Солонгосын нийгэмлэгтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн урилгаар Бүгд найрамдах Солонгос улсын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын нийгэмлэгийн зочид төлөөлөгчид Монгол улсад 9 сарын 19-нөөс 9 сарын 23-ны хооронд айлчилж байна.

Өнөөдөр Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг(МГБССН), БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын нийгэмлэгийн(БНСУ-ын ХАЭМНХН) хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Ийнхүү санамж бичгийн хүрээнд Монгол улсын зорилтот бүлгийн хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, алслагдсан орон нутгийн хүн амд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Түүнчлэн хоёр улсын эмч мэргэжилтнүүдийн хооронд харилцан туршлага солилцох, мэдлэг хуваалцах хөтөлбөрийг 2022-2024 оны хооронд хэрэгжүүлж, хамтран судалгаа хийхээр төлөвлөсөн.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд БНСУ-ын ХАЭМНХН-ийн Ерөнхийлөгч, доктор Чан Сун Ким, МГБССН-ийн Ерөнхийлөгч Б.Ганболд, гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг болон бусад зочид төлөөлөгчид оролцов. Тус нийгэмлэгийн хувьд 2007 оноос эхлэн Койка олон улсын байгууллагын санхүүжилтээр Төв, Өмнөговь, Архангай, Дорноговь аймгуудад Өсвөрийн дөрвөн төвийг байгуулж өгсөн юм.