Д.ГАНТУЯА: САЙН ДУРЫН АЖЛЫГ СЭТГЭЛ ГАРГАЖ ХИЙСНЭЭР ХҮМҮҮСТ АЗ ЖАРГАЛЫГ БЭЛЭГЛЭДЭГ

 In Шинэ мэдээ

Гэр бүлийн сайн сайхны эхлэл нь эрүүл саруул бие бялдартай хайраар дүүрэн, сэтгэл хангалуун амьдралтай нас бие гүйцсэн хосууд байгаасай гэж хүсч байна

БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЧИГЛЭЛЭЭР ТАСРАЛТГҮЙ 25 ЖИЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА, МОНГОЛДОО ХАМГИЙН АНХНЫ НҮБ-Д НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЗӨВЛӨЛДӨХ СТАТУСТАЙ ТББ БОЛОХ МОНГОЛЫН ГЭР БҮЛИЙН САЙН САЙХНЫ НИЙГЭМЛЭГИЙН САЙН ТУРШЛАГА, МОНГОЛ УЛСАД НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД ОРУУЛСАН ХУВЬ НЭМРИЙГ ОЛОНД ТАНИУЛАХ ЗОРИЛГООР “ГЭГЭЭН ҮЙЛСИЙН ЭЗЭД” ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГЫГ ТА БҮХЭНДЭЭ ХҮРГЭЖ БАЙГАА БИЛЭЭ. БИД ЭНЭ УДААД МГБССН-ИЙН ДОРНОД АЙМГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ТӨВИЙН ЗОХИЦУУЛАГЧ АСАН Д.ГАНТУЯАТАЙ ЯРИЛЦЛАА.

Товч намтараас:

  • 1972 онд Баян уул сумын 10 жилийн сургуульд дуу хөгжмийн багш
  • 1977 – 1986 он хүртэл Дорнод аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд Орос хэлний багш,
  • 1987-1998 он Дорнод Политехникийн коллежийн Орос хэлний багш
  • 1999-2011 он Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ахлах мэргэжилтэн
  • 2011-2016 он Дотно төвийн зөвлөх багш, МГБССН-ийн Дорнод аймгийн салбарын зохицуулагч
  • 2017 оноос Дорнод аймаг дахь “Ашид батжин” төрийн бус байгууллагын тэргүүн, Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн Газрын дэргэдэх Хүүхэд, өсвөр үе залуучуудад эрүүл мэндийн зөвлөгөө өгөх “Аз жаргал төв”-ийн Зөвлөх багш.

    -Таны хувьд МГБССН-ийн үйл ажиллагаатай хэрхэн холбогдсон бэ, дурсамжаасаа хуваалцахгүй юу?, яагаад энэ байгууллагад ажиллах болсон бэ?

Миний бие Дорнод аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан үе. Тухайн үед МГБССН-ийн Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн клуб Аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн дэргэд ажиллаж байгаад эмнэлгийн орчинд хүүхдүүд очиж үйлчилгээ авах нь ховор байгааг  манай дарга А.Нансалмаа олж мэдсэн. Ингээд надад хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн клубтай ажиллах саналыг анх тавьж байсан.

Миний хувьд тухайн үед эрүүл мэндийн клуб гэхээр жаахан төсөө хэдий ч хүүхэдтэй ажиллах нь сайхан байсан тул мэргэжлийн хувьд өөр ч сургалт арга зүйг нь аваад явчихвал болмоор санагдсан даа. 2011 оны 3 дугаар сард Аймгийн Улаан загалмайн хороон дарга Б.Ганболд, аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Р.Уранчимэг, манай дарга А.Нансалмаа нар клубыг нүүлгэн хүүхдийн байгууллага дээр авчирсан. Би шинэ ажил хүлээн авч, тэр үед дарга маань тохилог сайхан өрөө гаргаж өгсөн. Ингээд л нийгэмлэгийн нэг гишүүн болж, энэ их айлын тулгын галыг түлэлцэж эхэлсэн дээ.

Гэгээн үйлсийн эзэн байх нь өөрөө ямар ач холбогдолтой юм бэ, Сайн дурын ажил хийх, нийгэмд тустай ажил хийх нь ямар ач холбогдолтой вэ?

