Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг ТББ-ын хөтөлбөрийн менежер, хүний их эмч Ч.Сэлэнгэтэй монгол улс дахь жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн хангалтын өнөөгийн байдал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар ярилцлаа.
-Танайхаас хэрэгжүүлж байгаа “Хамтрагч эмнэлгүүдийг жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслээр хангах төсөл”-ийн онцлог, хэрэгцээ шаардлага нь юу вэ? Энэхүү төсөл нь хэзээнээс эхэлсэн бэ?
Гэр бүл төлөвлөлт нь хүний эрх, нийгмийн хөгжлийн салшгүй нэг хэсэг бөгөөд эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Сүүлийн 20 гаруй жил Монгол улс эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад амжилт гаргасан боловч, жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн чанар, хүртээмж буурч энэ нь охид, бүсгүйчүүд үр хөндүүлэх, бэлгийн замаар дамжих халдварын тоо нэмэгдсээр байгаа харамсалтай үр дүнд хүргэж байгаа нь судалгаагаар нотлогдсоор байна. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай нийгэмлэгийн хувьд энэ асуудалд анхаарал хандуулж, үр дүнтэй олон төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.
- 2016 онд манай нийгэмлэг “Давтан үр хөндөлтийг бууруулах, үр хөндөлтийн дараах гэр бүл төлөвлөлтийн аргын хэрэглээг нэмэгдүүлэх” зорилготой төслийг Нийслэлийн Өргөө амаржих газар болон Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд хамтрагч эмнэлгийг шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ялангуяа 5-7 төрлийн жирэмслэхээс хамгаалах аргуудаар үнэ төлбөргүй хангаж, эмч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, шаардлагатай өрөө тасалгаа тохижуулж өгөх, сайн дурын идэвхтнүүдийг сургах, иргэдэд чиглэсэн олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, мэдээлэл сурталчилгааны материал түгээх зэрэг олон ажлууд санаачлан хийж байсан.
- Энэ төсөл хэрэгжих хугацаанд нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудад жирэмслэхээс хамгаалах аргууд хүрэлцээгүй, зарим эмнэлэгт огт хуваарилагддаггүй тул үр хөндөлтийн дараа давтан үр хөндөлтөөс сэргийлэх зорилгоор жирэмслэхээс хамгаалах аргаар үйлчлүүлэгчдэд үйлчилдэггүйг мэдсэн. Төсөл дууссаны дараа энэ асуудалд илүүтэй анхаарал хандуулж, дараагийн төсөлдөө хүн амд хамгийн их үйлчилгээ үзүүлдэг 2-р шатны эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулахаар сонгосон.
- 2017 онд төсөл хэрэгжүүлэхээр ЭМЯ болон НЭМГ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, үйлчлэх хүрээний хүн ам болон бусад чиглэлээр судалгаа явуулж хамгийн их хүнд үйлчилдэг СХД, БЗД-ийн эрүүл мэндийн төв болон хамгийн олон оюутан, залууст үйлчилдэг СБДЭМТ, НӨАГ болон Дорнод, Орхон аймгийн БОЭТ зэрэг нийт 6 байгууллагын сонгож гэрээ байгуулж төслөө эхлүүлсэн.
- Төслийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтын үеэр анхан шатны буюу өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар энэ төслийг өрхүүд дээр хэрэгжүүлэх талаар олон хүсэлт ирсэн тул 2019 онд нэмж нийслэл, орон нутгийн 10 өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж нийт 17 эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэлсэн.
-Энэ төслийг хэрэгжүүлээд 4 жил болжээ. Ямар үр дүн гарсан бэ? Гол үр дүнг та бүхэн юу гэж харж байна вэ? Зорилтот бүлэгтээ хүрч байгаа юу?
Энэ төсөл улсын эрүүл мэндийн байгууллагуудын гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад туслах, үйлчлүүлэгчдэдээ багадаа орчин үеийн 5 төрлийн жирэмслэхээс хамгаалах аргуудаас өөрт тохирохыг сонгох боломж олгох гол зорилготой. 2017 оноос хойш гэвэл 6 жил гаруй хугацаанд хэрэгжиж байна гэсэн үг.
