М.Батзориг: Буяны цагаан мөртэй байгууллагаасаа олон зүйлийг сурсан даа

 In Шинэ мэдээ

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр тасралтгүй 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа, Монголдоо хамгийн анхдагч бөгөөд цор ганц НҮБ-д нийгэм, эдийн засгийн зөвлөлдөх статустай ТББ болох Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн сайн туршлага, монгол улсад нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг сайжруулахад оруулсан хувь нэмрийг олонд таниулах зорилгоор “Гэгээн үйлсийн эзэд” цуврал ярилцлагыг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Бид энэ удаад МГБССН-ийн ерөнхийлөгч М.Батзоригтой ярилцлаа. Тэрээр 15 настайгаасаа эхлээд Өвөрхангай аймагт нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр үе тэнгийн сургагч багшаар бэлтгэгдсэн. Тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч хэмээх эрхэм хүндтэй, хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаа залуу удирдагч юм.

Товч  намтар:

2006 он-Өвөрхангай аймгийн Хүүхдийн төлөө төвийн мэргэжилтэн

2009-2013- Өвөрхангай аймгийн Гэр, бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар

2005-2007, 2013 оноос Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Өвөрхангай аймгийн салбарын Удирдах зөвлөлийн  гишүүн, Салбарын даргын албыг тус тус хашиж байсан. Мөн МГБССН-ийн Гүйцэтгэх хорооны гишүүнээр ажиллаж байгаад 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.  

-Таныг 15 настайгаасаа эхлээд үе тэнгийн сургагч багш болсон гэж сонссон. Яагаад үе тэнгийн сургагч багш болохоор шийдэж байсан бэ. Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтэй холбогдсон дурсамжаасаа бидэнтэй хуваалцана уу?

2000 оны эхээр байсан санагдана. Тухайн үед Өвөрхангай аймаг дээр “Соёл-Үг” хэмээх утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг маань анх удаа нэвтрүүлж байсан. Энэ нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр өсвөр үеийнхэнд тулгамдсан асуудлаар зөвлөгөө өгдөг, дотно зөвлөх утас байсан юм. Идэвхитэй, мэрийлттэй, нийгмийн ажилд дуртай байсан болохоор ч тэр үү утасны зөвлөгч сургагчаар анх ажиллаж байлаа.

Үе тэнгийн найзууддаа бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр ярилцаж, зөвлөгөө өгдөг байсан гэсэн үг. Ер нь үе тэнгийн сургагч багш гэдэг асар их үүрэгтэй, үеийн найзууддаа нөлөөлөх чадвартай сурагч байдаг. Өсвөр насны хүүхдүүд тэр бүр өөрт тулгамдаж буй асуудлаа аав, ээжтэйгээ ярихаас илүү найздаа ярьдаг шүү дээ. Тиймээс үе тэнгийн сургагч багшаар дамжуулан өсвөр насанд нь зөв шийдвэр гаргахад нь чиглэсэн, ирээдүйд гарах эрсдлийг нь ойлгуулсан байдлаар зөв мэдлэгийг өгөхөд манай нийгэмлэгийн бэлдсэн үе тэнгийн сурагч багш нар асар их үүргийг гүйцэтгэсэн гэж боддог. Одоо энэхүү залгамж халаа маань явсаар та бидний сайн мэдэх аймгууд дахь Өсвөр үе, залуучуудын төв болон өргөжиж, өдгөө 10 гаруй аймагт манай салбараар дамжин үйл ажиллагаа явуулж байна.

– Нийгэмлэгтэй холбогдсоноор таны амьдралд ямар өөрчлөлт гарсан гэж та боддог вэ. Хувь хүн болоод нийгмийн хувьд?

Асар их өөрчлөлт, боломжууд гарсан. Сургагч багшаас эхлээд салбарын удирдах зөвлөлийн гишүүн, салбарын дарга, Үндэсний зөвлөлийн залуу гишүүнээр ажилласан. Түүгээр ч үл барам Олон улсын залуучуудын форумд Монголоо төлөөлж оролцох хувь завшаан надад олдсонд маш их талархаж явдаг. Залуу хүний хувьд өөрийгөө нээх, олны өмнө үг хэлэх, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хамтран ажиллах, үзэл бодлоо илэрхийлэх гээд олон талаар чадавхижуулж, бие хүн болгож төлөвшүүлэх, нийгэмд өөрийн гэсэн үүрэг рольтой, аливаа асуудалд олон талаас нь ханддаг болгоход их нөлөөлсөн буяны цагаан мөртэй байгууллага гэж боддог. Жирийн нэгэн үе тэнгийн сургагч багш байсан би өдгөө нийгэмлэгийнхээ ерөнхийлөгч хэмээх хариуцлагатай албыг хашиж байгаадаа маш их талархаж явдаг. Энэ сайхан байгууллагынхаа 20 гаруй жилийн үүх түүх, амжилт, цаашдын томоохон зорилгод өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээн ажиллаж байна.