 “Гэгээн үйлсийн эзэд” гэдэг нь нийгэмлэгийн хамт олныг нэрлэхийг хүсч байна. Монголын ирээдүй болсон хойчийг залгамжлах хүүхэд залуус, гэр бүлийн  сайн сайхан амьдралын төлөө гэгээлэг үйлсийг бүтээж, ард түмэндээ өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, аз жаргал, ариун нандин хайрыг бэлэглэхээр хүч хөдөлмөрөө зориулсан, олон мянган гэр бүлийн амьдралыг өөдрөг өнгөтэй байлгах гэж дэлхийн эв нэгдлийн дуутай нэгдсэн нь энэ байгууллагын эрхэм нандин, эрхэм сайн чанар гэж ойлгож бахархаж явдаг.

Миний хувьд өөрийгөө гэхээс илүү бусад сайн дурынхныг ярихыг илүүтэй хүсч байна. Дорнод аймагт Нийгэмлэгийн идэвхтэн, сайн дурын ажилтнууд  маш олон бий. Тэд маш сайн идэвхтэй ажилладаг. Түүнээс хамгийн мундаг ажиллаж байсан сайн дурын идэвхтэнээр Дорнод аймгийн Өсвөр үе залуучуудын “Дотно зөвлөгч төв”-ийн ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ нарыг хэлэхийг хүсч байна. Мөн Дорнод аймаг дахь МГБССН-ийн салбарын сайн дурын идэвхтэн гишүүдийг хэлэхийг хүсч байна.

Нэгэн үе тэд нийгмийн хүчийг татаж нийгэмлэгийн түүчээ нь болон манлайлж байлаа. Манай Дотно төвийн сургагч хүүхдүүд сайн дурын ажлыг  өөрсдөө санал санаачлага гаргаж зохион байгуулдаг байлаа. Сайн дурын ажлыг сэтгэл гаргаж хийснээр хүмүүст аз жаргалыг  бэлэглэдэг, амьдрал хайрладаг гэдгийг манай хүүхдүүд мэдэрсэн учраас найз нөхөддөө болон үе тэнгийнхэндээ ямагт туслах чин хүсэл эрмэлзлэлтэй ажилладаг. Жишээ нь: сайн дурын идэвхтэн хүүхдүүд маань манай аймгийн “Шүр” хэмээн нэрлэгддэг худалдааны том зах дээр амьдрал буцалж сайн муу саар бүхэн ч болж байдаг газар.

Чухам тэндээс л бид эхэлж ажилласан. Нэг өвөөг нэг эмээг нэг гэр бүлийг баярлуулснаараа бид өөрсдөө аз жаргалыг амсдаг, бид жаргалтай нэг л хөөртэй сэтгэл тэнүүн болсноо мэдэрдэг гэж ярих дуртай. Олон хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүд, архин далайд живээд унаж гутарч яваа нэгэнд гээд бага боловч дэм өгөх гэж сайхан үгтэй захидал бичнэ, сархад болохгүй шүү гэж анхааруулга, санамжууд тараана. Алив миний дүү гэж ачаа өргөж байгаа хүүд туслана, аарц буцалгаж хүн бүхэнд хүргэхийг хүснэ, айлын эгчид түлээ хөрөөдөж хагалж тусална, өөрсдөө бага гэхгүй өрөөлийн ачаанаас үүрэлцэхийг хүсдэг ийм л хүүхдүүд байдаг юм. Үе тэнгийнхэндээ мэдсэн сурсанаа дамжуулна, зөвлөн туслана, сэтгэлийн дэм өгөх нь хичнээн сайхан ажил билээ дээ.

-Тухайн үед аймаг орон нутагтаа хүрч ажиллаад үр дүн гаргаж байсан ямар ажлууд байсан бэ?

2011-2016 онуудад гэхэд Үе тэнгийн сургагчид бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрсдлээс өөрийгөө хэрхэн хамгаалах, үерхэл, хайр нөхөрлөл гээд л төрөл бүрийн асуудлаар өсвөр үеийнхэндээ сурсан мэдсэнээ тайлбарлаж зөвлөн тусална. Итгэлтэй утасны дуунаар жижүүр сонсч итгэлтэй нь аргагүй асуултанд хариулж сууна.Тулгамдсан асуудлын хариуг авах гэж хүүхэд бүр Дотно төвд хандана. Нөхөн үржихүйн эрүүл мэнд нөгөө л хүүхдүүд гэлцэнэ цэнхэр дэлгэцээр мэдээ хүргэж цээлхэн дуугаар тэд 70584979 гэж шторк урсгана, Галаа багш бусдаас эрхэм, маш чухал хичээл заана, ганц үг гээлгүй бичнэ. Сургалт бүрийд шамдан суралцана цаашдаа найзууддаа үнэн зөвөөр нь өртөөчлөн хүргэнэ. Хүмүүс хүүхдээ сонсч хүслийг нь биелүүлэх учиртайг ойлгоно.

