Н.Адьяа: Гэр бүлээ зөв төлөвлөж сурснаар эх хүүхдийн эндэгдэл буурсан юм  

 In Шинэ мэдээ

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн чиглэлээр тасралтгүй 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа, Монголдоо хамгийн анхны НҮБ-д нийгэм, эдийн засгийн зөвлөлдөх статустай ТББ болох Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн сайн туршлага, монгол улсад нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг сайжруулахад оруулсан хувь нэмрийг олонд таниулах зорилгоор “Гэгээн үйлсийн эзэд” цуврал ярилцлагыг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Бид энэ удаад МГБССН-ийн “Гэр бүл” эмэгтэйчүүдийн эмнэлгийн анхны Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Н.Адьяатай ярилцлаа. Тэрээр монгол улсын хэмжээнд жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийг нэвтрүүлэх ажилд гар бие оролцож, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтөөр мэргэшсэн анхны пионер эмч юм.

Товч намтар

  • 1968 онд АШУҮИС -д хүний их эмч, 1971 онд АУИС-д эх барих эмэгтэйчүүдийн эмчийн нарийн мэргэжил эзэмшсэн

  • 1969-1990 он хүртэл Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн их эмч

  • 1990-1993 онд Улсын 2 дугаар Төв Эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмч

  • 1993-1997 онд НҮБ-ХАС-ийн төслийн зохицуулагч

  • 1997-1998 онд 3 дугаар амаржих газар эх барих эмэгтэйчүүдийн их эмч

  • 1998-2008 онд Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэгийн Гэр бүл эмэгтэйчүүдийн эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр тус тус ажилласан. 

-Нийгэмлэг дэргэдээ 1998 онд нөхөн үржихүйн эмнэлэгтэй болсон байдаг. Монголдоо анхдагч гэж хэлж болох “Нөхөн үржихүйн” эмнэлэг анх хэрхэн байгуулагдаж байв. Таныг гэр бүл төлөвлөлт, жирэмслэхээс хамгаалах аргын анхны “пионер” эмчийн нэг гэж сонссон. Энэ талаар яриагаа эхэлье.

Нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, хүний их эмч Ж.Раднаабазар багш бол миний багш. Миний хувьд нийгэмлэгийн үйл ажиллагааг мэддэг байсан. Тухайн үедээ би Эрүүл мэндийн яаманд НҮБ-ын Хүн амын сангийн жирэмслэхээс хамгаалах арга хэрэгслийн тусламж үйлчилгээний төсөл дээр ажиллаж байлаа. Манай улсын хувьд жилдээ 80 мянга гаруй хүн төрдөг, тэр хэрээр төрөлтийн хүндрэл, эх, хүүхдийн эндэгдэл маш өндөр түвшинд байлаа. Хүн амын дундах жирэмслэхээс хамгаалах арга хэрэгслийн мэдлэг, хандлага ердөө 20 хувьтай. Би ч эмэгтэйчүүдийн эмчээр чамгүй удаан хугацаанд ажиллаж, сэтгэл зүрхээ зориулчихсан байсан учир иргэд маань гэр бүлээ зөв төлөвлөж, эрүүл хүүхэд төрүүлэх нь чухал гэдгийг маш сайн ойлгож байсан.

Тиймээс МГБССН-ийн харьяа Нөхөн үржихүйн эмнэлгийг 1998 онд байгуулагдахад маш их олзуурхаж хүлээж авсан. Тийм ч учраас тэр үү, Ч.Сэмжимдаа гүйцэтгэх захирал надад эмчээр ажиллах санал тавихад дуртай хүлээж авч байсан юм. Эмнэлэг байгуулах эхний 6 сар бараг хов хоосон өрөөнд суугаад эмнэлэгт ямар тоног төхөөрөмж хэрэгтэй вэ, ямар төрлийн үйлчилгээ үзүүлэх вэ, өрөө тасалгааны зохион байгуулалт, хэмжээ гээд л төсөл төлөвлөгөө бичээд суугаад байлаа.

