COVID19 – ӨСВӨР НАСНЫХАН

 In Шинэ мэдээ
**Өсвөр насныхан COVID-19-ийн халдвар авах уу?
Тийм. Бүх насныхан COVID-19 халдвар авах боломжтой. Судалгаагаар өндөр настан (60-аас дээш насныхан) болон цусны даралт ихсэх, зүрх судасны болон уушигны өвчин, хорт хавдар, чихрийн шижин гэх мэт архаг хууч өвчтэй хүмүүс халдварт илүү өртөж буй ч хүүхэд, өсвөр насныханд хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхойгүй хэвээр. Өнөөдрийг хүртэлх баримт, нотолгооноос харахад хүүхэд, өсвөр насныхан халдвар авах нь бага байж болох ч цөөн тохиолдолд халдварын хүндрэл, үхэл бүртгэгдэж байна.
** Өсвөр насныхан шинж тэмдэггүй байсан ч бусад хүмүүст COVID-19 тарааж болох уу?
Тийм. Халдвар авсан бүх насны хүмүүс, ялангуяа өсвөр насныхан шинж тэмдэггүй ч бусад хүмүүст халдвар тараах боломжтой. COVID-19 халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар эсвэл бохир гар, эд зүйлсээр дамжин хүнээс хүнд халдварладаг.
** Өсвөр насныхан COVID-19 халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой юу?
Хэрэв үе үе ханиалгах, бага зэрэг халуурах зэрэг халдварын шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлэг явах шаардлагагүй. Гэртээ өөрийгөө тусгаарлан, шинж тэмдгүүдээ хянаж, утсаар эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө COVID-19 /халдвар аваагүй тохиолдолд/ болон бусад вирусын халдвараас хамгаалах боломжтой.
Хэрэв биеийн байдал муудаж, эсвэл танайд чамайг асрах хүнгүй тохиолдолд эмнэлэгт хандаарай. Гэр бүлийн гишүүд болон бусад ойр дотны насанд хүрсэн хүнээс энэ тохиолдолд хаана,хэнд, хэрхэн хандахыг тодруулаарай.
** Манай гэр бүлийн хэн нэгэн COVID-19 халдвар авсан тохиолдолд би яах ёстой вэ?
Хэрэв танай гэр бүлийн аль нэг гишүүнд халдварын шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй. Яаралтай тусламж болон бусад эрүүл мэндийн байгууллагад /103, 100, 1800-2000 гэх мэт/ хандаж хаанаас, яаж тусламж авах боломжтой талаар зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн ойрын хүрээллээс аль нэг хүн COVID-19 халдвар авсан нь батлагдсан тохиолдолд өөрт халдварын шинж тэмдэг илрэхгүй байсан ч 14 хоногийн турш тусгаарлах бэлтгэлтэй байх.
** Би архаг өвчний улмаас эм ууж байгаа. Би ямар нэг зүйлийг өөрчлөх, эсвэл анхаарах ёстой юу?
Астма, чихрийн шижин, ХДХВ-ийн халдвар, сүрьеэ гэх мэт архаг өвчний үед уудаг эмээ үргэлжлүүлэн ууж, тогтмол үзлэгтээ хамрагдах шаардлагатай. Гэхдээ COVID-19 халдварын тархалтын үеэр тогтмол үзлэгийн цагийг өөрчлөх шаардлагатай эсэхийг өөрийн харьяалагддаг эмнэлэг, эмчээс лавлаарай.
ХДХВ-ийн халдвар, сүрьеэ болон бусад архаг өвчний улмаас тогтмол эмчилгээнд хамрагддаг өсвөр насныханд үйлчилдэг эмнэлгийн ажилтнууд COVID-19 халдварын тархалт, хөл хорионы үеэр эмчилгээг тогтвортой үргэлжлүүлэх, эмийн тасалдал үүсгэхгүй байх тал дээр анхаарах шаардлагатай.
**Би гэртээ байхаас залхаж байна. Би COVID-19 халдвар авсан ч гэсэн бусад хүмүүсээс зай барих гэх мэт халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх зааврыг яагаад дагаж мөрдөх нь ёстой вэ?
Гэртээ байх нь хэцүү бөгөөд уйтгартай байдаг ч ном унших, тоглох, хөгжим сонсох зэрэг дуртай зүйлээ хийх боломжтой болно. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ өдөр бүр утсаар эсвэл интернэтээр холбогдож, хатуу хөл хорио тогтоогоогүй тохиолдолд хүн хоорондын зай барьж харилцаж болно.