2016 он Аймаг орон нутгийн удирдлагууд хүүхдийнхээ дуу хоолойг сонсч Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө Зөвлөлийн дарга М.Бадамсүрэнгийн санаачлагаар “Хүүхдээ сонсох өдөр”-өөр нэг дороос үйлчилгээ авах бүрэн боломжтой тохилог сайхан байрыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр /50 сая төгрөг/ авч өгсөн юм.

Мөн манай хүүхдүүд нийгэмлэгийн ах эгч нартайгаа хамт 2014 онд Дорнод талын Бөхийн өргөөнөө “ Миний гэр бүл – Миний аз жаргал “ сэдэвт арга хэмжээ зохион байгуулсан нь хүүхэд, насанд хүрэгчид иргэд, олон нийтэд хүрсэн үлгэр жишээ ажлын нэг болж байсан.

Манай төв нийгэмлэгийн шагналт байранд удаа дараа орж тэргүүлж байсан амжилтуудын эхлэл нь сургалтын арга зүйг боловсронгуй болгосноор үйлчилгээний хүртээмж сайжирч, үе тэнгийн сургагчид ур чадвар сайн эзэмшсэнтэй холбоотой байсан гэж боддог.

Таны ажиллаж байсан аймагт нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, бэлгийн эрүүл мэнд, эрхийн асуудлууд ямар түвшинд байсан бэ. Одоо ямар болж өөрчлөгдөж байна.

Дорнод аймаг өсвөр үеийнхэний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Ялангуяа төр иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн зарим чиг үүрийг төрийн бусаар гүйцэтгүүлэх ажлын эхлэл тавигдаж аймгийн Засаг даргын санал санаачлагаар хүүхэд өсвөр үе залуучуудын хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагууд идэвхийг өрнүүлж байна.

Манай “Ашид батжин” төрийн бус байгууллага нь “Аз жаргал” төвийн үйл ажиллагааг гэрээлэн 2019 онд төрийн байгууллагуудтай хамтран хүүхэд өсвөр үеийнхэний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, эхний 9 сарын байдлаар 1500 гаруй хүүхэд өсвөр үеийнхэнд сургалт, сурталчилгаа зөвлөгөө мэдээлэл, эмнэлгийн үзлэг шинжилгээ, үе тэнгийн сургагч хүүхдүүдийг бэлтгэх зорилтот бүлгийнхэнд хүүхэд хамгааллын болон нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлж, нөлөөллийн ажил зохион байгууллаа. Манай төв өсвөр насныханд нэг дороос бүх үйлчилгээг авах боломжтой байдгаараа өмнөх жилүүдээс өөрчлөгдсөн. Бид орон сууцны 3 өрөө байр бүхий сургалтын танхим, зөвлөгөө өгөх өрөө, эмчийн өрөө тус тусдаа байдаг. Хичээлийн сургалтын үзүүлэн, ном, гарын авлага, мэдээлэл сурталчилгааны материалаар хангагдсан. Мөн ТВ хичээл, видео санамж, зөвлөгөөг зурагтаар үзүүлдэг. “ТАНЫ НУУЦ” захидал хүлээн авна. 70584979 утсаар болон ганцаарчилсан зөвлөгөө өгнө. 7 хоног бүр “Охидын шивнээ” уулзалт зохион байгуулна. 7 хоногт 3 удаа эмчийн үзлэгтэй. Үйлчлүүлэгчид орцны хаалгаар эмчийн өрөө рүү шууд ордог. Үйлчлүүлэгч эмчид үзүүлэн зөвлөгөө авахаас гадна  шинжилгээ өгч болно. Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн “Улаан авч тууз” эмнэлэгтэй хамтран ажилладаг.

Ер нь хүүхэд залууст хүрч ажиллаж, тэдэнд ирээдүйн аав ээж болоход нь туслана гэдэг нь хэр их ач холбогдолтой юм бэ.