Ингээд 1999 оны 3 сарын 8-нд эмнэлгээ анх нээсэн юм. Гүйцэтгэх захирал Ч.Сэмжидмаа маань хэдий эмнэлгийн мэргэжлийн хүн биш ч гэлээ маш хичээл зүтгэлтэй байсан учраас бид хоёр бие биенээ дэмжин сайхан хамтран ажилласан. Тухайн үедээ эмнэлэг маань хоёр бага эмч, нэг асрагч, үйлчлэгчтэйгээр нийт дөрвөн орон тоотой байсан. Тухайн үед ийм төрлийн нэр хаягтай, нөхөн үржихүйн чиглэлийн хувийн эмнэлэг ховор байсан. Бидний хувьд анхдагч болсон гэж хэлж болно. Эрүүл мэндийн яамнаас ч бидний үйл ажиллагааг маш сайхан дэмжиж, үйл ажиллагааг маань явуулахад дэмжлэг үзүүлсэн. Одоо ч гэсэн яамтай хамтран ажилладаг.  Анх эмнэлэг байгуулахад сувилагч н.Байгаль, бүртгэлийн ажилтан П.Дэлгэрмэнд, үйлчлэгч Ч.Цэцэгсүрэн, сахиул Ч.Дуламжав, Даваа, Цэрэндорж нарын баг хамт олны бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. Байгуулагдсанаас хойшхи 20 гаруй жилийн хугацаанд өөрийн тохилог байртай болж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх өндөр хүчин чадал бүхий иж бүрэн тоног төхөөрөмжтэй, гадаад дотоодын олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болж үйл ажиллагаагаа улам тэлсээр байа.

2007, 2010 онуудад улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдэж, 2013 онд “Гэр бүл” хэмээн эмнэлгийнхээ нэрийг өөрчилсөн бөгөөд “Таниас итгэл-Биднээс сэтгэл” уриатай болсон түүхтэй.

– Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны гишүүн нийгэмлэгийн харьяа эмнэлэг гэхээр хувийн хэвшлийн эмнэлгүүдээс яг юугаараа онцлог байсан бэ. Иргэд хэрхэн хүлээж авч байв?

Төрийн бус байгууллагын дэргэдэх эмнэлэг байсан учир хөнгөлөлттэй, хямд үнээр чанартай тусламж үйлчилгээг үзүүлж байсан. Гол нь хүн ардад гэр бүл төлөвлөлт, эмэгтэйчүүдийн чиглэлд амбулаториор үйлчилсэн. Тэр үед бол одоогийнх шиг 4D, 5D гэсэн нарийн чанартай ЭХО энэ тэр байгаагүй ч бид Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны тусламжтайгаар чанартай, найдвартай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь маш том давуу тал байсан гэж боддог. Хамгийн чухал нь хүний эрхэд суурилсан, эмзэг бүлгийн хүн ард, тусламж үйлчилгээнээс хоцрох үлдэх магадлалтай иргэдэд чиглэж ажиллаж байсан даа маш их талархдаг.

Түүнээс гадна гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгөх, жирэмслэхээс сэргийлэх аргуудын талаарх мэдлэг мэдээллийг сургалт, сурталчилгаагаар дамжуулан бид маш олон хүнд хүргэсээр ирсэн. Албан байгууллагуудад очиж мэдээлэл сурталчилгааг уйгагүй хийж, орон нутгийн 15 салбартайгаа хамтран сайн дурын идэвхтэн, өсвөр үеийн үе тэнгийн сургагч багш нараараа дамжуулан бэлгийн боловсрол олгоход хамаг хүчээ дайчлан ажилласан. Одоо ч гэсэн манай Гэр бүл эмнэлэг маань нийгэмлэгтэйгээ хамтран ажиллаж байгаа. Интернэт, сошиал хуудсаар ч https://www.facebook.com/Gerbulemneleg/?ref=bookmarks дамжуулан бүхий л төрлийн аргыг ашиглан мэдээлэл, зөвлөгөө хүргэхэд анхаардаг.

-Та эмэгтэйчүүдийн эмчээр 50 гаруй жил ажилласан хүний хувьд 20 гаруй жилийн өмнөх эмэгтэйчүүдийн өвчлөл, бэлгийн замаар дамжих халдвар өнөөгийнхөөс ямар түвшинд хүрсэн гэж дүгнэж байна?