-Сургагч багшаас өдгөө энэ түүхэн байгууллагын Ерөнхийлөгчийг 2017 оноос хийх болсон гэхээр бүхнийг А-гаас нь эхэлж сурчээ. Та бүхний хувьд зөвхөн Монгол улс төдийгүй дэлхий нийтийн өмнө их зорилт болсон Тогтвортой хөгжлийн дэд зорилт болох хүн бүрт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрхийн боловсрол олгох, тусламж үйлчилгээг чанартай тэгш, хүртээмжтэй хүргэхэд манлайлж ажиллаж байгааг олон нийт тэр бүр мэддэггүй?

Хэн нэгэн ерөнхийлөгч болоод нийгэмлэгийн үйл ажиллагаа, зорилго чиглэлийг нь өөрчилнө гэж байхгүй. Манай байгууллага бусад төрийн бус байгууллагууд дундаас хамгийн ардчилалтай, засаглалтай, тогтворжсон, чадавхижсан, олон улсын стандарттай байгууллага гэдгийг хэлэх нь зүйтэй. Тиймдээ ч 2015 онд НҮБ-тай нийгэм, эдийн засгийн зөвлөлдөх статустай Монгол уулсын хамгийн анхны төрийн бус байгууллага болсон. Ямар нэгэн санал, бодлогын асуудлыг хэлэлцэхэд хамгийн анхан шатны аймгийн салбар нэгж, гишүүдээсээ эхлээд санал авч, Удирдах зөвлөл, гишүүдээрээ хэлэлцүүлдэг учраас маш нарийн дектатуртай үйл ажиллагааг төлөвлөсний дагуу залуурдаж чиглүүлдэг. Гэхдээ би ямартай ч өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд нийгэмлэгийн цаашдын үйл ажиллагааны стратегиа дахин боловсруулж, сайжруулахаар ажиллах болно.

Манай байгууллага бусад төрийн бус байгууллагууд дундаас хамгийн ардчилалтай, засаглалтай, тогтворжсон, чадавхижсан, олон улсын стандарттай байгууллага гэдгийг хэлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл одоогийн бидний гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, тусламж үйлчилгээ, явуулын тусламж үйлчилгээ, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн талаарх үйлчилгээ, төсөл хөтөлбөрийг алслагдсан хөдөөгийн малчин, зорилтот эмзэг бүлгийн, үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал бүлэг рүү илүү чиглүүлэхэд анхаарах болно.

-Нийгэмлэг нийтдээ 15 аймагт салбартай томоохон үйл ажиллагаатай гэж харагддаг. Орон нутагт салбартай байхын ач холбогдол нь юу вэ. Алслагдсан хүн амд хэрхэн хүрч, малчдад мэдээллээ хүргэснээр ямар үр дүн гарч байна гэж боддог вэ?

Би салбарын дарга хийж байсан хүний хувьд хэлэхэд орон нутагт салбар байх нь чухал. Гэхдээ хамгийн чухал нь салбарыг хариуцсан, удирдан чиглүүлж яваа хүнээс их зүйл шалтгаалдаг гэдгийг хэлмээр байна. Хувь хүний санаачлага, идэвхи зүтгэл маш чухал. Бид олон улсын санхүүжилтийн тодорхой хэсгийг орон нутгийн салбаруудруугаа чиглүүлдэг ч,  үр дүн гаргахгүй бол хэцүү. Хэдийгээр нийгэмлэгийн бодлого, үйл ажиллагааг аймгуудад залгуулж, хүн амд гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна гэдэг утгаараа байх нь зайлшгүй. Цаашид аймгуудын салбарыг нэмэхээс илүү үр дүнд суурилсан салбарыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллана.

Зарим салбарууд маань явуулын үзлэг тусламжийг орон нутгийнхаа Эрүүл мэндийн нэгдэл, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношлогооны төвүүдтэй гэрээ байгуулаад хүртээмжтэй сайн хэрэгжүүлж байгааг энд дурдах нь зүйтэй. Тухайлбал Сүхбаатар, Өвөрхангай, Дорнод, Төв, Булган гэх мэт аймгуудад явуулын тусламж үйлчилгээгээр жилд дунджаар 25 000 гаруй иргэдэд эмэгтэйчүүдийн үзлэг, ЭХО, дотрын үзлэг, БЗДХ/ХДХВ-ын шинжилгээ, сүрьеэ, хүүхэд, шүд зэрэг бусад үзлэг оношилгоог хийж гүйцэтгэж байна.

Цаашид аймгуудын салбарыг нэмэхээс илүү үр дүнд суурилсан салбарыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллана.

Сүүлийн жилүүдэд ямар ямар төслийг хэрэгжүүлж байна вэ. Гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой төслийг ЭМЯ-тай хэрэгжүүлэхээр болсон гэсэн. Энэ ажлын талаар, явцын талаар ярина уу?

Бид олон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байгаа. Гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн яамтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ (YPEER), өсвөр үе залуучуудад зориулсан төвүүдээрээ дамжуулан жилд дунджаар 50 гаруй мянган залууст бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг боловсрол мэдээлэл олгож ажиллаж байна.