Хүүхдүүд зөвлөгөө авахдаа дуртай. Манайх нууцалсан хайрцагаар, утасны дуудлагаар, сургалтын дараа асуултыг нууцлалтай авч хариулт өгдөг, Охидын шивнээ булан 7 хоног бүрийн Мягмар гарагт тогтмол явуулахад сард дунджаар 140 орчим охидоос захидал ирдэг. “Аз жаргал төв”-өөр үйлчлүүлдэг хүүхдүүдийн  бүртгэл судалгаанд тулгуурлан нөхцөл байдлын үнэлгээ гаргах, эцэг эхчүүдэд сургалт хийх, зөвөлгөө өгөх, уулзах ажлыг зохион байгуулна. Энэ жил хамгийн олон зөвлөгөө мэдээлэл өгсөн үзүүлэлттэй байлаа. Зарим үед охидууд сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй уйлах тохиолдол гардаг даа. Миний хувьд ээж шиг нь, эгч шиг нь, магадгүй эмээ шиг нь хандахыг зорьж ажилладаг.

Нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн чиглэлээр ажиллахын сайхан нь юундаа байдаг вэ, жишээ нь, хүмүүсийн амьдралтай холбоотой ямар дурсамжтай зүйл байна вэ?

Бид ялангуяа өсвөр үеийнхэний хамгийн эмзэг, нууцлаг хамгийн нандин мэдрэмжээс хуваалцдаг учраас товчхон хэлэхэд хэцүү л дээ. Харин тэдэнтэй илэн далангүй ярилцаж сэтгэлийнх нь гүнд хүрэх, өөрсдөөр нь зөв шийдвэрийг гаргуулах гэж ажилласнаараа үр дүн сайн гарвал тэд ч баяртай, бид ч баярладаг. Мөн буруу ташаа ойлголтыг нь залруулан үнэн зөв болгох, асуудлыг нь олж харж дэмжиж туслах зөв талаас нь ярилцах, мэргэжлийн хүмүүст холбон зуучлах гээд л зөндөө асуудал гардаг л даа. Заримдаа тэдэнд санаа зовж явах үе ч бий.

Гэр бүл төлөвлөлт маш чухал асуудал. Монгол улсын бодлогын нэгдүгээрт бичигдэх асуудал гэж ойлгодог. Гэр бүлээ төвхнүүлэхгүйгээр улс орныг төвхнүүлнэ гэдэг тун төвөгтэй асуудал байх, Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг ардын сайхан үг бий. Саяхан гэр бүлийн асуудлаар зөвлөгөө авсан хүүхдийн асуултанд хариулт өгөх гээд сургууль дээр очиж, ангийн удирдсан багш нийгмийн ажилтантай уулзлаа. Нэг ангид 35-38 орчим хүүхэд суралцдаг гэтэл 2-3 эцэгтэй хүүхэд нилээн хэд гэнэ. Нөгөө хүүхэд маань олон эцэгтэй хүүхдийн нэг болж таарлаа. Хүүхдүүдийн ихэнх нь гэр бүлийн тогтворгүй байдлаас болоод энд тэнд хоног төөрүүлэх нь элбэг. Асуудалд орох нь ч их, сэтгэлийн гутралтай, өөртөө итгэлгүй, хичээл таслахаас эхлээд л зарим нь хүний гар харж өнөө маргаашийг өнгөрөөдөг хойт эцэг эхийн гар хардаг гэнэ. Хөөрхий тэд энэхүү амьдралдаа дасал болчихсон “Амьдрал гэдэг ийм л байдаг гэсэн бодол тээж явдаг болотой ангидаа тэд хүүхдүүд л юм хойно танай нөгөө аав чинь ээж чинь гэж яридаг, эсвэл би аль ааваараа овоглох вэ гээд багшаасаа асуудаг, өрөвдөлтэй нь аргагүй олон эцэгтэй хүүхдүүд. Гэр бүлийн салалт, нийлэлт хүүхдэд ямар хор уршиг тарихыг бодох л асуудал болжээ.

Таны бодлоор гэр бүлийн сайн сайхан юунаас эхлэх вэ?