Одоогийнхтой яг л адилхан үрэвсэл, өвчлөлүүд мэдээж байсан. Үрэвсэлт өвчин элбэгтэй, тэр дундаа бэлгийн замаар дамжих халдварт өвчин нэлээд их. Гэхдээ одоогийнх шиг задгайраагүй. Тэр үеийнхээ онцлогийг дагаад эмч, эмнэлэгт итгэх итгэл нь илүү сайн байсан болов уу гэж бодогддог. Бичсэн эмчилгээ, эмийг ягштал хэрэглэж, гам барьдаг байсан. Гэтэл өнөөдөр фэйсбүүк гэх нүүр номоор дамжуулаад бие биенээсээ худал үнэн нь мэдэгдэхгүй зөвлөгөө авч, хэт их мэдээлэл дунд заримдаа төөрч байгаад санаа зовнидог. Мэдээлэл их авч байгаа мөртлөө судалгаагаар залуучуудын дунд бэлгийн замаар дамжих халдварт өвчин ихсэх хандлагатай, энэ тоо жилээс жилд дорвитой буурахгүй л байна. Ямар сайндаа л тэмбүүтэй тэмцэх аяныг салбарын яам зарлаж байх вэ дээ.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчин бараг 10 дахин нэмэгдчихээд байхад аргагүй шүү дээ. Тэмбүү, ХДХВ/ДОХ, бусад халдвар өссөөр. Үүнтэй холбоотойгоор хүндрэл нь ихсээд л байгаа гэсэн үг. Өнөөдөр хүн амыг өсгөе гэж яриад л байдаг. Гэхдээ аливаа зүйлийн тоо ихсэм тусам сөрөг зүйл нь мөн үүсдэгийг санахад илүүдэхгүй. Цаанаа бодууштай, судалмаар зүйл. Учиргүй их төрүүлэхэд гол нь биш, чанартай, эрүүл эхээс эрүүл хүүхэд төрүүлэхэд л дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тусламж үйлчилгээг илүү чанаржуулахад анхаарах ёстой. Мөн хүн амынхаа эрүүл мэндэд өвчлөхөөс урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авах нийгмийн эрүүл мэндийн ажилд онцгой анхаарах ёстой юм.

-Нөхөн үржихүйн эмнэлэг /одоогийн Гэр бүл эмнэлэг/ байгуулагдсан энэ 20 гаруй жилийн хугацаанд хичээн хүнд тусламж үйлчилгээг үзүүлсэн бол?

Жилд дунджаар 10000 гаруй хүнд нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл, эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээ, БЗДХ-ын оношлогоо, эмчилгээ, сайн дурын зөвлөгөө шинжилгээ гэсэн үйлчилгээнүүдийг үзүүлсээр ирсэн.

Нийгэмлэгийн харьяа зөвхөн “Гэр бүл” эмнэлэг гэхгүйгээр тухайн үед Орхоны “Ирээдүй” эмнэлэг, Өвөрхангайн “Залуус” эмнэлгүүд нийтдээ жилдээ 35000 гаруй хүнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан.

Үүний дотор алслагдсан хөдөө орон нутгийн болон эмзэг бүлгийн иргэдэд илүүтэй хүрч ажилладаг нь манай гол давуу тал.

Бид “Гэр бүл” эмнэлэг дээр биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн дунд төсөл хэрэгжүүлж, эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн нь маш их үр дүнгээ өгсөн. Мөн аюулгүй үр хөндөлтийн тусламж үйлчилгээг улам чанаржуулахад анхаарч, хүн амд чиглэсэн мэдээлэл сургалт сурталчилгааг эрчимжүүлж, эмч нараа Хятад, Тайландад харилцан туршлага солилцуулж чадавхижуулж байлаа. Манай нийгэмлэг Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны гишүүн байгууллага учир бусад дэлхийн гишүүн 180 гаруй орны нийгэмлэг, эмнэлгүүдтэй харилцан туршлага солилцох, хамтран ажиллах тал дээр маш нээлттэй, гадаад харилцаа сайтай учир эмч нараа нөхөн үржихүйн тусламж үйлчилгээгээр мэргэшүүлэхэд маш их анхаардагт нь талархдаг.

-Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн хувьд өдгөө хүмүүсийн мэдлэг хэр сайжирсан гэж боддог вэ. Та эмч хүний хувьд үйлчлүүлэгчидтэй ойр ажилладаг учир энэ талаар юу гэж дүгнэх үү?

Би ярилцлагын эхэнд 1990 оны дунд үед манай улсад жилдээ нэг аймгийн хэмжээтэй хүн төрдөг байсан гэж хэлсэн. Тухайн үед үр хөндөлт хязгаарлагдмал байсан. Эмэгтэйчүүдийн жирэмслэлт, төрөлтөө зохицуулах мэдлэг хомс байсан учир ойр, ойрхон олон төрж, төрөлтийн хүндрэл, эх, хүүхдийн эндэгдэл өндөртэй, ерөөсөө буурч өгөхгүй байсан. Нэлээд асуудалтай. Үүнийг шийдэх нэг арга нь гэр бүл төлөвлөлтийн аргаар хүүхэд хоорондын зай, төрвөл зохистой насыг зохицуулсанаар тухайн өрхийн санхүү болоод нийгмийн амьдралд олон таатай үр дүн гарах боломж бүрдсэн юм. Олон хүүхдэд дарагддаг амьдрал цэгцэрч байгаа хэрэг. Хамгийн сайн үр дүн нь эх, хүүхдийн эндэгдэл буурсан явдал.

Тэр үед хүн амын дундах гэр бүл төлөвлөлтийн мэдлэгийн түвшин 20 хувьтай байсан ч бага багаар нэмэгдсээр 50, 70 хувьтай болсон. Одоо бол жирэмслэхээс сэргийлэх аргын мэдлэг 100 хувь болчихсон.

Гэхдээ миний бодлоор мэдлэгийн түвшингээ дахиад нэг шат ахиулах шаардлагатай байна уу даа гэж хардаг. Суулгац, спираль /ерөндөг/, эм, бэлгэвч болон бусад аргууд байдгыг мэдчихлээ. Харин одоо яг ямар арга нь тухайн хүний хэрэгцээ, онцлог, биенд зохицох вэ гэдэг дээр анхаарч, зөв аргыг сонгож хэрэглэх нь чухал болоод буй.

-Мэргэжлийн эмчид хандаад үзлэг, шинжилгээ хийлгээд зөв аргыг сонгох нь хамгийн найдвартай юу. Ер нь хэрхэн сонгож, юуг анхаарах вэ?

Мэдээж мэргэжлийн эмчид үзүүлж, ярилцаж сонгох ёстой. Зарим тохиолдолд оюутан хүүхэд орж ирээд спираль тавиулья гэдэг. Ээж нь ч бас тэгж зөвлөөд, бүр шийдчихээд ороод ирдэг. Гэтэл ухаандаа бол өөртэй нь, нөхөртэй нь эсвэл найз залуутай нь сайн ярилцах ёстой юм. Ирээдүйн төлөвлөгөөг нь харгалзаж, хэдэн удаа төрсөн, төрөөгүй эсэх, насныхаа үе шатаар, хүүхдийн тоо, эрүүл мэндийн байдал, тухайн гэр бүлийн эдийн засаг, нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдал нь ямар байгааг үнэлж шийдэх учиртай. Тиймээс энэ талын тусламжийг үзүүлдэг эмнэлгүүд, эмч нар анхаарах ёстойы.

Зарим хувийн эмнэлгүүд ашгаа бодоод шууд хүссэнийг нь тавиад өгчих тохиолдол их. Чи ерөндөг тавиулж болохгүй гэхийн оронд тэр хүнд үйлчилсэн нь ашигтай учир дуугүй л тавиад өгчихдөг. Үүнийг л чанаржуулах ёстой юм. Мөн түүнчлэн зөвлөгөө өгөх ур чадварыг сайжруулах, чанаржуулах хэрэгтэй.

-Нэг жишээ авья. Нэг оюутан охин ерөндөг тавиулья гээд ороод ирвэл та яг юу гэж зөвлөгөө өгөх вэ?

