Ч.Сэмжидмаа: Чи өөрөө ХДХВ/ДОХ-ын халдваргүй байж тэр хүний асуудлыг хэзээ ч ойлгохгүй гэсэн алтан зарчимтай

 In Шинэ мэдээ

Тухайн хүн ажилдаа сэтгэл зүрхээ өгвөл чадахгүй, хийхгүй ажил гэж үгүй

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн чиглэлээр тасралтгүй 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа, Монголдоо хамгийн анхны НҮБ-д нийгэм, эдийн засгийн зөвлөлдөх статустай ТББ болох Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн сайн туршлага, монгол улсад нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг сайжруулахад оруулсан хувь нэмрийг олонд таниулах зорилгоор “Гэгээн үйлсийн эзэд” цуврал ярилцлагыг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Олон улсын Гэр бүл төлөвлөлтийн холбооны гишүүн байгууллага болох МГБССН-ийн анхны гүйцэтгэх захирал, анхны дэд ерөнхийлөгч Ч.Сэмжидмаатай ярилцлаа.

– Олон улсын Гэр бүл төлөвлөлтийн холбоо нь нөхөн үржихүйн эрхийн асуудлыг дэлхий нийтийн анхаарлыг хандуулсан байгууллага. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх гэдэг ойлголтын талаар та бидэнд ярихгүй юу?   

Олон улсын Гэр бүл төлөвлөлтийн холбоо буюу IPPF нь анх 1950-иад оны эхэн үеэр байгуулагдсан. Дэлхий нийтэд нөхөн үржихүйн эрхийн асуудлуудыг хүчтэй гаргаж тавьсан байгууллага гэдэгтэй санал нийлэхгүй хүн үгүй биз ээ. Анх эмэгтэйчүүдийн эв нэгдэл, сайн сайхны төлөө гэсэн үзэл санаан дээр үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхий нийтэд эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндөж, томоохон хөдөлгөөнийг өрнүүлж чадсан. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ямар эрхтэй вэ. Энэ эрхийнхээ хүрээнд төрөөс ямар үйлчилгээг шаардах ёстой вэ, ижил тэгш байх хүрээнд гэр бүл төлөвлөлтөө хэрхэн хийх вэ зэрэг хэний ч хөндөөгүй асуудлыг гаргаснаараа дэлхий нийтэд танил болж, дэлхийн 180 гаруй оронд гишүүн байгууллагатай болтлоо өргөжсөн.

Түүх сөхөхөд, 1994 оны CAIRO-ын хурлын дараа маш олон гивлүүртэй эмэгтэйчүүд нүүрээ ил гаргаж эхэлсэн. Мөн охидын эрхтнийг зэрэмдэглэн тамладаг шашны зан үйлийн асуудлыг хүчтэй шүүмжилж, хүний эрхийн зөрчлүүдийг хурцаар гаргаж тавьснаар олон охидын ирээдүйг аварсан юм.

Харин бид өөрийн улсдаа 1994 онд хүний гавьяат эмч Ж.Раднаабазар гуайн санаачлагаар IPPF-ийн гишүүн Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийг байгуулсан нь маш том амжилт болсон гэж боддог. 1996 оноос НҮБ-ын Хүн амын сантай хамтраад өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн хичээлийг оруулдаг болгох ажлыг эхлүүлж, тэр дундаа нөхөн үржихүйн асуудлыг тусгахаар идэвхийлсэн. Энэ ч үүднээс “Өсвөр, залуу үеийг гэр бүлд бэлтгэх нь” номыг Ж.Раднаабазар, доктор, профессор Т.Намжил нар хамтран гаргаж байлаа. Ингээд ажил алхам алхмаар урагшилж, Эрүүл мэндийн яам, БСШУЯ-ны Боловсролын хүрээлэнтэй хамтарсан баг хүртэл гарч байлаа. Тухайн үед их дээд сургуулийн багш нар нөхөн үржихүйн эрүүл мэнд гээд хүүхдүүдийн толгойнд хэрэггүй зүйл суулгах гэлээ хэмээн биднийг эсэргүүцэж байсан шүү.