Төслийн хүрээнд эмнэлгүүдэд ерөндөг, суулгац зэрэг урт хугацааны аргууд, бэлгэвч, жирэмслэхээс хамгаалах дааврын эм, спермицитүүд зэрэг 5-7 төрлийн гэр бүл төлөвлөлтийн аргууд, БЗДХ-ын оношилгооны тест, шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт зэрэг нийт 70,000,000₮-ийн санхүүжилт зарцуулсан. Үүний үр дүнд эмнэлэг бүр үйлчлүүлэгчдээ олон аргуудаас өөрт тохирохыг сонгох боломжтой болсон. Энэ хугацаанд бид давхардсан тоогоор 1 сая гаруй хүнд НҮЭМ-ийн тэр дундаа гэр бүл төлөвлөлтийн аргуудын тусламж үйлчилгээ хүргэж, үүнээс 25% нь 24-с доош насны залуучуудад үйлчилгээ үзүүлжээ.
Мөн орчин үеийн гэр бүл төлөвлөлтийн аргууд-суулгац, ерөндөг авах, тавих арга техник сургах, үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх арга зүйг сайжруулах зэрэг сэдвээр практик сургалтанд 100 гаруй үйлчилгээ үзүүлэгчдийг хамруулан чадавхжуулсан. Ялангуяа орон нутгийн үйлчилгээ үзүүлэгчид суулгац, ерөндөг тавих арга техник. Жил бүр 5000-6000 гаруй иргэдэд НҮЭМ-ийн мэдлэг олгох үйл ажиллагаа зохион байгуулах, сайн дурын идэвхтэн бэлтгэх, чадавхжуулах зэрэг үр дүнтэй ажлууд хийж ирсэн.
Манай төсөл гол зорилтот бүлгүүддээ хүрсэн гэж үзэж болох ч нөгөө талаар дутагдалтай тал ч байна. Учир нь зарим тохиолдолд эрүүл мэндийн байгууллагууд зөвхөн орлого багатай, эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүй үйлчилнэ гээд бусад үйлчлүүлэгчдэд санал болгохгүй байх, дараагийн жилийн үйл ажиллагаанд хадгалах зорилгоор үйлчилгээ үзүүлэхгүй байх зэрэг асуудлууд их тохиолдож байсан.
Гэхдээ төслийн хувьд тавьсан зорилгодоо хангалттай хүрсэн гэж дүгнэж байгаа тул энэ төслөө цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ үйл ажиллагааны чиглэл болон хамрах хүрээгээ өөрчилж, шинэ санал санаачилгыг дэмжих төслийн уралдаан хэлбэрээр улс, хувь ялгалгүй хэрэгжүүлэхээр зарласан.
–Ямар эмнэлгүүдтэй хамтарч байгаа вэ? Эдгээр эмнэлгийг хэрхэн сонгодог вэ?
2017 онд анх улсын эрүүл мэндийн 5 байгууллагад хэрэгжүүлэхээр ЭМЯ, НЭМГ-тай хэлэлцэж дараах байгууллагуудыг сонгосон. Үүнд:
- Орхон аймгийн БОЭТ
- Дорнод аймгийн БОЭТ
- Сонгинохайрхан дүүргийн ЭМТ
- Баянзүрх дүүргийн ЭМТ
- Сүхбаатар дүүргийн ЭМТ
Эдгээр таван байгууллагыг НҮБХАС-ийн 2016 онд хийсэн “Монгол улс дахь гэр бүл төлөвлөлтийн талаарх сэдэвчилсэн судалгаа” болон “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний дөрөвдэх хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний тайланг үндэслэн сонгосон.
Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн тал орчим хувь нь давтан үр хөндүүлжээ. Гэтэл үр хөндөлтийн нэгжид үр хөндөлтийн өмнөх, дараах гэр бүл төлөвлөлтийн чанартай зөвлөгөө өгөхөд шаардлагатай, сурталчилгааны материал дутмаг, үйлчилгээ үзүүлэгч нар зөвлөгөө өгөх сургалтанд бүрэн хамрагдаагүй, жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгсэл байхгүй байгаа тул үр хөндөлтийн дараах ГБТ-ийн үйлчилгээг эрс сайжруулах шаардлагатай гэсэн байна[1].
Жирэмжлслэхээс сэргийлэх эм хэрэгслийн тасалдал 2013 оноос ялангуяа нийслэлд байнга гарах болсоныг 2014 оны судалгаанд хамрагдсан хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудын 89,8%-д нь, нийслэлд 100%-д нь сүүлийн 6 сарын хугацаанд аль нэг арга тасарсан байна[2]. Түүнчлэн гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ хот суурин газарт хөдөө орон нутгаас нэлээд их байгаа бол насны бүлгийн хувьд 15-19 насны өсвөр үеийнхний дунд тогтмол өндөр үзүүлэлттэй байна.
