Д.Дулмаа: Орон нутгийн салбараар дамжуулан хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн тоог бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан гэдгийг баттай хэлж чадна

 In Шинэ мэдээ

Өөрийгөө бүхий л талаар хөгжүүлэхэд нийгэмлэг маань надад тусалсан
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн чиглэлээр тасралтгүй 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа, Монголдоо хамгийн анхны НҮБ-д нийгэм, эдийн засгийн зөвлөлдөх статустай ТББ болох Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн сайн туршлага, монгол улсад нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг сайжруулахад оруулсан хувь нэмрийг олонд таниулах зорилгоор “Гэгээн үйлсийн эзэд” цуврал ярилцлагыг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Бид энэ удаад МГБССН-ийн Увс аймгийн салбарын дарга асан, эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Дулмаатай ярилцлаа.

Товч намтараас:
• 1980-1986 он Анагаах ухааны дээд сургууль, хүний их эмч
• 1986-1988 он Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэг
• 1988-1993 он Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, Эх барих эмэгтэйчүүдийн эмч
• 1993-2016 он Увс аймгийн Эрүүл мэндийн газар, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн
• 1998-2010 он Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Увс аймгийн салбарын дарга
• 2013-2016 он Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга
• 2017 оноос Сайн тус ТББ-ын гүйцэтгэх захирал, менежерийн албыг тус тус хашиж байна.

– Увс аймаг дахь салбарыг хэрхэн байгуулсан бэ. Энэ дурсамжаасаа хоёулаа эхэлж ярилцья?
Миний хувьд эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжлээрээ удаан ажиллаагүй. Баруунтурууны Сум дундын эмнэлэгт хоёр жил, аймгийн нэгдсэн эмнэлэгт долоон жил ажилласан. 1991 онд Охидын эмчийн мэргэжил дээшлүүлэх анхны курсийг төгсөөд 1993 оноос аймгийн эмнэлгийн Гэр бүл төлөвлөлт, удам зүйн кабинетад охидын эмчээр ажиллаад, удалгүй Увс аймгийн Эрүүл мэндийн газарт нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тэр дундаа эх хүүхдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар ажиллах боломж олдсон юм. Энэ үеэс л Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтэй ажил үйлсээрээ холбогдсон.
1996 онд нөхөн үржихүй, гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага байгуулагдсаныг сонсоод их л олзуурхаж, нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцахаар зорин байж хотод ирээд, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд байрлаж байхад нь очиж билээ.
Нийгэмлэгийн тухай мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын даргадаа танилцуулж, цаашид хамтарч ажиллах нь хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмтэй талаар ярилцсан. Дарга маань дэмжээд нийгэмлэгийн салбар байгуулах дүрмийн дагуу гишүүдээ бүрдүүлэх ажлыг бид хэд зохион байгуулсан. Өөрийн мэргэжил, хийж буй ажилтай ойр байсан болохоор ч тэр үү салбарын гишүүдээр өрхийн эмнэлгийн эмч, хүүхдийн эмч, эх баригч эмч нар маш сайхан дэмжиж элссэн.
Үүний дараа нийгэмлэгээс Р.Эрдэнэтунгалаг тэргүүтэй хүмүүс ирж, үнэлгээ хийсний эцэст бид Увс аймагтаа 1998 онд МГБССН-ийн салбарыг байгуулсан түүхтэй. Гишүүдийн хувьд анх энэ ажлыг санаачилж, мэдээлэл олсон, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн чиглэлээр мэргэшсэн гэдэг утгаараа надад итгэл хүлээлгэж, салбарын даргаар томилсон юм. Үүнээс хойш салбарын даргаар бараг 12 жил тасралтгүй ажиллажээ.
Салбарын даргаа болиод гишүүнээр ажиллаад, дараа нь аймгийнхаа Эрүүл мэндийн газрын даргаар ажиллахдаа ч бас хамтарч ажилласан. Анх орон нутгуудад ТББ-ууд их цөөхөн байсан. Одоо манай аймагт Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийг мэдэхгүй хүн байхгүй. Манай гишүүнээр жолооч хүн ч байсан, сурагч, нягтлан, эмч гээд салбар салбарын хүмүүс сэтгэлээсээ ажилладаг. Ер нь энэ ажлыг сайн дураараа, сэтгэлээрээ хийдэг учир хэн хүүхэд залуусынхаа төлөө, хүмүүсийн сайн сайхны төлөө санаа зовж байна, тэр хүмүүст манай үүд хаалга нээлттэй шүү дээ.