-Та эмч мэргэжилгүй мөртлөө ямар хувь тохиолоор монголын өсвөр үе, залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх, тусламж үйлчилгээг ойлгуулж, энэ чиглэлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажилтай болсон бэ гэдгээс яриагаа эхэлье?

Тийм ээ, нэг талаар хачирхалтай түүх ч гэж болно. Би 1990-ээд оны дундуур Арьс ширний үйлдвэрт гадаад харилцааны мэргэжилтнээр ажилладаг байлаа. Англи хэлний нэг курсэд сууж байхдаа МГБССН-ийг үүсгэн байгуулагч, хүний их эмч Ж.Раднаабазар багштай танилцсан. Ингээд нийгэмлэг байгуулах анхны хуралд нь би, Ж.Раднаабазар багшийн охин Р.Эрдэнэтунгалагтай хамт орчуулга хийсэн юм. Гэтэл орчуулга тааруухан байсан учир багш маань өөрөө орчуулж билээ. Бид хоёр ичээд, нүүр хийх газар олдоогүй бөгөөд багшаасаа их айсныг санаж байна.

Үүний дараагаар МГБССН гүйцэтгэх захирлаа нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм. Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны гишүүн байгууллага учраас шударга зарчмаар танил тал хамааралгүй шалгаруулалт явуулсан. Нэлээн олон хүн шалгасны эцэст миний бие тэнцсэн. Анх 1996 оны 3 дугаар сард захирал болчихоод долоохон хоногийн дараа шууд Малайзад болох томоохон хуралд явсан юм. Гэр бүл төлөвлөлт гэж юу юм, нөхөн үржихүйн эрх гэж чухам юуг хэлдгийг мэдэхгүй шахам хүн явсан болохоор их санаа зовсон. Гэхдээ бас хоосонгүй, ЭХО аппараттай болоод ирсэн. Тухайн үед Англид эмчээр төгссөн н.Наранчимэгтэй хамтраад нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний анхны эмнэлгийн төслийг эхлүүлж байлаа. Эхэндээ ажлаа мэдэхгүй, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар ойлгохгүй зүйл их гарч байсан. Англи хэлний бэрхшээл, эрүүл мэндийн талаар мэдлэг хомс байсан ч хийдэг, мэддэг хүмүүстэй нь хамтраад, өөрийгөө дайчлаад ажиллахад бүх зүйл боломжтой болдгыг ойлгосон.

-Одоогоос 20 гаруй жилийн өмнө “Би хаанаас төрсөн бэ” анимэйшн киног танайхаас хийсэн байдаг. Тухайн үеийн хүүхэд бүр тус киног үзсэн нь лавтай. Байгуулагдсан цагаас хойш ер нь хичнээн гарын авлага, мэдээлэл сурталчилгааны материалыг хийсэн бол?

Анх Боролдой студитэй хамтраад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох “Би хаанаас төрсөн бэ” киног хийсэн. Олон нийтэд цацсаны дараа хүмүүс маш их сонирхсон. НҮБ-ын Хүн амын сангаас киног маань худалдаж аваад бүх аймгуудын нөхөн үржихүйн кабинетад тараая гэсэн санал тавьсан ч бид нэгэнт хүн ардад хэрэгтэй зүйл учир мөнгө авалгүй, оронд нь хүмүүст сайн хүргээрэй гэж байлаа. Саяхныг хүртэл тус киног Дэлхийн зөнгөөс зохион байгуулсан Өсвөр үеийнхний хурал дээр хүүхдүүдэд үзүүлсэн. Сайн мессежтэй, сайн мэдээлэл сурталчилгааны материал гэдэг он цаг хуучирсан ч үнэ цэнээ алддаггүй гэдгийг ойлгосон.

Анх бид өсвөр үе залууст нөхөн үржихүйн эрүүл мэндээр сургалт явуулахад бэрхшээлтэй зүйл багагүй тулгарч байсан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гоё тохижуулсан өрөөнд ширээ сандал бэлдээд өсвөр үеийн хэдэн охид, хөвгүүдийг цуглуулаад сарын тэмдэг, шилжилтийн насны өөрчлөлтийн талаар сургалт хийсэн юм. Тэгтэл эцэг эх нь дургүйцэж, ойлгохгүй явдал гарсан. Нэг охины ээж нь бүр ямар дэмий зүйл ярьдаг, хачин байгууллага вэ, дахиж битгий очоорой гэсэн байсан. Томчууд энэ талаарх мэдээллийг хүүхдээсээ нууж, зөв мэдээллийг хэлэлгүй өнгөрүүлсэнээр эцэст нь үр хүүхдээ буруу шийдвэр гаргахад хүргэсэн тохиолдлууд нэлээдгүй байсны нэг тод жишээ болов уу.