Анх тус төслийг орон нутгийн 5 БОЭТ-д хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан боловч дараах судалгааны дүнд үндэслэн хотын дүүргийн ЭМТ-ийг хамруулахаар шийдвэрлэсэн.
ӨЭМТ-ийн хувьд 2019 онд төсөл хэрэгжүүлэх газар сонгон шалгаруулахаар зарлаж, санал ирүүлсэн байгууллагуудаас үйлчлэх хүрээний хүн амын тоо, нөхөн үржихүйн насны болон залуучууд болон үйлчилдэг эмзэг бүлгийн хүмүүсийн тоо, НҮЭМ-ийн үйлчилгээний төрөл болон нийт үйлчилгээний хэдэн хувийг эзэлж байгаа зэрэг олон шалгуураар нийт 10 ӨЭМТ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Нийслэлээс 5 ӨЭМТ, Дархан, Дорнод, Орхон, Өвөрхангай, Өмнөговь зэрэг орон нутгаас 5 ӨЭМТ-тэй хамтран ажилласан.
-Төслийн санхүүжилтийг хэрхэн шийдэж байна вэ? Цаашид хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
2017 онд анх донор байгууллагаас зарласан шалгаруулалтанд манай нийгэмлэгийн төслийн санал тэнцэж, 5 эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн. 2018 онд төслийн үнэлгээгээр үр дүнтэй төсөл байсан тул дараагийн шатны сонгон шалгаруулалтанд тэнцэж, дахин санхүүжилт авч 2019 оноос 10 ӨЭМТ нэмэгдсэн. Төсөл бүрэн хэрэгжиж дууссаны дараа цаашид төслийн тогтвортой байдлыг хангах зорилгоор эмнэлгийн үйлчилгээний орлогоос төслөө санхүүжүүлж, 2022 он хүртэл хэрэгжүүлсэн. 2022 онд төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх чиглэлийг өөрчлөх, бичил төсөл зарлах хэлбэрээр хийхээр шийдсэн. Хэрэв үр дүнтэй байвал энэ төсөл цаашид ч хэрэгжсээр явах болно.
-Дан ганц ТББ бус, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал нь төр засгийн анхаарах ёстой асуудал. Танай байгууллага энэ чиглэлээр өөр ямар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг вэ?
Эрүүл мэндийн салбарын аль ч чиглэлээр төр засгийн бодлого ихэнхдээ хэвтэн эмчлүүлэх зардалд илүү санхүүжилт өгч, илүү анхаарал тавьдаг. Гэтэл өвчнийг эрт илрүүлэн, урьдчилан сэргийлэх нь тухайн улс орны хувьд ч, хувь хүн, гэр бүлийн хувьд ч санхүүгийн хэмнэлттэй, эдийн засгийн ач холбогдолтой байдаг. Иймээс бид төрийн үйлчилгээнд орхигддог, санхүүжилт бага хуваарилагддаг нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг зорилтот бүлгүүдэд илүү хүргэх зорилготой төслүүд хэрэгжүүлдэг.
Жишээ нь алслагдсан нутгийн хүн ам, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хэвтрийн хүмүүс, малчид оторчид, ЕБС-ын сурагч, оютан залуус гэх мэт эрүүл мэндийн үйлчилгээнд тэр бүр хамрагдаад байдаггүй бүлгүүдэд олон төрлийн тусламж үйлчилгээ нэг дор үзүүлэх зорилготой явуулын тусламж үйлчилгээний төслийг салбаруудаар дамжуулан тухайн орон нутгийн төрийн байгууллага, бүх шатны эмнэлгүүдтэй хамтран 20,000-45,000 гаруй хүнд 20-25 төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхэд жил бүр 20-30 сая төгрөгийн санхүүжилт зарцуулдаг. 2023 онд бид Дархан, Орхон, Өвөрхангай, Төв, Говь-Алтай болон Булган аймгийн Сайхан сумын багууд зэрэг 6 газарт үнэ төлбөргүй эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээний төсөл хэрэгжүүлсэн. Төслийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хэвтрийн хүмүүс, малчид, оторчид, оюутан залуучууд зэрэг нийт 14700 хүнд БЗДХ оношилгоо, шүд, ЭХО оношилгоо, умайн хүзүүний эсийн шинжилгээ, зүрх судас, хоол боловсруулах, хүүхдийн үзлэг гэх мэт 26 төрлийн 23760 эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн. Нийт үйлчилгээ авсан хүмүүсийн 70% нь эмэгтэй, 30% нь эрэгтэй, 32% нь 24-с доош насны залуучууд, 1% нь 0-10 насны хүүхдүүд байсан. Төслийн үеэр 1131 хүнд 5 төрлийн гэр бүл төлөвлөлтийн аргуудаар үйлчилж, 8204 хүнд 7 төрлийн БЗДХ-ын шинжилгээ хийснээс 47% нь 24-с доош насны залуучууд бөгөөд нийт 75 шинэ тохиолдол илрүүлэн, дараагийн шатлалд шилжүүлсэн.