– Алслагдсан аймгийн хувьд нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдал одоогийнхтой харьцуулахад ямар байсан гэж дүгнэх вэ. Салбар байгуулагдаад анх ямар төсөл хэрэгжүүлж байв?
Анх эх барих эмэгтэйчүүдийн эмчээр томилогдоод суманд ажиллахад хүмүүсийн дунд ерөөсөө гэр бүл төлөвлөлтийн аргаас төрөлт хоорондын зайгаа зохицуулдаг нь ерөндөг буюу спираль л байсан. Сум дундын эмнэлэг учраас зөвхөн Баруунтуруун сум бус, Зүүнговь, Малчин, Хяргас сумуудаас хүн үйлчлүүлдэг ачаалал ихтэй.
Гэтэл эмэгтэйчүүдийн ерөндөг нийт хэрэгцээтэй хүмүүсийн тоонд харьцуулахад маш цөөхөн, хангалтгүй учраас олон төрсөн юм уу, хүндрэлтэй төрсөн эмэгтэйчүүдэд түлхүү тавьдаг заалттай байлаа. Түүнээс биш хүссэн хүн болгон тавиулна гэсэн ойлголт байхгүй. Харин эмнэлгийн заалттай хүмүүстээ үнэ төлбөргүй.
Тухайн үед худалдаад авах нь ховор, гадуур тэр бүр зарагддаггүй, бэлгэвч хүртэл олдоц муутай. Үр хөндөлт хийлгэх шаардлага гарахад хүссэн хүнд хийхгүй, тусдаа заалттай. Хожуу үр хөндөлт бүр асуудалтай байснаас ер нь л тээж төрүүлдэг байсан үе. Ингээд бодоход эрүүл эхээс эрүүл хүүхэд, чанартай төрөлт гэх ойлголт хаягдаж байсан цаг гэсэн үг.
Дараа нь 1987 оны төгсгөл, 1988 оны эхээр арай гайгүй болж, эмийн сангуудаар Чех, Оросын ерөндөг зарагдаж эхэлсэн. 1990 он гараад Эрүүл мэндийн яамнаас гэр бүл төлөвлөлт, эх хүүхдийн эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлээд уудаг эм, бэлгэвчийн хангалтийг нэмэгдүүлсэн. Дээрээс нь НҮБ-ын Хүн амын сангийн нөхөн үржихүйн төслүүд хэрэгжиж, хэрэгцээнийх нь хэрээр нийлүүлдэг болсон. Ингээд тариа, суулгацууд орж эхэлсэн юм. Мөн Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн шугамаар бид жирэмлэлхээс хамгаалах арга хэрэгслүүдийг сайн дурын тараагч нарынхаа тусламжтайгаар хөдөөгийн иргэдэд маш сайн хүргэсэн. Зүгээр нэг тараахгүйгээр яаж өвчнөөс сэргийлэх вэ, жирэмслэхээс хамгаалах эм, бэлгэвчийг хэрхэн зөв хэрэглэх вэ гэдэг мэдлэг, мэдээлэл, зөвлөгөөг давхар өгнө. Сайн дурын тараагчид жирэмслэхээс сэргийлэх арга яг хэрэгцээтэй байгаа хүмүүст хүрч очиж тараадгаараа онцлог, үр дүнтэй. Дээрээс нь жил бүр явуулын тусламж үйлчилгээгээр мэдээллээс хоцрогддог, эмнэлгийн үйлчилгээнд төдийлөн хамрагддаггүй малчдад хүрч ажиллаж чаддаг байсан. Сайн дурын тараагчид болон явуулын үзлэгийн үеэр гэр бүл төлөвлөлт, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн талаар мэдээлэл өгөхдөө шаардлагатай хүмүүсийг эмнэлэг, эмчтэй холбох үйл ажиллагааг бас зохион байгуулдаг. Бэлгийн замаар дамжих халдварын сэжигтэй тохиолдол гарлаа гэхэд нарийн шинжилгээ өгүүлэхээр аймгийн төв эмнэлэгтэй холбож, эмчилгээ хийлгэхээр холбож өгдөг гэсэн үг. Явуулын үзлэг нь цаашлаад халдварын тархалтыг бууруулах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой ажил юм.
