуулийнхаа 50 жилийн ойгоор олон жилийн сургалтын үр дүн гарсаныг мэдээд их баярласан. Ойн хурал болж намайг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Мэдээж шагнал авсан хүн баяртай байлгүй яах вэ.

Гэтэл тэр хурал дээр бас нэгэн тэрнээс илүү баярлах тохиолдол гарсан. Хүн хийсэн ажлынхаа үр шимийг хүртэж, хэн нэгний амьдралд эерэг өөрчлөлтийг авчирсанаа олж мэдэх тэр мөч хамгийн их аз жаргал юм билээ. Бараг эргээд харахад 67 жилийн туршид хүний төлөө гэж явсан нь зөв зам байжээ гэдгийг батлах шиг санагдсан. Хурал тараад гартал үүдэнд миний нэг шавь хүүхдээ тэврээд, эхнэртэйгээ зогсч байлаа. Сурагчид маань намайг эмч гэхээсээ илүү багшаа гэдэг болохоор багшаа танд ёстой их баярладаг шүү гэхээр нь нэг их юм бодолгүй яагаад миний хүү гээд асуусан. Гэтэл шавь маань та надад нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээл орж байсан би өнөөдөр гэр бүлээ зохиож сайхан хань, үр хүүхэддтэй болсон. Танд насан туршдаа баярлаж явах болно гээд хэлэхээр нь би аймаар их баярласан, өөрийн эрхгүй нүдний нулимс гарсан. Ингээд бодохоор сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ зөвхөн сонсгол тал дээр нь ажиллах бус ирээдүйд аав ээж болж, хэнээс ч дутахааргүй хэрэгтэй мэдээллийг нь өгөөд, амьдралыг нь багахан ч гэсэн зөв чиглүүлээд өгсөндөө баярладаг.

-Сонсголын ч гэлтгүй хөгжлийн бэрхшээлтэй өсвөр үеийн хүүхдүүдэд үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгөхөд, тусламж үйлчилгээ үзүүлэхэд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд  хэр байдаг юм бол. Тэдэнд үйлчилгээ авахад ямар нэгэн саад бэрхшээл учирдаг л байх?

Хичээлийн дараа хүүхдүүд бас их ганцаарчилж зөвлөгөө авдаг. Энгийн хүүхдүүд мэдээллийг нэг сонсоод ойлгодог бол сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд арай өөр онцлогтой.  Нэг ээж сонсголын бэрхшээлтэй хүүгээ дагуулж ирснийг би мартдаггүй юм. Хүүхэд нь орны даавуугаа өмд рүүгээ чихээд байдаг болчихсон байгаа юм. Ээж нь асуухаар юу ч хэлэхгүй. Гайхаад арга барахдаа над дээр ирсэн байсан. Тэгээд ээжийг нь гаргаж байгаад нөгөө хүүтэй ярилцаад үзтэл бэлгийн замаар дамжих халдвар авсан байсныг нь мэдсэн. Эмнэлэгт очих гэхээр ичээд, айгаад үзүүлээгүй байсан. Дүлий хүн чинь бусдаас өөр. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад олон бэрхшээлтэй нүүр тулгардаг. Хэдийгээр 25,30 настай насанд хүрсэн байсан ч дандаа дэргэдээ асран хамгаалагчтай явах шаардлага гардаг. Би хүүг дагуулаад Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлж, шинжилгээ, эмчилгээг нь хийлгэсэн. Иймэрхүү байдлаар надад итгэж залуучууд маань зөвлөгөө авч, ярилцдаг болчихсон. Би ч дүүргийнхээ эмч нар луу чиглүүлж, холбож өгч, ажилладаг болсон доо.

Ер нь хөгжлийн бэрхшээлтэй залуучууд эмнэлэгт очиж үзүүлэхдээ их эмзэг байдаг. Энэ нь мэдээж олон шалтгаантай байх. Эрэгтэй хүн байлаа гэхэд голдуу эмэгтэй эмчээс ичнэ, цаасан дээр бичээд асуудлаа ярихаар эмч нар нь сайн ойлгохгүй эм бичиж өгсөн болоод явуулчихдаг зэрэг асуудлууд их.  Гэхдээ одоо мэдээлэл арга хэрэгсэл нь утас, компьютер гээд их сайжирчихсан болохоор илүү нээлттэй болсон гэж боддог.

Гэхдээ миний нэг бодож явдаг зүйл бол ерөнхий боловсролын сургуулийн эмч гэдэг статусыг сайжруулж, тавигдах шаардлагыг өндөрсгөмөөр санагддаг. Сургуулийн эмчийг их эмч хийх ёстой гэсэн шаардлагыг тавиасай гэж боддог. Батсэрээдэн сайдын үед ч сургуулийн эмчийн асуудлыг хүчтэй тавьж, ирээдүйн ижий, аав нарыг бэлдэж байгаа учраас өсвөр үеийн эмч гэдэг нэршилтэй байх ёстой гээд боловсролын яамтай хамтарсан комисс ажиллаад асуудлыг нилээн цэгцрүүлж байсан ч огцроод асуудал чимээгүй болсон доо.

 

 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search