Үүний зэрэгцээ, тогтмол гараа савантай усаар угаах, эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч ашиглах, хүн ихтэй газраас зайлсхийх, хоорондоо 1 метрийн зайтай харилцах зэрэг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлагатай. Учир нь зөвлөмжийг дагаагүй тохиолдолд COVID-19 халдвар авсан, бусдад тараасан эсвэл халдварын хүндрэлээр нас барсан өсвөр насны цөөхөн тохиолдлын нэг болох ч эрсдэлтэй. Иймээс өсвөр үеийнхэн, залуучууд зөв сонголт хийснээр бусдын амь насыг аврах, COVID-19 халдвартай тэмцэхэд хүчээ нэгтгэх боломжтой.
** Зарим найзууд минь бусдаас 1 метр зай барих зөвлөмжийг биелүүлдэггүй. Би юу хийх хэрэгтэй вэ?
Гараа тогтмол угаах, нүүрэндээ хүрэхээс зайлсхийх, ханиах найтаахдаа тохой, ханцуй, цаасаар дарах, зай барих зэрэг өөрийгөө болон бусдыг COVID-19 халдвараас сэргийлэх зөвлөмж нь яагаад чухал болохыг найзууддаа тайлбарла. Найзуудтайгаа хамт оролцож болох хөгжилтэй онлайн тоглоом сэдэж, хамт тоглох нь “гэртээ бай” гэж хэлэхээс илүү үр дүнтэй байж магад. Гэвч бусдыг удирдах, хянах боломжгүй тул тэдний бодлыг өөрчлөх гэж муудалцаж, зодолдох хэрэггүй.
**COVID-19 миний амьдралд хэрхэн нөлөөлөх талаар би маш их санаа зовж байна. Би юу хийх хэрэгтэй вэ?
Цартахлын үед түгших, сэтгэлээр унах нь хэвийн үзэгдэл. Танд сэтгэл түгшихээс урьдчилан сэргийлэхэд туслах хэдэн зөвлөмжийг оруулъя.
Өөрийнхөө юу мэдэрч байгааг эргэцүүлэх: Өөрт таагүй байгаа мэдрэмжээ тоомсорлохгүй орхих хэрэггүй. Хэвийн амьдрал өөрчлөгдөхөд санаа зовох, бухимдах, гуниглах, стресс, уур уцаар, айдас түгшүүр төрөх зэрэг олон янзын мэдрэмж төрөх нь хэвийн зүйл – энэ нь хүн бүрт тохиолддог. Өмнө нь тохиолдож байсан бэрхшээлийг даван туулахад тусалсан өөрийн ур чадвар, сонирхол, туршлагаа ашигла. Зарим үр дүнтэй аргаас дурдвал:
– Өдрийн тэмдэглэл хөтлөх
– Мэдрэмжээ шүлэг бичих, зураг зурах, бүжиглэх, хөгжим тоглох гэх мэт урлагаар илэрхийл
– Итгэдэг хүнтэйгээ сэтгэл санаагаа хуваалцаж, санаа зовнилоо ярь
– Амьсгалын дасгал хийж үзээрэй. Интернэтээс үр дүнтэй амьсгалын дасгал олж турших боломжтой.
Өдөр бүр ямар нэгэн идэвхтэй зүйл хий: Дасгал хийх нь стрессийн дааврын түвшинг бууруулж, “аз жаргалын даавар” эндорфиний ялгарлыг нэмэгдүүлдэг тул ямар ч төрлийн дасгал хөдөлгөөн хийх нь үр дүнтэй. Боломжтой тохиолдолд бусдаас зайгаа барьж гадаа алхах, гүйх эсвэл ямар нэгэн биеийн тамирын дасгал хийж үзээрэй. Гэрээс гарах боломжгүй үедээ цонхоо онгойлгон цэвэр агаар оруулж, дасгалаа хийгээрэй.
Тамхи татах, хэтрүүлж идэх, согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэж болохгүй.
Бусадтай харилц: Санаа зовниж буй зүйлээ бусадтай ярилцах нь түгшүүр, айдсыг бууруулдаг. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ тогтмол холбогдож, хөгжилтэй дурсамж, сонирхол, хобби гэх мэт эрч хүч өгөхүйц сэдвээр ярилцаарай.
Өдрийн дэглэм баримтлах: Тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрэх, хичээл номоо давтах, дуртай зүйлээ хийх, бусадтай харилцаа тогтоох, хооллох, дасгал хөдөлгөөн хийх зэрэг амьдралын хэвшлээ тэнцвэртэй байлгахыг хичээгээрэй.
Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн сэтгэл зүйч, эмч нарт хандаж зөвлөгөө аваарай.
Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search