Энэхүү сайн дурын үйл ажиллагааг сайн дэмжих нь эргээд нийгэмдээ оруулж буй үнэтэй хувь нэмэр бөгөөд хүний сайн сайхны төлөө ажиллах боломж эмч мэргэжилтэй бидэнд байгааг маш сайн ойлгуулсанд манай нийгэмлэгийн ач буян байдаг гэж боддог.
-Олон улсын Гэр бүл төлөвлөлтийн холбоо 180 гаруй оронд гишүүнчлэлтэй, гишүүн орон бүр гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг, хэдэн зуун сая сайн дурын гишүүдтэй шүү дээ. Түүний нэг нь болох Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн үйл ажиллагааны үр дүнг та хэрхэн үнэлдэг вэ?
Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг зөвхөн төрийн байгууллага явуулдаггүй юм байна, сайн дураараа, ТББ хийж болдгыг ойлгосон. ТББ-ын энэхүү дэмжлэг нь сүүлийн 20 гаруй жилийн турш тууштай явж, орон нутаг дахь салбараар дамжуулан гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн тоог бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан гэдгийг баттай гэж хэлж чадна.
Ерөнхийдөө эхлээд хүмүүс гэр бүл төлөвлөлт гэж юуг хэлээд байгаа, яагаад төрөлт хоорондын зайгаа зохицуулах ёстойг ойлгодоггүй байсан. Бид тасралтгүй мэдээлэл сурталчилгаа, арга хэмжээг зохион байгуулсаны хүчинд өнөөгийн хүн амын мэдлэг, хандлагын түвшин харьцангуй сайжирсан.
Зөвхөн иргэд гэлтгүй, шийдвэр гаргах түвшний хүмүүст хүртэл ухуулга, нөлөөллийн ажлыг бид нийгэмлэгтэйгээ хамтраад маш сайн зохион байгуулсаар ирсэн. Аливаа асуудалд шийдвэр гаргах түвшний хүмүүст ойлгуулж, зөв шийдвэр гаргуулах нь чухал учраас засаг, төр солигдох бүрт тасралтгүй ухуулга хийх хэрэгтэй болдог. Шийдвэр гаргагчаас эхлээд, тусламж үйлчилгээ үзүүлэгч хүртэл багаар ажилладаг. Миний санаж байгаагаар тухайн үед тасралтгүй ухуулга, нөлөөллийн ажлыг зөв зохион байгуулсны хүчинд Үр хөндөлтийн тухай хуульд өөрчлөлт орж эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх эсэхээ өөрөө шийднэ гэсэн шийдвэр гарсан нь том амжиллт байсан юм. Яг энэ ажлын дунд явсан хүнийхээ хувьд өөрийгөө нэг амьд гэрч нь гэж боддог. Ер нь энэ ярилцлагаар дамжуулж хүмүүст хэлэхийг хүссэн зүйл надад байна. Манай улсыг хөгжлийн үзүүлэлтээр нэг шат ахисан гээд гадны төсөл хөтөлбөрүүдийн хүрээ болон санхүүжилт нилээн танагдчихсан. Энэ хүрээнд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн хангалтын тоо ч буурчихсан. Гэтэл энэ зайг төр нь төсөвтөө суулгаж нөхөх ёстой ч төдийлөн хүрч чадахгүй байна уу гэж харагддаг. Төрийн бус байгууллагын санхүүжилт ч гэсэн багасч байгаа. Тиймээс тухайн нэг төсөл хөтөлбөр хэрэгжээд дуусахад тухайн ажил сулрах, доголдох байдалд ордог. Ингэхгүйн тулд залгамж халаатай, тасралтгүй ажилладаг тогтолцоотой болмоор санагддаг.Нэг талаар төр хангалт хийх ёстой ч нөгөө талаас хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт хийх хэрэгтэй. Бүх зүйлийг бэлэн, үнэгүй байлгах нь асар их хортой. Харин тэрний оронд иргэд нь мэдлэгтэй, зөв дадалтай, эрүүл мэнддээ хариуцлага хүлээдэг болчихвол хөгжих байх.
– Яагаад нийгэмлэг энэ олон жилийн турш явуулын тусламж үйлчилгээг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлсээр ирсэн бэ. Гол үр дүн юу байна вэ. Жишээ нь танай аймаг дээр ажиглагдаж буй үр дүн?