Тиймээс дараагийн сургалтаа их дээд, сургуулийн оюутнуудад хийж эхэлсэн. Орой бүр Топтен гээд оюутнуудын очдог газар сургалт хийнэ. Сүүлдээ хүмүүсийн хандлага шал өөр болж ирсэн нь манай байгууллагын оролцоо, уйгагүй мэдээлэл сурталчилгааны ажлын үр дүн гарсан гэж ойлгодог. Заримдаа хөдөө, орон нутгаар сургалт хийх үеэр хөгтэй ч гэмээр зүйлс болдог л байсан. Нэг удаа Төв аймагт Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооноос нэг Англи эмэгтэй ирээд бэлэг эрхтний үзүүлэн бариад сургалт хийж байтал нэг согтуу нөхөр зодох гэж дайрсныг одоог хэр нь мартдаггүй. Муусайн балиар юмнууд бэлэг эрхтэн гээд заваан юм ярилаа гээд яг л Сэрэлт кинон дээр гардаг шиг зүйл болж байлаа.

-Таныг Монголын анхны ХДХВ/ДОХ-ын халдвартай эмэгтэйтэй хамт олон улсын хуралд явж байсан гэж сонссон. Тэр чухам ямар хурал байсан бэ, тухайн үед энэ асуудал маш эмзэг, хүмүүс эрхийн талаас нь ойлгож хүлээж авдаггүй үе байсан болов уу?

Бид нар олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байгаагийн хувьд асар их боломжоор хангагдсан. Тийм ч учраас 2000 онд Олон улсын 13 дугаар их хуралд монголын ХДХВ/ДОХ-ын халдвартай эмэгтэйтэй хамт явж байсан юм. Хурлаас маш их хэрэгтэй мэдээллийг авсан. Хэдийгээр би эмч биш ч гэлээ нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн чиглэлээр, тусламж үйлчилгээ, ялгаварлан гадуурхалтын чиглэлээр ямар ажил хийх ёстой вэ гэдгээ улам бүр ухаарсан гэж болно.

Тус хурлын зорилго нь чи өөрөө ХДХВ/ДОХ-ын халдваргүй байж тэр хүний асуудлыг хэзээ ч ойлгохгүй гэсэн алтан зарчмын дагуу хамт явах учиртай байсан. Бид тус хурал дээрээс өсвөр үе залуу үеийнхнийг ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төсөл бичээд газар дээр нь 15000 долларын төслийг авч байлаа. Төслөөр олон мянган залууст халдварын талаарх мэдээлэл, сургалт сурталчилгааг хийж, олон ажил зохион байгуулсан даа. Манай олон улсын байгууллагын үзэл санаанд ч тэр, нийгэмлэгийн хамт олон маань ч тэр аливаа ажлыг хөрөнгө мөнгө шамшигдуулалгүй, сохор зоос ч дутаалгүй, үнэнчээр хийх соёл хадаастай байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй.

OLYMPUS DIGITAL CAMERA

-Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийг 1994-2012 оны хугацаанд удирдсан хүний хувьд эргээд харахад хийж бүтээсэн төслүүдээс хамгийн амжилттайг нь нэрлэ гэвэл?

Маш олон төсөл хөтөлбөрийг нэрлэж болно. Тэр дундаас санаанд тод үлдсэн гэвэл Африкаас санаа аваад хийсэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц боловсрол олгох хөзөр. Хөзрийг хийгээд тараах маш их үр дүнд хүрсэн. Энэ хөзрөөр мэдээлэл тараах ажил нь Зүүн өмнөд Азийн орнууд дундаас хамгийн сайн мэдээлэл сурталчилгааны материалаар хүртэл шалгарсан удаатай.