Үнэндээ бол төрөөгүй, нөхөр сүүдэр нь нарийн тогтоогүй үед спираль тавиулах нь сонголт биш гэдгийг юун түрүүнд хэлж ойлгуулна. Угтаа бол жирэмслэхээс сэргийлэх эм юм уу, бэлгэвчийг хэрэглэж байгаад гэр бүлээ төлөвлөөд хүнтэй суугаад, хүүхэд төрүүлсэнийхээ дараа спираль /ерөндөг/, суулгацыг сонгох ёстой юм. Хөнгөн хуумгай хандаж боломгүй асуудал. Миний хувьд Гэр бүл эмнэлэгт https://www.facebook.com/Gerbulemneleg/?ref=bookmarks ажиллаж байхад өдөрт 20-30 хүнд үйлчилдэг байсан. Тоо гэхээс илүү чанарт анхаардаг. Би эмч, сувилагч, хамтран ажиллагсаддаа тусламж үйлчилгээ, түгээмэл үйлдлийн стандартуудыг давуулж хийх ёстойг алхам бүртээ л сануулж хэлдэг. Стандарт гэдэг бол тэр үйлчилгээний хамгийн доод хэмжээ л гэсэн үг. Эрүүл мэндийн салбар, эмч нар маань заавал стандартаас давж ажиллах ёстой юм. Тэгж байж тусламж үйлчилгээ сайжирна. Тухайлбал, бугалганы суулгацыг тавихдаа ямар ч сорвигүй л тавих ёстой гэсэн үг. Маш цэвэрхэн, нямбай, чанарын өндөр түвшинд тавих нь эмчийн үүрэг.

-Нэгэнт тусламж үйлчилгээ, өвчлөл ярьсных эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний гол шалтгааны талаар асуухгүй өнгөрч боломгүй?

Би судлаач биш практикийн эмч хүн. Өнөөдөр эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин маш их болчихсон. Голлох шалтгаан нь үнэндээ бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс л болж их өвддөг. Түүнээс биш ор, дэр, ванн жорлон, өмд, ахуйгаасаа халдвар авахгүй. Эсвэл бүр нэг биеэ арчилж чадахгүй настай хүн, нялх хүүхэд биш л бол ахуйгаасаа барагтай өвдөхгүй. Бэлгийн халдвараас л болж Монголд үрэвсэлт өвчнөөр өвдөж байгаа юм. Үүнээс эхлээд үргүйдэл, хорт хавдар, ургийн гаж хөгжил, зулбалт үүсдэг. Тиймээс аль дээрээс эхлээд л эрүүл эхээс эрүүл хүүхэд гэдгийг зүгээр нэг яриагүй гэдгийг хүмүүс маань ойлгоосой гэж боддог.

-Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч эмэгтэйчүүдийн үзлэгт улирал тутамд ор гэж эмнэлгүүд, эмч нар зөвлөдөг шүү дээ. Яагаад улирал тутам гэж?

Эмчид үзүүлээд цоо эрүүл гэж гарсан бол 1 жилийн дараа үзүүлэхэд аюулгүй. Гэхдээ урьдчилан сэргийлэх үзлэгт орж байж шинж тэмдэггүй явагддаг бэлгийн замаар дамжих халдварт өвчин, үрэвслийг илрүүлж, эрт эмчлүүлэх, бусдад халдварлуулахгүй байх ач холбогдолтой. Өмнө нь өвчтэй гараад эмчилгээ хийлгэж байсан бол давтан үзүүлэх хугацааг зааж өгнө. Харин тэр хугацаанд нь үзүүлэх нь хувь хүний үүрэг юм. Зарим нэг судалгаанаас үзэхэд жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд БЗДХ өндөр байгаа нь сэтгэл зовоодог. Жилд нэг, хоёр ч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй явж байгаад л жирэмсэн болоод хяналтанд ороод ирэхээр өвчтэй гарчихдаг.


-Эмэгтэйчүүдийн дунд мөөгөнцөрийн асуудал их санаа зовоодог. Мөөгөнцөр нь бүрэн эдгэхгүй үе үе дахидаг нь ямар учиртай вэ?