Бид гэр бүлийн үнэ цэнийг олон ургалч үзлээр хардаг. Жишээ нь уламжлалт зан заншил, ураг төрөл барилдах ёс, хосууд бие биенээ таньж мэдэх, сонгох, хурим найр хийх ёслол үйлдэх, нийгмийн болон хувь хүний зүгээс эхнэр нөхрийн үүрэг хариуцлага гээд маш нарийн асуудлууд гарч ирдэг.  Монголчууд сайн бэрийн шинж гэдэг ч юм уу гэрийн сайн эзэгтэй, гэрийн сайн эзэн гэж яридаг. Энэ бүхэн бидний өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн ёс, зан заншил хэм хэмжээ юм. Гэвч энэ бүхэн айл гэр болж буй хүн бүрт байна уу гэвэл учир дутагдалтай харагддаг.

Орчин үеийн орд харш, шил шилтгээн сайхан хурим найр бололгүй л яахав. Олон сайхан гэр бүлүүд Монголын чимэг айлын өнгө төрх алдрай бяцхан хүүхдийн аав ээж болон алаг хөөрхөн хүүхдүүдтэйгээ аз жаргалын дээдээр амьдарч байна.

Гэтэл 15-16 насандаа оюутан болсон охид хөвгүүдийн тухайд эхнэр нөхөр болж, хүүхэд төрүүлэх тухай ярих нь арай л биш. Манай төвд жирэмсэн болсон оюутан охид ирдэг л дээ. Тэд өөр өөр, зарим нь ажил төрөлтэй хүнтэй суусан байхад, хоёулаа оюутан ч байна, эсвэл хаягдаж гээгдсэн ч байх, ийм өнгө төрх байнаа ? Тэдэндээ зөвлөнө туслана. Эмч болон манайхан бүгд л санаа тавина даа.

Гэр бүлийн сайн сайхны эхлэл нь эрүүл саруул бие бялдартай хайраар дүүрэн, сэтгэл хангалуун амьдралтай нас бие гүйцсэн хосууд байгаасай гэж хүсч байна.

-Өсвөр үеийн охидын жирэмслэлт сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол 4000 явж ирсэн. Энэ тоо яагаад буурахгүй байна вэ?, юу хийх хэрэгтэй вэ? Цаашид юу хийх шаардлагатай вэ?

– Энэ асуудлаар бид ярих биш хийх хэрэгтэй болсон. Өнөөдөр эрүүл мэндийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулга, эрүүл мэндийн багш нарын мэдлэг боловсрол, мэргэшлийн талаар яам, газар бүхий л түвшинд анхаарч тодорхой шийдвэрүүд гарч байна. Энэ бол нэг тал нь нөгөө талаасаа бид амьдрал дээр ямар байгаа нь хаалттай, нуугдмал хэвээрээ байгаад байна уу гэж бодогддог. Манайд хандаж байгаа үйлчлүүлэгчид, эмч, багш, эцэг, эхчүүдээс авсан санал дүгнэлтээс харахад нэгэнт нээлттэй болсон энэ үед өсвөр үе залуучуудад үйлчилгээ үзүүлдэг клубыг олноор нээж ажиллуулах санал гарсан байдаг. Жишээ нь эмийн санд ажилладаг эм зүйч ярихдаа халдварт өвчны эсрэг тариа сурах, эсвэл тариа тариад өгөөч гэх, үр зулбуулах ямар эм уух вэ гээд ихэнх тохиолдолд залуучууд орж ирдэг гэдэг. Аав ээжүүд охид хөвгүүдтэйгээ нээлттэй ярих цаг болсон. Ялануяа хөдөө орон нутагт мэдээллийг хүчтэй тавих, урьдчилан сэргийлэх явуулын үйлчилгээний хугацааг ойртуулах, чанаржуулах хэрэгтэй.

-Одоо манай нийгэмлэг бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх, эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг 600 гаруй сайн дурын гишүүдтэй болжээ. Энэ хүмүүстээ захиж хэлэх зүйл?

– Нийгэмлэгийн гишүүн байна гэдэг нэр төрийн хэрэг. Сайн явах санааных гэдэг. Хүн өөрөө хүсвэл юуг ч бүтээж хийх увидас хүчтэй төдийгүй нийгэмд тустай ажил хөдөлмөрт гар бие оролцох нь хүмүүний үүрэг бөгөөд хариуцлага юм. Бид хүүхэд, өсвөр үе залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхийн тулд энэ цаг үеэс биш эрт цаг үеэс л эхэлсэн байдаг шүү дээ.