Энэ хүрээнд олон ажил төлөвлөөд ажиллаж байна. Мөн салбарууд ч гэсэн орон нутгийнхаа түвшинд шат шатны байгууллагуудтай хамтарч ажиллахыг эрмэлздэг. Хамтын ажиллагааны дүнд л энэ асуудлыг шийдэх боломжтой юм. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасч бусад хичээлтэй интеграци хийж байгааг үр дүн, үндэслэл муутай гэж үзэж иргэний нийгмийн 107 байгууллага нэгдэн Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд шаардлага хүргүүлэх, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухаан байнгын хорооны гишүүдэд захидал хүргүүлэх зэрэг ухуулга нөлөөллийн ажилд манлайлж оролцсоны хүчинд хичээлийг буцааж оруулахаар болсон. Гэх мэтчилэн төртэйгээ, төрийн бустайгаа, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж байна.

-Өнгөрсөн 2018 онд танай байгууллага ямар ажлыг амжуулав. Энэ талаараа яривал?

Өнгөрсөн онд бид хамтдаа маш олон зүйлийг амжуулж, шинээр олон сайхан ажил хэрэгжүүлж нийт 255,000 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 355 Үе тэнгийн сургагч багш бэлтгэж, 8600 гаруй хүүхдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, сурталчилгаа түгээсэн байна. Булган аймгийн Сайхан сумын салбар шинэ байртай болж, Дархан-Уул, Увс аймгууд санаачлан орон нутгаас санхүүжилт авч явуулын тусламж үйлчилгээг амжилттай зохион байгуулсан. Мөн Дархан-Уул, Өмнөговь, Дорнод салбарууд орон нутгаасаа санхүүжилт босгон үе тэнгийн сургалт амжилттай зохион байгуулж, Дархан- Уул, Төв салбарууд төсөл бичиж санхүүжилт аван нэмэлтээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ, Булганы Сайхан салбарууд олон шинэ гишүүдээр эгнээгээ өргөжүүлсэн зэрэг ажлуудыг онцлон дурдмаар байна.

-Сайн дурын идэвхтэн гишүүд 900 гаруй байдаг гэсэн. Тэр хүмүүс орон нутагт болон хотод ард иргэдэд нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн эрүүл мэндийн талаар ухуулга нөлөөлөл хийдэг гэсэн үг үү.

Жирэмслэхээс хамгаалах арга хэрэгслийг түгээх, мэдээлэл сургалт сурталчилгаа зохион байгуулж буй сайн дурын идэвхтнүүдийн үйл ажиллагаа нь бага зардлаар илүү үр дүнд хүрэх нэг арга тул энэ стратегийг улам өргөжүүлэхээр ажиллаж байна.

2016 онд сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтыг Өвөрхангай аймгийн салбартай хамтран бүсчилсэн байдлаар зохион байгуулж Өмнөговь, Архангай аймгийн Хашаа, Баянхонгор салбаруудаас нийт 15 сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэсэн. Мөн 10 мянга гаруй хүнд хүрч үйлчилсэнээс 1500 шахам хүнд хосын болон ганцаарчилсан зөвлөгөө, жирэмслэхээс хамгаалах аргуудын хангалт зэрэг нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 40 гаруй хувиар өссөн байна.

– Олон улсын аудит оруулдаг, сайн засаглалын зарчимтай, шашны бус, улс төрийн бус байгууллага үнэхээр жишээ болж ажиллаж байна. Бусад ТББ тийм байж чадаж байна уу

Дотоод ардчилал сайтай гарын арван хуруунд тоологдох төрийн бус байгууллагуудын нэг. 10 гаруй жилийн өмнө зүгээр нэг сургагч багш байсан хүн өнөөдөр ерөнхийлөгч болсон гэдэг нь байгууллагын ардчиллын зарчмыг харуулаад байгаа юм. Нөгөөтэйгүүр бид монголын төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд дундаа сайн үлгэр дууриалал, тодорхой хэмжээний замнал, сайн туршлагыг бий болгосон гэж хэлж болно. Олон байгууллагууд манайхаас туршлага судалдаг.

Төр бүх иргэддээ, бүх үйлчилгээг хүргэхэд хэцүү л дээ. Манай байгууллагын хувьд төрийн ачааны хүндээс үүрэлцээд явж байгаа гэж ойлгодог.

-Таны бодлоор гэр бүлийн сайн сайхан байдал гэж яг юуг хэлэх вэ?

Элбэг хангалуун гэхээс илүүтэйгээр эрүүл, аз жаргалтай, өнөр өтгөн гэр бүлийг хэлэх болов уу. Гэр бүл гэдэг төрийн хамгийн бага нэгж. Гэр бүл амгалан бол төр амгалан байна. Төр бүх иргэддээ, бүх үйлчилгээг хүргэхэд хэцүү л дээ. Манай байгууллагын хувьд төрийн ачааны хүндээс үүрэлцээд явж байгаа гэж ойлгодог. Ард иргэддээ бидний үзүүлэх ёстой үүрэг юм.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search