Мөөгөнцөр өвчин нь дэлхий даяар элбэг. Ямартай ч ихэнхи эрдэмтдийн үздэгээр мөөгөнцөр нь бэлгийн замаар дамжих халдвар биш. Эрүүл эмэгтэйн үтрээнд угаасаа тодорхой түвшинд байдаг. Тэрийг тодорхой түвшинд барьдаг чадавхи нь буурахаар мөөгөнцөртдөг. Дархлаа сулрах, антибиотикийн замбараагүй хэрэглээ, стресс зэргээс шалтгаалж үүсдэг. Яагаад антибиотикийг их ярьдаг вэ гэхээр ямар нэгэн өвчний эсрэг эм биед ороход тухайн өвчин үүсгэж байгаа хэсгийг устгаж, нөгөө талдаа хүний биеийн ерөнхий дархлааг давхар сулруулчихдаг. Энэ үед нөгөө мөөгөнцөр эхэлдэг байх нь. Муу тал нь дахих хандлагатай. Манайхан лаа хийж шинж тэмдэг нь намдчихаар эмчиллээ гэж ойлгодог. Эдгэж байгаа хэрэг биш. Эхний хурц үед нь оношлохдоо л иж бүрэн эмчилгээг хийлгэх ёстой юм. Хүмүүс шинж тэмдэг дарагдангуут гам барихгүй, дахин үзүүлэхгүй алга болчихдог.

-Саванд зангилаа үүссэн байна гэдэг. Энэ яг юу гэсэн үг вэ, үр хөндүүлсэнээс үүдэлтэй үүсдэг үү, олон зангилаа байвал яах вэ? Муу юу?

Зангилаа гэдэг умайд үүсдэг нэг төрлийн хавдар. Гэхдээ айх хэрэггүй. Хорт хавдар биш. Даавар хамааралтай үүсдэг. Орчин үед дааврын янз бүрийн эм, тариа хэрэглээд, дээрээс нь стресс ихтэй байхаар өөрийгөө эрсдэл рүү түлхэж байгаа юм. Зангилаа үүсчихсэн бол эхний ээлжинд хоргүй болохоор явцыг нь хянадаг. Зарим нь түргэн өсөлттэй, зарим нь удаан явцтай гээд янз бүр. Эмчид сайн үзүүлж, хянах нь зөв. Хэмжээ томроод байвал мэс заслаар авна. Өөр эмчилгээ гэх гойд зүйлгүй. Хэрвээ цэвэршиж байгаа эмэгтэй ийм зангилаатай бол цэвэршилт нь өөрөө дааваргүй болох процесс учир үүнийг дагаад зангилааны өсөлт хатингаршдаг. Түргэн өсч, томрохгүй. Гэхдээ эдгэж байгаа хэрэг биш. Шаардлагатай тохиолдолд үзүүлж байх нь зөв.

-Ахимаг насны эмэгтэйчүүд цэвэршээд дууссан бол эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байх хэрэгтэй юу. Заримдаа тэдэнд зориулсан зөвлөгөө ховор юм шиг санагддаг?

Эмэгтэйчүүд физиологийн явцаараа өсөх, буурах хоёр шилжилтийн үеийг туулдаг. Буурч байгаа шилжилт 50 нас гарсан хойно явагддаг гэдэг ч зарим эрдэмтдийн үздэгээр 30, 35 настайд буурч эхлэх тохиолдол бий.

Эмэгтэйчүүд 40 нас гараад цэвэрших процесст бэлтгэх ёстой юм. Хамгийн чухал нь сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Энэ ганц эмнэлэг, эмчийн асуудал биш, нийгмийн эрүүл мэндийн асуудал болдог. Цэвэршилтийг нийгэм, гэр бүл, хань ижил, үр хүүхэд нь ойлгодог байх хэрэгтэй. Албан газрын захирал нь хүртэл ойлгох ёстой. Тухайн хүн сэтгэлзүйн хувьд маш ихээр гутралд ордог.

–Бидэнд цаг заваа гарган, ярилцлага өгсөн танд баярлалаа. 

 

 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search