Дэлхий нийтийн даяарчлал, техник төхнологийн хурд, хүний хэрэглээ сэтгэхүйн хөгжил энэ бүхэнтэй хөл нийлүүлэн зэрэгцэн буй ертөнц. Эрүүл энхийн төлөөх тэмцлийн үе гэж хэлж томъёолж болох байх. Аюулт өвчин эмгэг биднийг бүрхэх бүрийд бид хүүхэд өсвөр үеийнхэнийг урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг боловсролыг дээшлүүлэх, зөвлөн туслах нь хамгаас чухал бөгөөд улс орны өнцөг бүрт өсвөр үеийнхэний асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед МГБССН-ийн сайн дурын идэвхтэнүүдийн нийгмийн идэвхтэй оролцоо чухал юм.

Та нийгэмлэгийн сүлд дуу болох “Гэгээн үйлсийн эзэд” дууг зохиож байсан түүхтэй. Энэ дурсамжаасаа бидэнтэй хуваалцвал, дуу маань хэрхэн бүтсэн бэ?

Дуу бичих гэж олон өдөр олон шөнө бодсон. Аливаа шүлэг яруу найраг  тэр дундаа зохиож бичнэ гэдэг туйлийн авъяас чадвар ур ухаан шаарддаг гэж боддог. Би хүүхэд байхдаа шүлэг урнаар унших эрдмийг ээжээсээ өвлөж сургууль, аймаг, улс үндэсний хэмжээнд уралдаан тэмцээнд оролцож байлаа. Зохиож байгаагүй юм л даа ном унших дуртай хүүхэд байсан.

Харин хүүхдийн байгууллагын 80 жилийн ойгоор дууны үг бичих үүрэг даалгавар авч бичиж  эхэлсэн. Нийгэмлэгийн дууг бичих үүргийг Ш.Галбадрах багш, Д.Ганболд дарга хоёроосоо анх авсан . Миний хувьд аливаа ажил үйлийг бүтээхэд хүний өөрийх нь чин зориг зүрх сэтгэл байж гэмээнэ түүнийгээ бүрэн  зориулж ухаан санаагаа төвлөрүүлэн бодож тунгааж чадвал сайн бүтээл төрнө гэдэгт итгэдэг.

Ингээд олон өдөр шөнө бодсоны эцэст дууныхаа үгийг бичиж дуусгаад Галаа багш руу явууллаа. Хамт олон юу гэх бол гээд сэтгэл догдолдог юм билээ. Гэтэл тэр дорхноо л ёстой сайхан болсон байна гэхийг сонсоод учиргүй их баярлаж билээ. Тэр дор нь Дорнод аймгийн нутгийн хөгжмийн зохиолч Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн В.Боролдой багш руу яриад л ая бэлэн болсон доо. Ингээд Дорнодын Хөгжимт драмын театрын хоёр дуучин дуулж нийгэмлэгийнхэн Дорнод аймагт ирж дуугаа өлгийдөөд авсан даа.

Нийгэмлэгээс хамгийн их талархаж явдаг зүйл юу вэ?

Дорнодын мянга мянган хүүхэд өсвөр үеийнхний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй тэдний нийгэмд эзлэх идэвхтэй байр суурийг бэхжүүлэх, өөрийгөө болон найз нөхдийнхөө эрүүл мэндийн төлөө санаа тавьж зөв амьдралыг сонгон зөв шийдвэр гаргах чадвартай ирээдүйн эздийг төрүүлэхэд үнэлж баршгүй гавьяа зүтгэл гаргасан ТАНАЙ хамт олонд талархаж байна.

-Монголынхоо ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ? 

Монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудыг гэрэл гэгээтэй өөдрөг сайханаар төсөөлдөг. Миний амьдралын бүхий л цаг хугацааны эргэлт хүүхэд шуугисан их өргөөтэй салшгүй холбоотой. Би хүүхдэд чин сэтгэлээсээ хайртай тэдэнтэй хамт инээлдэж, тэдэнтэй хамт уйлж, дуулж байхдаа өөрийнхөө хамаг аз жаргалыг мэдэрдэг. Дорнодын хүүхдүүд нар шигээ дулаахан, тал шигээ тайван ,  ус шигээ тунгалагхан, уул шигээ түшигтэй байдаг.

Бидэнд цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 

 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search