Эрүүл мэндийн сэтгүүлчид нийгэмлэгт зочлов

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг хамтран “Эрүүл мэндийн сэтгүүлчдийн ТУР аялал”-№5-ийг өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү аяллаар өсвөр насныхны нөхөн үржихүйн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, нийгэмлэгийн үйл ажиллагаа, бэлгийн боловсрол олгох төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр эрүүл мэндийн сэтгүүлчдийн бүтээлийг дэмжих зорилгоор МГБССН-ээс тэтгэлэгт хөтөлбөрийг зарласнаа дуулгалаа.

Залуус бэлгийн боловсролын талаарх хичээл нь “сонирхолгүй” гэдэг ч сурах дургүйдээ биш. Тэд богино хугацаанд илүү ихийг сурахыг хүсдэг. Тэд сургалтын шинэлэг, орчин үеийн аргуудыг илүү сонирхож байна. Тиймээс өсвөр насны хүүхэд залуусын эрт жирэмслэлтийн хувийг бууруулах, нөхөн үржихүйн мэдлэгийг нэмэгдүүлэх тал дээр бүх түвшинд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа. Тиймээс бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр сүүлийн 30 жилийн турш ажиллаж буй Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг нь өөрсдийн эрхэм зорилгын хүрээнд Улаанбаатар хотноо “Бэлгийн боловсролын төв”-ийг байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү төв нь өсвөр насны хүүхдүүд, эцэг эхчүүд, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтнуудад зориулсан бөгөөд үзэх, харах, сонсох бодит хэрэглэгдэхүүн үзүүлэнтэй, сонирхолтой арга хэмжээ хөтөлбөртэй, VR төхөөрөмжид суурилсан сургалттай, шинэлэг номын сан, орчин үеийн минимал шийдэлтэй төв гэдгээрээ онцлог юм. Хүн бүхэнд нээлттэй бөгөөд хүүхдийн нас, насны онцлогт тохирсон, эцэг эхчүүдийн хэцүү асуудлыг шийдсэн, мэргэжлийн эмч, сургалтын баг ажиллах болно. Жилдээ 2000-2500 гаруй өсвөр насныхан болон эцэг эхчүүдэд хүрэхээр төлөвлөж байгаа бөгөөд ганцаарчилсан болон хосын зөвлөгөөг өгөх юм. Төвийн нээлтийг 7 сарын 4-нд хийхээр төлөвлөж байна.