Төрийн хүрч чадахгүй ч юм уу, тусламж үйлчилгээнээс орхигдох магадлалтай алслагдсан бүс, хөдөө нутгийн хүн ардад явуулаар очиж, хэрэгцээтэй тусламж үйлчилгээг үзүүлэх маш өндөр ач холбогдолтой. Тухайлбал аймгийн төвөөс 200 км алслагдсан Бөхмөрөн сумын ард иргэдэд явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх төсөл бичээд нийгэмлэгээс дэмжлэг авч байх жишээтэй.
Манай аймгийн хувьд их онцлогтой. Аймгийн төвөөс 50, 60 км алслагдсан иргэд аймгийн төвдөө харьяалалтай амьдардаг. Ихэнхи нь малчид. Хүн бүрт нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэж чадахгүй, нөгөө талаар алслагдсан иргэд ч үйлчилгээнд хамрагдахад төрийн үйлчилгээнээс гадна төрийн бус байгууллагын үүрэг оролцоо их чухал нөлөө үзүүлдэг. Жилд дунджаар явуулын нэг удаагийн үзлэгээр 300 гаруй өрхөд хүрч ажилладаг. Хурал зөвлөгөөн гэхээр эрэгтэйчүүд нь ирээд, эрүүл мэнд гэхээр эмэгтэйчүүд нь ирдэг учраас бид гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүй нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш, эрэгтэйчүүдийн оролцоо чухал гэдгийг ойлгуулахаар хичээж ажилласан.
Үүний хажуугаар ажил, сургуульгүй, гэрлээгүй залуучуудтай уулзаж, мэдээлэл хүргэх ажил хийнэ. Явуулын үзлэгээр явахад эмч нар, сайн дурын идэвхтнүүд хамт явдаг.
Нэг төслийг онцлон дурдья гэж бодож байна. 2003 онд ид уул уурхай гэж хошуурч байсан цаг. Манай МГБССН-ийн Увс аймаг дахь салбар, Гал голомт хөдөлгөөн ТББ, Сайн тус ТББ хамтарч явуулын тусламж үйлчилгээний төслөө НҮБ-ын Хүн амын санд бичээд хэрэгжүүлж байлаа. Тухайн үед бид эхлээд гар аргаар алт олборлож буй хүмүүсийн дунд судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд тэдгээр бүлгийн хүмүүст эрүүл мэндийн боловсрол өгөх үйлчилгээ хүрдэггүй, мэдээллээс хол байгаа нь ажиглагдсан. Гэр орон, нутаг уснаасаа хол явж, амьдралын эрхээр аюултай орчин нөхцөлд ажилаж, амьдарч байсан. Амьдралын төлөө явж байна гээд даралт ихсэлттэй, зүрхний өөрчлөлттэй хүмүүс, бага насны хүүхдээ хүртэл аваад оччихсон зэрэг олон асуудлууд тэнд байдаг.
Бид судалгаан дээр суурилаад тэдгээр хүмүүст үйлчилгээ хүргэх хэрэгцээ байгааг тогтоож, төслөө авч чадсан юм. Төслийн хүрээнд явуулын майхан, ГАЗ-69 машин, самбар, сурталчилгааны материал, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслүүд болон тусламж үйлчилгээний багажуудаа авч, бичил уурхай эрхлэгчдийн амьдарч буй газар нүүдлийн хотхоныг байгуулсан юм. Бичил уурхай эрхлэгчид гүн нүх рүү орж ажилладаг учир тэдэнд зөвлөгөө мэдээлэл өгнө гэдэг бас амаргүй. Зарим тохиолдолд нүхний амсар дээр нь сууж байгаад хүндээ мэдээлэл, зөвлөгөө өгч байлаа. Тэднийг татах зорилгоор хөгжим тавьж, цай, хөнгөн ундаар үйлчилж бэлгэвчээ тараах жишээтэй ажилласан.
Шаардлагатай эмч нартаа үзүүлээрэй, даралтаа үзүүлээд ав, гар хөлөө шалбалсан бол боолгуулаарай, жирэмслэхээс хамгаалах бол үнэгүй бэлгэвч байна гэх мэтчихлэнгээр маш сайн мэдээлэл тусламж үзүүлсэн. Тэр үед ажиглагдсан зүйл бол залуучууд тохиолдлын бэлгийн хавьталд орох эрсдэлтэй, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх хэрэгцээ шаардлага байгааг бодитоор гаргаж тавьсан.