Түүнээс гадна Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны гишүүн Азийн орны байгууллагууд дундаас анхны магадлан итгэмжлэлийг авсан гэдгээрээ үнэхээр их бахархдаг. Манайх Ази дотроо үйл ажиллагаагаараа дандаа нэгд орж байсан нь манай багийнхан, сайн дурын идэвхтэн, гишүүд, үе тэнгийн сургагч багш нарын маань гавьяа гэж боддог. Олон улсын магадлан итгэмжлэл нь нийт 68 шалгуур үзүүлэлттэй шалгууртай байснаас бид 4-ийг нь хангаж чадаагүй. Гэхдээ олон улсын байгууллагын нэг сайхан нь учиргүй чи мөнгө идэж уугаагүй бол, цаашаа гэлгүй дутагдалтай алдааг нь зааж өгөөд, засч залруулахад нь дэмжлэг үзүүлдэг юм билээ. Үүний дараа бид бүх үзүүлэлтийг хангаж, анхны магадлангаа авсан. Түүнээс хойш 3 удаа магадландаа амжилттай ороод байна.

Би 18 жилийн турш нийгэмлэгт тасралтгүй ажилласан. Ерөнхийдөө хүний гэр бүлийн хүмүүжил, сайхан сэтгэл бол аливаа ажлыг хийхэд их хэрэг болдог. Дээрээс нь удирдагч хүн гэдэг чадварлаг байж хүн удирдана. Хэлтэй, устай, бүх юмийг мэдэх, чадахын төлөө явдаг, хэнд ч мадлуулахгүй байж хүн удирдана. Тиймгүй унжийгаад байвал удирдаж чадахгүй. Манай олон улсын байгууллага үнэхээр бид нарыг сайн чадавхижуулсан. Хаана ч очсон өрсөлдөх чадвартай, хөрвөх чадвартай мэргэжилтэн болгон төлөвшүүлсэн.

Миний бие тэтгэвэртээ суусан ч хүний эрхийн чиглэлээр өөрөө төсөл бичээд ажиллаж байгааг бодоход нийгэмлэг маань насаараа ажиллах эрч хүч, эрдэм мэдлэг, боловсролыг надад харамгүй өгчээ гэж боддог. Тухайн хүн ажилдаа сэтгэл зүрхээ өгвөл чадахгүй, хийхгүй ажил гэж үгүй. Энэ нийгэмлэг шиг НҮБ-ын зөвлөлдөх статус авсан байгууллага нэг ч байхгүй. Манайх бол засаглалын  хувд маш сайн.

Таны ажлын арга барилаас сонирхмоор байна. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг учир маш их мэдрэмж шаарддаг болов уу?

Хүний эрхийн чиглэлээр ажиллахад хувь хүний гэрийн суурь хүмүүжил, ёс зүй, мэдлэг чадвар маш чухал нөлөөтэй. Мэдрэмж хэзээд чухал. Нэг мэдрэмжгүй алхам, үг өвчтэй зовлонтой, хүний эрхийн асуудалтай хүний зүрхийг зүсэх шиг болно шүү дээ.

Би ч яг ажлын талбар дээр их ширүүхэн л ажиллаж, хүмүүст их өндөр шаардлага тавьдаг арга барилтай байсан. Тэр хэрээр манай байгууллага их ч санхүүжилтыг татаж чадсан болохоор 8 залуучуудын төвийг асуудалгүй байгуулсан. Түүнээс гадна үр хөндөлтийн стандартад 10 жил үнэлгээ хийж, хянаагүй явж байсныг олж хараад манай байгууллага үнэлгээ хийж, стандартыг шинэчилж байсан түүхтэй. Олон ажлын анхдагч, санаачлагч болж байсан. Хүчирхийлэлд өртсөн иргэдийн хамгаалах байрыг санаачилж, гарын авлага гаргасан. Одоо тэр загвараар хийж байгаа гэж сонссон.

-Хүний төлөө хийсэн үйлс бүхэн гэгээн байдаг гэж боддог. Та бидэнтэй цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Баярлалаа. Энэ цагийн гэгээн үйлсийн эзэд улам их болно гэдэгт би итгэж байна. Залууст асар их хүч бий шүү гэдгийг хэлмээр байна.

 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search