Мөн ганц тусламж үйлчилгээ гэлтгүй нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөв мэдлэг олгох зорилгоор цэцэрлэгийн хүүхдүүд, ЕБС сурагчид болон үйлчилгээ үзүүлэгчдэд шаардлагатай сэдвүүдээр сургалт зохион байгуулах, янз бүрийн компанит ажил, үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хийсээр ирсэн.
-Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн хангалт сайн байх нь эргээд залуу гэр бүл, хүмүүсийн амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ, ач холбогдол юунд оршиж байна?
Эхлээд хүн бүрийн сэтгэл эмзэглүүлсэн, анхаарвал зохих нөхөн үржихйн эрүүл мэндийн маш олон статистик дурдаж болно. Жишээ нь 2022 онд БЗДХ шинжилгээнд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн1,4%-д нь тэмбүү, 0,2%-д нь заг хүйтэн, 1,2%-д нь трихомониаз өвчин илэрсэн бол нийт төрөлтийн 3,7%-ийг 20 хүртэлх насны эмэгтэйчүүд, 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн 100,000 амьд төрөлтөнд ногдох эхийн эндэгдлийн түвшин 41,6 буюу маш өндөр гэсэн харамсалтай тоо баримтууд байсаар байна.
Үр хөндөлт бол хүсээгүй жирэмслэлтийг таслах эрүүл мэндийн нэг үйлчилгээ. Хөгжиж буй орнуудын хүсээгүй жирэмслэлтийн 84%-ийг орчин үеийн жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн хангагдаагүй хэрэгцээтэй эмэгтэйчүүд эзэлдэг. Тухайн улсын үр хөндөлтийн хэмжээ гэр бүл төлөвлөлтийн хөтөлбөр хэр үр дүнтэй байгааг харуулах нэг чухал үзүүлэлт болдог. Гэтэл 2022 онд үр хөндөлт өмнөх оноос 8,5%-иар, 1000 амьд төрөлт тутамд 31,1 тохиолдлоор өссөн нь манай улсын ГБТ тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгааг тодруулж байна. Энэ дундаа үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн 20-с доош насныхан 4,8%, ид нөхөн үржихүйн 20-34 насны залуу эмэгтэйчүүд 64% буюу маш өндөр байгаа нь үнэхээр харамсалтай.
2022 онд БЗДХ-ын нийт 10,718 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 10,000 хүн амд 3,6-р өссөн бол тэмбүү 1,1, заг хүйтэн 2,3, трихомониаз 0,2-р өсөж, ХДХВ, ДОХ тохиолдол 19-р нэмэгдсэн байна.
Хэрэв жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслүүд хангалттай, гэр бүл төлөвлөлтийн аргын тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайн байсан бол дээр дурдагдсан бүх тоо баримт багассан, буурсан гэж дурдагдах байсан. Олон охид эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэхээс, БЗДХ авахаас хамгаалагдах боломжтой байж, гэр бүлийн салалт, үл ойлголцол, цаашдын хүндрэлээс сэргийлэх хамгийн чухал бөгөөд хамгийн бага зардлаар их үр нөлөөтэй тусламж үйлчилгээний нэг юм.
-Харин улс орны хувьд ямар ач холбогдолтой гэж та боддог вэ? Бусад улс оронд ЖСАХ хангалт хэдэн хувьтай байж сайн үзүүлэлтэд тооцогддог вэ?