Дээрх ажлуудыг бид дандаа сэтгэлээрээ, сайн дураараа хийж ирсэн ажил гэдгийг ойлгох нь зүйтэй. Хэн нэгэн ашиг хонжоо харж, нэр алдар хөөх зорилгоор энэ ажлыг хийх боломжгүй. Гагцхүү хүнд туслья гэсэн жаахан сэтгэл байхад болдог юм. Харин энэ бүхний хариуд мэдээж чи өөрөө өсч, хөгжих боломжтой байдаг. Нийгэмлэг маань бидэнд эргээд хувь хүний хөгжил, багаар ажиллах чадвар, харилцааны ур чадвар, нөхөн үржихүйн нарийн мэдлэг мэдээлэл, сурч хөгжих бүхий л нөхцөл боломжоор хангаж байсан учраас би сайн дурын ажилдаа хайртай, дуртай.
-Аймгийн хувьд яривал хүн амын эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд талаасаа ямар онцлогтой байдаг вэ?
Бидний тогтмол хийж ирсэн явуулын тусламж үйлчилгээ үнэхээр чухал ажил гэдгийг дахин дурьдах нь зүйтэй. Жишээлбэл, манай аймгийн Өмнөговь, Малчин, Тариалан, Тэс, Наранбулаг зэрэг сумдын хөдөөгийн хүн ам малаа дагаад нүүдэллэчихээр 250-300 км газар нүүгээд төвөөсөө маш хол явчихдаг. Энэ үед нь манай нийгэмлэг, аймгийн Эрүүл мэндийн газартай хамтарсан явуулын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Малчдыг хол нүүдэллэх үеэр мал нь төллөнө, нялх хүүхэдтэй, төрөх дөхсөн жирэмсэн эхчүүд байдаг гэх зэрэг асуудал ихтэй. Гэртээ хүртэл төрөх тохиолдлууд гардаг.
Үүнээс гадна төслийн үеэр орон нутагт эх баригч эмч нар, сумын эрүүл мэндийн зөвлөлийн хүмүүстэй хамтраад Өсвөр үеийн клубыг байгуулж байсан нь их чухал яах аргагүй мөн.
Сургууль дээр биологийн танхим ч юм уу, өсвөр үеийнхэн сонирхлоороо нэгдээд сургуулийн эмч, нийгмийн ажилтантайгаа хамтраад клуб байдлаар ажиллаж эхэлсэн. Үе тэнгийн сургагч багш нарыг аймгийн төв дээрээ бэлдээд тэд цаашаа клубээрээ дамжуулаад үе тэнгийнхэндээ сургалт сурталчилгааг хийж эхэлсэн нь өсвөр үеийн хүүхдүүдэд бэлгийн цогц боловсролын мэдлэг олгоод зогсохгүй, ирээдүйд гарах эрсдлүүд, хүсээгүй жирэмслэлт, хүчирхийлэлт, үр хөндөлт зэрэг асуудлаас урьдчилан сэргийлж буй томоохон ажил юм. Манай аймгийн 18 суман дээр сургуулийн сурагчид маш идэвхитэй ажиллаж байгаа. Жилдээ 18 сумаас дор хаяж 1 сурагчийг бэлдэхээр жилдээ 18 үе тэнгийн сургагч багшийг бэлдчихдэг. Зарим жилдээ 36 үе тэнгийн сургагч багш нарыг бэлдэж байсан.
-Ер нь сурагчид үе тэнгийнхэндээ мэдээлэл дамжуулаад, эрсдэлд орсон найзыгаа аварч байсан тохиолдол байдаг уу?
Зөндөө байгаа. Үерхэж байсан хоёр найз нь эрсдэлд ороод өвчин авсан байсан. Манай үе тэнгийн сургагч багшаар бэлтгэгдсэн нэг найз нь хоёр найзыгаа эмчтэй холбож өгөөд, биднээс зөвлөгөө өгүүлж, эмчлүүлж байсан удаатай.
Нийгэмлэгтэй холбоотой үр нөлөөтэй ажлыг тоочоод баршгүй. Миний мэдэхээр 2005, 2006 оны үед Улаангомын коллежид жилдээ дор хаяж 10 охин жирэмсэлдэг, дандаа чих дэлсдэг газар байлаа. Эцэг эхээсээ холдоод өөрийгөө бие даасан том хүн болсон гээд хоорондоо гэр бүл болох тохиолдол ч элбэг. Тиймээс бид коллежийг түшиглээд, сумынхаа эмч, коллежийн нийгмийн ажилтантай нилээн тулж ажилласан. Нийгэмлэгийн сурталчилгааны материал, зөвлөгөө өгөх тусгай өрөөг байгуулж, анги бүрт үе тэнгийн сурагч багш бэлдэж, тасралтгүй сургалт, мэдээлэл сурталчилгаа хийсэн.
Ингээд 2008 он гэхэд тус коллежид жилдээ нэг хоёр л жирэмсэн болсон тохиолдол гарах болсон. Нөгөө Улаангом коллеж чинь болохгүй байна гэдэг чих дэлссэн зүйл сонсогдох нь багассан. Орон тооны эмчгүй, цагийн эмчтэй байсныг өөрчилж орон тооны эмчтэй болгож чадсан шүү. Гэхдээ үйл ажиллагаагаа тасралтгүй чиглүүлэхгүй бол өсвөр үе, сурагчид гэдэг ар араасаа тасралтгүй ургадаг цэцэг шиг шинээр гараад л ирнэ.
-Өсвөр үе, хүүхэд залууст яагаад нөхөн үржихүйн мэдлэг, бэлгийн цогц боловсрол олгох ёстой юм бэ?
Тэгвэл эсрэгээрээ тэдэнд энэ талын боловсрол, мэдлэгийг олгохгүй бол юу болох вэ гэдгийг сайтар бодох хэрэгтэй. Саяхан энэ хавар гэхэд манайд нэг хэрэг гарсан. Аавтайгаа амьдардаг 15 настай охиныг хажуу айлын хөрш нь хүчирхийлж, жирэмсэн болгосон. Аав нь эрэгтэй хүн болоод ч тэр үү, охин хүүхэддээ тавих анхаарал сул байснаас ийм хэрэг гарсан. Охины гэдэс нэлээн томорсоны дараа л ойр хавийнхан нь мэдсэн байгаа юм. Тэгээд тэр хүүхэд яах ч аргагүй хүүхдээ төрүүлсэн.
-Тэр хэргийг яаж шийдсэн бэ. Хүчирхийлэл бол гэмт хэрэг шүү дээ. Орон нутгуудад хүчирхийллээс сэргийлэх хамтарсан баг ажилладаг?
Хамаатны хүн нь эхлээд цагдаад мэдээлсэн байдаг. Мэдээлэл хамтарсан багт шилжээд хүүхдийг хамгаалалтад авсан. Хүсээгүй жирэмслэлт учир жирэмслэлтийг нь таслая гэхээр үр хөндүүлэх хугацаа нь өнгөрчихсөн учир яах ч аргагүй тээж төрүүлсэн. Бусад нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна.
Миний бодлоор өсвөр үеийнхэнд тодорхой зөв мэдлэг, мэдээлэл, зөвлөгөөг өгөхөөс гадна амьдрах ухаан, амьдрах чадвар, өөрийгөө хамгаалах чадварт сургах нь зүйтэй юм болов уу гэж бодогддог. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтын зэрэгцээ өөрийгөө хамгаалах, үгүй хэлж сурах, татгалзах аргад суралцах чиглэлийн хичээлүүдийг оруулах нь зүйтэй. Эрсдэл учрахад хашгирах, үе тэнгийн дарамтанд орохоос сэргийлэх, эв зүйгээ ололцох, өөрийгөө зөв илэрхийлэх зэрэгт багаас нь эхэлж сургах хэрэгцээг одоог хүртэл байсаар байна.
-Сайн дурын ажлын хүрээнд таны өөртөө олж авсан зүйл юу гэж хардаг вэ?
ТББ-д ажилласнаараа маш их бахархдаг. Учир нь төрийн байгууллагад ажиллаад төрийн мөнгөөр тодорхой хэмжээний зүйлсийг сурч болно. Харин иргэний нийгэмд ажилласнаар хүн хөгжих, чадавхижих хамгийн таатай боломжийг олж авдаг. Гагцхүү өөрөө идэвхитэй, сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллаж байж тэрхүү боломжийг амжилт болгож чадна.