Үргүйдэл нь сүүлийн үед нэмэгдэж, 6 хос тутмын нэгд тохиолддог түгээмэл өвчин болсон. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хувь хүмүүсийн онцлогоос шалтгаалан үр хөндөлт хийлгэх, БЗДХ өвчний улмаас анхдагч болон хоёрдогч үргүйдэл үүсэх шалтгаан болох нь маш өндөр. Гэтэл Монгол Улс хүн амын өсөлтийг дэмжих бодлого баримталж, төрөлтийг бүх талаар дэмжих үндэсний хөтөлбөр, стратегиудыг төрөл бүрээр хэрэгжүүлдэг. Ялангуяа эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төрөлт хоорондын зайг зөв төлөвлөх, эрүүл эхээс эрүүл хүүхэд төрүүлэх, хүүхэд бүр хүссэн байх зэрэг бодлого, хөтөлбөрийн олон ажлын үр дүн нь ГБТ аргуудын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжээс шууд хамааралтай.
Гэр бүл төлөвлөлтийн аргуудын хангагдаагүй хэрэгцээ 100% байх хэрэгтэй л гэсэн үг. Өөрөөр хэлбэл цаашид жирэмслэхийг хүсэхгүй эсвэл жирэмслэлтээ хойшлуулах хүсэлтэй байгаа ч ямар нэг жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэхгүй байгаа эмэгтэйчүүдийн хувь аль болох бага байх ёстой. Харин манайд энэ хувь 51,2%-тай байгаа нь үлдсэн 49% нь хүсээгүй жирэмсэлж, үр хөндөлт хийлгэх боломжтой л гэсэн үг.
- Дэлхий дахинд нөхөн үржихүйн насны 966 сая эмэгтэй жирэмслэлтээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэж байна.
- Нөхөн үржихүйн насны (15-49 насны) 1.9 тэрбум эмэгтэйн 874 сая нь жирэмслэлтээс хамгаалах орчин үеийн, 92 сая нь уламжлалт жирэмслэлтээс хамгаалах аргыг хэрэглэж байна. Орчин үеийн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэгчдийн тоо 1990 оноос хойш дэлхий даяар бараг хоёр дахин нэмэгдсэн (467 сая).
- Жирэмслэлтийг хойшлуулах эсвэл жирэмслэлтээс хамгаалах хүсэлтэй ч жирэмслэлтээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэдэггүй, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээтэй 164 сая эмэгтэй байна.
Ер нь НҮЭМ-ийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд үйлчлүүлэгчдээ хамгийн багадаа 5 төрлийн ГБТ аргууд санал болгож, сонголт хийх боломжтой байх ёстой гэж үздэг. Гэтэл манай эмнэлгүүд жирэмслэхээс хамгаалах дааврын эм болон бэлгэвч, цөөн тооны ерөндөгөөс өөр санал болгох арга байхгүй байгаа нь харамсалтай. Ийм болохоор манай төсөл жирэмслэхээс хамгаалах орчин үеийн олон төрлийн аргуудаар хангах, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх чадвар олгох практик сургалт зэрэг хэрэгцээнд суурилсан гол үйл ажиллагаа хэрэгжүүлдэг давуу талтай.
–Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслүүд хувийн эмнэлэгт нэлээдгүй төлбөртэй байдаг. Улсын эмнэлгүүдийн хувьд ЭМД-д энэ үйлчилгээ орсон байдаг уу? Хэдэн хувийг эзэлдэг вэ?
Жирэмслэхээс хамгаалах аргуудаас эрүүл мэндийн даатгалд цөөхөн арга багтдаг. Дааврын эм болон ерөндөг гээд л өөр арга хамрагдаагүй. Гэтэл ерөндөг гэхэд л хэрэглэх хүнээс шалтгаалан өөр өөр, орц найрлага нь хүртэл өөр, дааврын эм хүртэл хавсарсан болон дан, орц найрлага гээд маш олон төрөл байдаг. Одоо үйлчлүүлэгчдийн ГБТ аргуудын талаарх мэдлэг харьцангуй сайжирч, шаардлага өндөрссөн, үнэтэй ч байсан ихэнх үйлчлүүлэгч орчин үеийн урт хугацааны аргуудыг сонгодог болсон. Гэтэл энэ үйлчилгээ хувийн эмнэлэгт өндөр төлбөртэй болохоор зарим бүлгийн охид, эмэгтэйчүүд үйлчилгээ авч чадахгүй байх тохиолдол их. Тийм болохоор эдгээр өндөр үнэтэй, илүү хэрэгцээтэй суулгац, ерөндөг, жирэмслэхээс хамгаалах дааврын эм зэрэг аргуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулбал үйлчилгээ илүү хүртээмжтэй байх болно.
-Улсын төсвөөс жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн хангалтанд хэдий хэмжээний мөнгийг эмнэлгүүд, өрхүүдэд төсөвлөдөг юм бол? Энэ хангалттай хүрэлцдэг үү?
Энэ санхүүжилтийн талаарх мэдээлэл маш ховор. Монгол улсын ЖСЭХ-ийн ханган нийлүүлэлтэнд НҮБХАС чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд 2008 оноос “НҮЭМ-ийн эм хэрэгслийн тасалдалгүй хангамж”-ийн төсөл хэрэгжиж эхэлсэн боловч 2014 оноос ЖСАХ-д зориулсан санхүүжилтээ зогсоосон ба Монгол улсын Засгийн газраас үнэгүй хангаж эхэлсэн. ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобал сангийн дэмжлэгтэй ХДХВ-ын халдвараас сэргийлэх төслийн хүрээнд бэлгэвч ханган нийлүүлэгддэг бөгөөд 2015 оны байдлаар нийт 18,5 сая ам долларын санхүүжилт олгожээ. НҮЭМ-ийн холбогдох хууль тогтоомж, бодлого мөн МХЗ-ыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас НҮЭМ үндэсний дөрвөн хөтөлбөрийг 1997-2016 онд 5 жилийн хугацаатайгаар тасралтгүй хэрэгжүүлж ирсэн байна.
- Үндэсний нэг, хоёрдугаар хөтөлбөрт /1997-2006/ НҮЭМ-ийн тусламж үйлчилгээ түүний ГБТ-ийг бодлогын түвшинд анхаарч, ЖСЭХ-ээр хангах, хүн амд таниулах, үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхийг бэхжүүлэх талаар цогц арга хэмжээг хэрэгжүүлжээ.
- 2007-2011 онд хэрэгжсэн үндэсний 3-дахь хөтөлбөрт эх нярайн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, өсвөр үеийнхэнд ээлтэй НҮЭМ-ийн үйлчилгээ, сургуулиар дамжуулан бэлгийн боловсрол олгох, ЖСЭХ-ийн нийгмийн маркетингийн хөтөлбөрийг өргөжүүлэх, эхийн эндэгдэл өндөртэй баруун бүсэд зорилтот цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч иржээ.
- 2012-2016 НҮЭМ-ийн үндэсний IV хөтөлбөрт эх нярайн чанартай тусламж үзүүлэх чадавхийг эн тэргүүнд хүн ам төвлөрсөн нийслэл, аймгийн төвийн түвшинд бэхжүүлэхэд төвлөрсөн.
- 2017-2021 Эх хүүхэд, НҮЭМ үндэсний хөтөлбөр
2009 оноос хойш “НҮЭМ-ийн эм хэрэгслийн аюулгүй байдал, тогтвортой хангамжийн үндэсний стратеги”-ийг Засгийн газраас батлан хэрэгжүүлснээр Монгол улсын засгийн газар ЖСЭХ-ийн зардлыг тодорхой хэмжээгээр санхүүжүүлж эхэлсэн бөгөөд 2015 он хүртэл ГБТ-ийн эм, хэрэгслийн төгрөгөөр илэрхийлэгдсэн төсөв тасралтгүй өсч 210 сая төгрөгт хүрсэн боловч хүн амын хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцэхгүй юм.
ЖСЭХ-ийн улсын төсөв нь ЗГ-ын эрүүл мэндийн нийт зардлын дөнгөж 0,02%-0,05%-ийг эзэлж байна. Эрүүл мэндийн төсвийн зардлын дийлэнх хувийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд зарцуулдаг ба эм хэрэгслийн зардал ЭМ-ийн нийт зардалд хамгийн өндөр хувийг эзэлдэг боловч ЖСЭХ-ийн зардал бага байна. ЭМСЯ-аас үнэгүй ЖСЭХ-ийг зөвхөн эмзэг бүлгийн хүн амд улсын ЭМБ-р дамжуулан түгээх бодлого баримталж[3], 2016 он гэхэд ГБТ-ийн эм, хэрэгсэлтэй холбоотой зардлыг бүрэн даах зорилготой ажиллаж эхэлсэн[4]
Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд тодорхой амжилтууд гарсан хэдий ч НҮЭМ-ийн эм хэрэгсэл, түүний дотор ЖСЭХ-д зарцуулах улсын төсөв 2015-2016 онд 150 сая болж буурчээ. Үүний гол шалтгааныг ЭМСЯ сүүлийн 2 жилд төсөвт хүндрэл үүссэнтэй холбон тайлбарлаж байв.