Миний хувьд МГБССН-ийн шугамаар Гүйцэтгэх хорооны гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга хийж үзлээ. Энэ болгондоо би өөрөө хөгжиж байгаа юм.
Цаашлаад жендэрийн сургагч багш, аюулгүй үр хөндөлтийн тусламж үйлчилгээ үзүүлэх сургагч багш болсон. Үр хөндөлтийн стандартыг шинэчлэх ажилд санал бодлоо тусгаж явлаа. Нийгэмлэгийн стратегийг боловсруулах, бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад оролцож явлаа. Тайландад олон улсын хуралд оролцсон. Гадны хүмүүстэй харилцаад, сэтгэх цар хүрээ улам тэлсэн. Ухуулга нөлөөлөл, багаар ажиллах чадвар, хяналт, үнэлгээ, тулгамдсан асуудлыг олох зэрэгт би өөрөө маш их чадавхижсан. Мөн нийгэмлэгийн хүндэт гишүүн болсондоо маш их баярладаг. Үнэхээр сайн сайхан үйлсийн төлөө ажиллаад л байвал амьдрал чамайг шагнадаг гэдгийг ойлгосон доо. Бусаддаа хуваалцах хүсэл надад дандаа байдаг.


Мөн миний нэг хамгийн их бахархалтай байдаг зүйл бол Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн түүхийг мэдэлцэх хүний нэг гэдгээр бахархдаг.
Эргээд бодоход хүний нөхөн үржихүйн эрхийг хамгаалах, мэдүүлэхэд хамгийн их хувь нэмрийг нийгэмлэг маань оруулсан гэж боддог. Энэ жил 3 дахь удаагийн олон улсын магадлан итгэмжлэлээ авлаа. Нийгэмлэг маань хөгжлийнхөө явцад өөр өөрийн гэсэн онцлогтой ажлуудыг хийж ирсэн. Байгуулагдсан эхэн үед салбараа өргөтгөж, гишүүдээ нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч байсан бол дунд үеэс салбаруудаа бэхжүүлэх, чадавхижуулахад түлхүү анхаарч ирсэн. Тодорхой хөгжлийн үечлэлтэй явж байна. МГБССН-ийн ерөнхийлөгч асан Д.Ганболд даргын үед дэмжигч, гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд илүү ажилласан. Ч.Сэмжидмаа гүйцэтгэх захирлын үед хөрөнгө нөөц бүрдүүлэх, санхүүжилтээ нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан зэрэг онцлогтой.
Өнгөрсөн 25 жилийн түүхэн хугацаанд хамтран ажилласан бүхий л сайхан хүмүүсийг энд дурдах нь зүйтэй болов уу.
Үүсгэн байгуулагч, хүний гавьяат их эмч, анхны ерөнхийлөгч Ж.Раднаабазар, дэд ерөнхийлөгч, АУ-ны доктор Р.Эрдэнэтунгалаг, анхны гүйцэтгэх захирал, доктор Ч.Сэмжимдаа, С.Дэмбэрэлсүрэн эмч, мэргэжилтнүүд Б.Мөнхцэцэг, Г.Гэрэлмаа, Д.Лхамаа, Ж.Батболд нартай маш их сайхан гар нийлж ажиллаж, их ч зүйлийг тэднээсээ сурсандаа. Ж.Батболд маань зөвхөн жолоочоо хийх биш, түгээгч, тайлагнагч, холбогч, тараагчаа давхар хийнэ. Д.Лхамаа нярав гэхэд хурдан шуурхай ажилдаа сайн. Ч.Сэмжимдаа захирал маань Ази номхон далайн бүсдээ танигдсан нэр хүндтэй, ажлын үр дүнг маш сайн гаргадаг, мундаг удирдагч. Мөн үе үеийн ерөнхийлөгч С.Гансүх, Д.Ганболд гээд мундагчуудаар удирдуулж байсандаа талархаж явдаг шүү. Цаашдаа бас манай нийгэмлэг улам өнгөлөг, өөдрөг байж, өсөн дэвжинэ гэдэгт итгэдэг.
-Бидэнтэй цаг заваа гарган ярилцсан танд баярлалаа.
Маш их баярлалаа.

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search