ГБТ-ийн эм, хэрэгслийн зардлыг санхүүжүүлэх ЗГ-ын бас нэг эх үүсвэр нь Эрүүл мэндийн даатгалын сан юм. ЭМДС-г анх 1994 онд байгуулсан ба нийт хүн амын 90 гаруй хувийг ЭМД-д хамруулдаг. ЭМДС-аас зардлыг нь даах тусламж үйлчилгээний багц шатлал бүрээр ялгаатай байна. Тухайлбал, ЭМАШТ-ийн түвшинд амбулаториор олгох зарим эмийн зардлыг ЭМДС-аас, хэвтүүлэн эмчлэх эмийн зардлыг төсвөөс даадаг. Харин хоёрдогч болон гуравдагч шатлалд ЭМДС-аас зөвхөн хэвтүүлэн эмчлэх эмийн зардлыг дааж, амбулаториор олгох эмийн зардлыг ЭМДС, улсын төсвийн аль алинаас нь ч санхүүжүүлдэггүй байна.
ГБТ-ийн үйлчилгээний зардлын санхүүжилт үүнтэй төстэй бөгөөд Монгол улсын зайлшгүй эмийн жагсаалтанд эм, тариа, ерөндөг зэргийг албан ёсоор оруулсан[5] бөгөөд хэрэв үйлчүүлэгч эмийн сангаас ЖСАХ авбал төлбөртэй авна. Үүнээс улбаалан 2013 оноос хойш ЖСАХ-ийн зарим нэг дааврын эмийг зайлшгүй эмийн жагсаалтанд оруулан ЭМД-аас төлбөрийг 57-83% хөнгөлөхөөр заасан[6] боловч хөнгөлөлттэй олгох эмийн тоо мөн хязгаартай байна. Бусад жирэмслэхээс сэргийлэх тариа, ерөндөг, суулгац хөнгөлөлтөнд хамрагддаггүй. ЭМДС-ийн хөрөнгийг зөвхөн эрүүл мэндэд зарцуулах ёстой ба ЭМДС-ийн зардал нь ЭМТҮ-ий орцоос илүү гарцад төвлөрч байгаа тул ГБТ-ийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангахын тулд ГБТ-ийг ЭМДС-д хамруулж, өргөжүүлэх талаар ухуулга нөлөөллийн ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байна[7]
Хамгийн сүүлийн санхүүгийн мэдээ гэвэл 2019 онд Монгол улсын ЗГ ГБТ тусламж үйлчилгээний санхүүжилтийг 1,8 тэрбум төгрөг хүртэл өсгөсөн бөгөөд сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилсан бөгөөд ЭМБ-д хуваарилагдсан санхүүжилтээр тендер зарлаж, худалдан авалтаа хийдэг болсон.
-Багассан шалтгаан нь юутай холбоотой вэ?
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн хуваарилалтын талаарх мэдээлэл байдаггүй, Урьдчилан сэргийлэлт, хэвтэн эмчлүүлэх болон бусад үйлчилгээнд хэдэн хувьтай яаж санхүүжүүлдэг талаар мэдээллийг төрөөс нээлттэй авдаг бол сайхан л байна.
[1] “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний дөрөвдөх хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний тайлан, 2016
[2] Монгол улс дахь жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн эм хэрэгсэл, эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийн судалгаа, 2015
[3] ГБТ-ийн тусламж үйлчилгээний удирдамж, ЭМС-ын 2012 оны 63 дугаар тушаал
[4] Монгол улс дахь ГБТ тусламж үйлчилгээний нөхцөл байдлын дүн шинжилгээ, 20-р хуудас, 2016
[5] Үндэсний зайлшгүй эмийн жагсаалт, ЭМЯ, 6-р хувилбар, 2011
[6] НД-ын үндэсний хорооны тогтоол, 28, 2013.07.31
[7] Монгол улс дахь ГБТ тусламж үйлчилгээний нөхцөл байдлын дүн шинжилгээ, 21-р хуудас, 2016